sonin.mn
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадуудын зээлээс зургаан саяыг хасахаар хуульчилж өгсөн. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн тэтгэврийн нэмэгдэл орж, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэжээ. 230 мянга гаруй ахмадын 1-6 сая хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн билээ. 
 
 
 
Нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 45375 ахмад, 1-3 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 67872, 3-5 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 71529, 5-10 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 38906, 10-16 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 4927 ахмадын зээл холбогдох зохицуулалтаар багасч байгаа.
 
 
 
Хаан, Төрийн банкны салбаруудаар ороход үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд байлаа. Тэтгэврээ авахаар дугаарлаж суугаа гэдгээ хэлэх нэгэн байхад тэтгэврээ хэзээ чөлөөлөхийг лавлахаар ирсэн нь ч байлаа. Ахмадуудад хоёрдугаар сарынх нь тэтгэврийг бүрэн олгож эхэлжээ. Банкны ажилчид ахмад настнуудад АТМ- ээр үйлчлүүлэхэд нь тусалж байлаа. Тэтгэврийн зээл тэглэж, нэмэгдсэн нь сар шинийн баяр дөхөж буй энэ үед  ахмадуудын хувьд мэдээж сайхан шийдвэр юм. Зарим нь хүүхдүүдтэйгээ, зарим нь ганц нэгээрээ яваа хүмүүс харагдана.
 
Төрийн банк шинэ коронавирусээс сэргийлж,  тэтгэвэр авдаг ахмадууддаа зориулан тэтгэвэр буух эхний өдөр авахгүй байх, тэтгэврийн картаар тэтгэврээ авч байх, цахим банкаар үйлчлүүлэхийг зөвлөж байгаа юм байна. Харин Хаан банк АТМ-ээр үйлчлүүлэх, ажлын эхний өдрүүдэд банканд очерлохгүй байх, санхүүжилт дуусах асуудал байхгүй тул хэд ч хоногийн дараа авч болно гэдгийг ахмадуудад хэлж байлаа.
 
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 онд улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан. Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт хүргэсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байсан. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна” гэдгийг хэлж байсан юм.
 
Г.Равсалмаа: Аштай юу даа, зээлгүй шинэлэх нь
 
Ахмад настан Г.Равсалмаа “Тэтгэврээ зээлж хүргэндээ авч өгөөд хоёр жил тэтгэврийн бараа хараагүй. Зээл маань тэглэгдэж,  тэтгэврийн мөнгөө авлаа. Гоё байна. Зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэвэл над шиг олон настан тэтгэврийн мөнгөө өөрөө аваад баярлах байх. Би таван хүүхэд төрүүлж, 1992 онд 40 гаруйхан насандаа тэтгэвэрт гарсан. Энэ үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.  Аштай юу даа. Цагаан сараар зээл авалгүй, шинэлнэ гэж бодож байгаа” гэлээ.
 
Д.Баатар: Олон мянган ахмадын магнай тэнийлээ    
 
88 настай буурай Д.Баатар “Би 807 мянган төгрөгийн тэт­гэвэр авдаг. 25 мянган төгрөг нэмэгдсэн байна лээ. Тэтгэврийн зээлгүй байсан. Тэтгэвэр буухад банзуудын очер их болчихдог болохоор аль болох төвийн банкуудаар үйлчлүүлдэг. Охин нэг карт захиалж өгөөд, картаараа тэтгэврээ авч байгаарай гэсэн ч ажиллуулж мэдэхгүй юм. Тэтгэврийн зээл тэглэсэн нь олон мянган ахмадын магнайг тэнийлгэсэн сайхан шийдвэр байсан. Би 1992 оноос хойш тэтгэвэр авч байна” гэв.
 
Н.Батжаргал: Нуруунаас бул хар чулуу аваад хаячихсан юм шиг л боллоо
 
Ахмад настан Н.Бат­жаргал “Би 36 сараар тэтгэврийн зээл авч байсан. 2021 онд дуусах ёстой байсан. Таван сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Хоёр хүүхдийнхээ их сургуулийн төлбөрийг төлөх гэж зээл авч байсан. Өрх толгойлсон эмэгтэй хүнд энэ чинь ёстой нуруунаас бул хар чулуу аваад хаячихсан юм шиг л боллоо. Бүрэн тэглэгдээд, 310 мянгыг авдаг байсан, сая дансанд 350 мянга орсон байна лээ. Очер их байдаг болохоор би картаараа тэтгэврээ авчихдаг” гэсэн юм.
 
Б.Энхдуулга: Тэтгэврийн зээлтэй  хүмүүстээ ашигтай зүйл болсон
 
Ахмад настан Б. Энхдуулга “Энэ жил 87 нас хүрч байна. Улсад 47 жил хүүхдийн сувилагчаар ажиллаад 1980 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн өрийг тэглэх гэж байгаа нь зээлтэй хүмүүстээ ашигтай зүйл болж байна. Миний хувьд тэтгэврийн зээл авч байсан удаагүй. Арван нэгэн хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань тусдаа гарч, охин болон хүргэнтэйгээ амьдарч байна. Цагаан сар, баяр ёслол болохоор хүүхдүүд маань хамжаад хэрэгтэй зүйлийг нь бэлдээд өгчихдөг юм. Хүүхдүүд маань тэтгэврийн мөнгөөрөө дуртай амттанаа авч идээд байж бай гэдэг юм. Эдийн засаг хүндрэлтэй үед бусдын зээлийг цайруулна гэдэг нь тохиромжгүй санагдаж байгаа” гэлээ.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү “Өнөөдрийн байдлаар 420 мянган иргэн тэтгэвэр авч байгаа.Засгийн газрын 2020 оны 14 тогтоолоор ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ тогтоол нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Тэтгэврийн доод хэмжээ буюу 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан иргэд 350 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 270 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан иргэд 300 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа 420 мянган иргэн тэтгэврийн нэмэгдлээ авч байгаа. Зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй 21 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр 21 мянган иргэн тодорхой хэмжээний зээлийн үлдэгдэлтэй үлдэж байгаа гэсэн үг” гэсэн юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин