sonin.mn
Энэ удаагийн “Зочин”-ы хойморт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, дэд хурандаа Б.ЭРДЭНЭЧИМЭГИЙГ онцлон урилаа. Тэр бээр Батлан хамгаалах салбарын 2019 оны Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар шалгарсан манлайлагч эрдэмтний нэг юм.
 
Сонины уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?
 
-Тэгье. Би бээр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1993 онд Өмнөговь аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар хотод Гадаад хэлний дээд сургууль /одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль/, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань Баянхонгор нутгийн уугуул, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гурван хүүхэд маань ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байна.
 
Батлан хамгаалах салбартай холбогдсон түүхийг эргэн дурсвал ...
 
-Хувь зохиолоор холбогдсон гэх үү дээ. 1998 оны 2 дугаар сард Батлан хамгаалах яаманд мэргэжилтнээр томилогдлоо. Тухайн үед С.Баасанхүү генерал тус яамны Бодлого төлөвлөлтийн газар /одоогийн Стратегийн бодлого төлөвлөлтийн газар/-ын дарга байсан юм. “Чамаас хэлний болоод хуулийн шалгалт авна” гээд надад “Батлан хамгаалах хууль тогтоомжийн эмхэтгэл I, II” ботийг өгөөд үүнийг сайн судал гэсэн. Тэгээд л уншиж, уншиж /бараг цээжлээд л/ сарын дараа шалгалт өгөөд орсон доо. Аав маань бас цэргийн хүн байсан нь Батлан хамгаалах салбартай холбогдоход нөлөөлсөн байх. Тус яаманд зургаан жил ажиллах хугацаандаа чадварлаг хамт олон, сайн дарга нарын дэмжлэгтэйгээр албан бичгийн найруулга, боловсруулалт, цаг ашиглалт зэрэг их зүйлийг сурсан. Тиймээс С.Баасанхүү генерал, Д.Налжир хурандаа болон газрын хамт олондоо маш их баярлаж явдгаа илэрхийлье. Миний өдий зэрэгтэй яваа маань эдгээр эрхэм хүмүүстэй холбоотой.
 
 
Эрдмийн хамт олныхоо тухайд онцолбол ...
 
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2005 онд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон. Намайг томилогдох үед Батлан хамгаалах судлалын төвийн даргаар өмнө нь яаманд манай газрын орлогч даргаар ажиллаж байсан, доктор, дэд профессор, хурандаа Б.Отгон-Уул дарга маань ажиллаж байлаа. Ихэд баярласныг яана. Мөн яамны МХШҮГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа С.Ноов томилогдож ирэв. Намайг томилогдохоос өмнөхөн Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Жалбажав генерал манай төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад БХИС-ийн захирал болсон байв. Ямар сайндаа л БХЯ-наас ирсэн шалгалтын багийнхан “Өө яамны хэд чинь энд ирээд тусдаа нэг төв байгуулчихсан юм биш үү” гэж наргиа болгож байх вэ дээ. Б.Отгон-Уул даргыг тэтгэвэрт гарсны дараа төвийн даргаар Б.Равжаа багш маань томилогдсон. Багш маань ирээд надад “Чи эрдэм номын газар ажиллаж байгаа хүн эрдмийн зэрэг хамгаалах ёстой. Би чиний эрдмийн ажлыг удирдана” хэмээв. Ингээд л Батлан хамгаалахын их сургууль 2010 онд анх удаа аюулгүй байдлаар докторантурын сургалт эхлүүлэхэд нь элсэж байлаа. 2014 онд БХИС-ийн дэргэдэх докторын зэрэг хамгаалуулах зөвлөл дээр "Аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн батлан хамгаалах бодлогод үзүүлэх нөлөөлөл” сэдвээр аюулгүй байдлын ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан. Диссертацын зөвлөхөөр О.Үржин генерал ажилласан. Энэхүү хоёр оюунлаг хүний буянд эрдэм номын мөр амжилт дүүрэн явна. Одоо би Б.Равжаа багшийнхаа зааж байсан хичээлийг магистрантур, докторантурт суралцагсдад зааж байгаа. Багш маань амьд сэрүүндээ надад хичээлийн конспектоо бүгдийг нь өгөөд намайг дагалдуулан хичээл заадаг байв. Үнэхээр мундаг хүн байсан даа. Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын чиглэлээр судалгаа хийх, судалгааны ажил удирдах, цаашид энэ чиглэлээр гүнзгийрэн хөгжихөд минь О.Үржин генералын маань заавар, зөвлөгөө, дэмжлэг их байдаг. Судалгааны ажил хийх үед гацаанд орох, бухимдах, материал олдохгүй байх зэрэг янз бүрийн асуудал үүснэ. Тэр бүхэнд “Чи чадна, чадах ёстой” хэмээн зоригжуулан урам нэмж, сэтгэл харамгүй зөвлөж байдаг шинжлэх ухааны доктор, профессор О.Үржин генералдаа ихэд талархдаг. Би ер нь их азтай хүн. Батлан хамгаалах салбарын түүчээ болсон шилдэг дарга нартай хамт ажиллаж байснаараа бахархдаг. Манай төвийн даргаар генералууд томилогдох нь түгээмэл. Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Б.Эрдэнэбат, О.Үржин, доктор, профессор, хошууч генерал З.Болдбаатар, доктор, дэд профессор, бригадын генерал Ч.Сосорбарам гээд. Мөн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар, доктор, профессор, хошууч генерал Ч.Улаанхүү, хурандаа Т.Наранхүү, хурандаа Л.Болдбаатар нартай хамтран ажиллаж байсан. Манай төв бол туршлагатай ахмад үе, чадварлаг залуу үеийнхний төлөөллөөс бүрдсэн чадварлаг хамт олон. Бид Батлан хамгаалахын 2016, 2017, 2019 оны Тэргүүний судалгааны төвөөр шалгарч байлаа. Хариуцлагатай ажил хашиж байсан мундаг хүмүүстэй хамт нэг төвд ажиллаж байсандаа үргэлж баярлаж, бахархаж явдаг.
 
 
 
Өөрийнхөө судалгааны ажил, бүтээлийн талаар тодруулна уу?
 
-Судалгааны ажлын тухайд гэвэл нэг сэдэвт бүтээл хоёр, хамтран зохиогчоор нь оролцсон, хянан тохиолдуулсан болон эмхэтгэсэн ном 11 байна. Мөн улсын захиалгатай судалгааны ажил зургаа, салбарын захиалгатай 11 судалгааны ажилд гүйцэтгэгч, зохицуулагчаар, мөн гурван судалгааны ажилд удирдагчаар ажилласан. Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, стратегийн онолын үндэс, өөрийн болон хөрш орнуудын батлан хамгаалах бодлогод холбогдох асуудлыг судалж, судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 20 илтгэл, 38 өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
 
Өнгөрөгч он таны хувьд амжилт, бүтээл, дурсамж дүүрэн байсан гэдэгтэй санал нийлэх үү?
 
-Тэгэлгүй яах вэ. 2019 оны тухайд олон улсын эрдэм шинжилгээний дөрөв, улсын хэмжээний нэг хуралд илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна 13 өгүүлэл бичсэн байна. Улсын захиалгатай хоёр судалгааны ажилд гүйцэтгэгчээр, салбарын захиалгатай хоёр судалгааны ажлын удирдагчаар ажилласан жил байлаа. Мөн аюулгүй байдлын чиглэлээр гурван магистрын ажлын удирдагчаар нь ажиллаж амжилттай хамгаалуулсан.
 
 
 
Тэрчлэн аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд 10 суралцагчийн магистрын зэрэг хамгаалуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн онд Батлан хамгаалах салбарын тэргүүний судлаачаар шалгарлаа.
 
 
 
Доктор, магистрын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар мэргэшиж буй магистрант, докторантын судалгааны түшиц төв нь Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв юм. Тиймээс бид энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Миний хувьд аюулгүй байдлын магистрантур, докторантурт суралцагсдад “Үндэсний аюулгүй байдал”, “Батлан хамгаалах бодлогын үндэс-I”, “Батлан хамгаалах бодлогын үндэс-II” зэрэг мэргэжлийн хичээлүүдийг нь зааж, тэдний судалгааны арга зүйг дээшлүүлэхэд дэм болохыг хичээж явна. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлын ухаанаар найман магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан ба хоёр докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байна.
 
Батлан хамгаалах салбарын судалгааны байгууллагын гишүүнчлэлийн хувьд тодотговол ...
 
-Миний хувьд ҮБХИС-ийн дэргэдэх Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын докторын хөтөлбөрийн хорооны гишүүн, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын профессорын багийн ахлагч, БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг томилгоот үүргийг хүлээдэг.
 
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын чиглэлээр зохион байгуулдаг олон улсын хурлын тухайд онцолж хэлбэл уншигчдад сонирхолтой байх болов уу?
 
-Та ч энэ талаар мэдээлэл сайтай байна шүү. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн 2013 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нь улс орны батлан хамгаалах эрх ашгаас үүдсэн бүх салбарын эрх ашиг, зохицуулалттай уялдаатай өргөн хүрээний асуудал байдаг тул бид 2013 онд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”, 2014 онд “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал”, 2015 онд “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, 2016 онд “Зүүн хойд Азийн дэд бүтцийн хөгжил, стратегийн ач холбогдол”, 2017 онд “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал ба хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”, 2018 онд “Мэдээллийн аюулгүй байдал: Онол практикийн тулгамдсан асуудал”, 2019 онд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал” сэдвийн дор долоон жил дараалан амжилттай зохион байгуулсан. Харин энэ жилийн тухайд, “Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Манай уламжлалт олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын хамтын ажиллагаатай байгууллагуудаас эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцдог.
 
Улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг цөөн үгээр илэрхийлбэл ...
 
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар захирамж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого /2020-2050/-ын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх “Дунд хугацааны төлөвлөгөө /2020-2025/-г боловсруулан, энэ оны 1 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Миний бие “Амар тайван, аюулгүй нийгэм” гэсэн дэд ажлын хэсэгт томилогдон ажилласан ба энэхүү дэд бүлэгт улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар ирэх 30 жилийн үйл ажиллагааны чиглэл ямар байвал зохистой вэ гэдэг дээр ажилласнаараа бахархаж явна.
 
Та эрдэмтэн судлаачийн хувьд Батлан хамгаалах үйл ажиллагааны талаарх ойлголтоо уншигчидтай хуваалцана уу?
 
-1990 оноос хойш уламжлалт бус аюултай холбоотойгоор батлан хамгаалах асуудал их өргөн агуулгаар тодорхойлогдох болсон. Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа бол үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг юм. Тиймээс ч "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт “Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц мөн” гэж батлан хамгаалах үйл ажиллагааг өргөн утгаар нь тодорхойлсон.
Энэхүү тодорхойлолтоос харахад батлан хамгаалах үйл ажиллагаа нь улс, нийгмийн бүхий л хүрээг хамарч байгаа бөгөөд төрийн батлан хамгаалах бодлого нь нэгдмэл удирдлагатай, зохион байгуулалттай арга хэмжээгээр хэрэгжих нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх нь бүх нийтийн үйл хэрэг байна гэсэн үг. Ер нь улс орны үндэсний аюулгүй байдлын системийн хувьд аливаа бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсруулах арга зүй нь нэгдүгээрт, үндсэн суурь нь “Үндсэн хууль”-ийн заалтууд, хоёрдугаарт, Үндсэн хуулийн заалтуудын утга агуулгад тулгуурлан боловсруулагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, гуравдугаарт, Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын утга агуулгатай нийцүүлэн боловсруулагдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”, дөрөвдүгээрт, Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын утга агуулгатай нийцүүлэн боловсруулагдсан “Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлого”, тавдугаарт, дээрх дөрвөн суурь баримт бичгүүдийн агуулгад тулгуурлан бусад бүх салбарын бодлого, хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулагдах зүй тогтолд тулгуурлах учиртай. Энэхүү зүй тогтлын дагуу 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлал, 2015 онд “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдан гарсан. Үүнийг та бид сайтар судлах учиртай.
 
Сүүлийн асуултыг танд үлдээе ...
 
-Судлаач хүн судалгааны ажлын үр дүн, бүтээлээ хараад их баярладаг. Тиймээс би ирэх жилүүдэд судалгааны ажлын чанар, үр өгөөж, тоог нэмэгдүүлэх, бие даасан бүтээлээ хэвлүүлэхээс гадна удирдаж буй магистрант, докторантуудынхаа эрдмийн ажлыг хамгаалуулах талаар идэвх зүтгэлтэй ажиллана хэмээн бодож явдаг. Харин уншигчдадаа хандаж хэлэхэд, “Эрдэм ном байгаа газар үргэлж хүсэл тэмүүлэл, инээд хөөр, эерэг энерги цуглаж байдаг. Иймээс номтой сайн нөхөрлөөрэй. Номтой нөхөрлөсөн хүний ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байдаг юм шүү” гэдгийг л хэлье дээ.
 
 
Ярилцсан хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин