sonin.mn
Нийслэлийн хэмжээнд Цэргийн бүртгэл явагдаж байгаа энэ цаг үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус дүүргийн хувьд 1992 онд байгуулагдсан бөгөөд засаг захиргааны нэгжүүдийн удирдах албан тушаалтан, ажилтнууд нь харьцангуй тогтвор суурьшилтай ажилладгаас гадна төрийн бодлогын залгамж сайтай гэж яригддаг. Энэ талаар тус дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа хэлэхдээ “Манай хороодын дарга нар олон жилийн ажлын туршлагатай. Залуусыг сургаад л авчихдаг. Энэ нь төлөвлөсөн ажлыг чанартай гүйцэтгэхэд том хөшүүрэг болдог юм. Одоогоор Цэргийн бүртгэлийн үе тул тэд хэсгийн ахлагч нарынхаа ажиллах хуваарь, ажил үүргийн биелэлтэд нь хяналт тавих, өөрсдөө ч явцын мэдээ, тайлангаа боловсруулах гээд завгүй байх шиг байна. Жил бүрийн 1 дүгээр сард хийгддэг байсан цэргийн бүртгэл энэ жил хүн ам, орон сууцны улсын тооллогоос шалтгаалан арай хожуу явагдлаа. Иргэдийн бүртгэлийн ирц, идэвх жилээс жилд сайжирч байна. Энэ нь үүргээ тодорхой хэмжээнд ухамсарлаж буйн шинж юм. Бас байнгын мэдээлэлтэй байна. Цэргийн бүртгэлийн ирц 90 гаруй хувьд хүрэх төлөв ажиглагдлаа” гэв. Хурандаа Ж.Даваарагчаа 2017 онд ажлын үзүүлэлтээрээ Нийслэлийн хөдөлмөрийн аварга болж байсан бол Цэргийн штаб нь сүүлийн жилүүдэд ажил үйлсээрээ тогтмол тэргүүлж, мөн онд “Аймаг, нийслэл, дүүргүүдийн цэргийн штабыг үнэлэх журам”-ын дагуу Батлан хамгаалах яамны шалгалтад “Бүрэн хангалттай” шалгагдсан зэрэг баялаг амжилттай хамт олон юм.
 
 
 
Чингэлтэй дүүрэг нь 19 хороотой. Аливаа нэгэн ажлыг зохион байгуулахдаа хороод, хэсгийн ахлагч нарынхаа дунд уралдааныг зарлаж тодорхой хэмжээнд урамшуулж, шагнадаг хэлбэр рүү шилжсэн нь ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд бодитой нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн хороо бүр 18 нас хүрсэн иргэддээ цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь ёслол төгөлдөр гардуулж өгдөг аж. Ингэснээр тухайн иргэнд цэргийн албыг сурталчлахаас гадна үнэ цэн, ач холбогдлыг нь бага ч атугай мэдрүүлдэг гэж цэргийн бүртгэлд хамрагдсан залуус онцолж байлаа.
Монгол Улсын Засгийн газраас “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийнхээ Ерөнхий боловсролын 12 сургуулийн 3000 гаруй сурагчдад яриа таниулга хийж, хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар олон сувгаар мэдээллээ түгээжээ. Төвийн дүүрэг учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй их ойр ажилладаг онцлогтой. Энэ ч утгаараа аливаа нэг үйл ажиллагааны ард хэвлэлийнхэн үргэлж бэлэн. Мөн “Соёмбо” сонин, “Дуулга” студитэй хамтарч ажилладаг. Дээрх хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон Боловсролын хэлтэстэй хамтран “Эх орноо магтан дуулъя” дууны уралдааныг зохион байгуулж эхний 10 байрт шалгарагсдыг шагнаж, урамшуулсан” гэдгийг хурандаа Ж.Даваарагчаа онцлоод ЗДТГ-ын зүгээс Цэргийн штабын ажлыг их ойлгож, дэмждэгээс гадна Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас тухайн жилдээ дэвшүүлсэн зорилго, зорилтуудтайгаа уялдуулан, удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангасаар ирсэн нь амжилттай ажиллах хөшүүрэг болдог гэлээ.
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Хилийн цэргийн ангид гурван жилийн хугацаат цэргийн алба хаасан бол ЗДТГ-ын дарга А.Дамцагдоржийн хувьд ҮБХИС-ийг цэрэг, улс төрийн ажилтнаар төгссөн, анги, байгууллагад олон жил ажилласан туршлагатай. Тэд бэлтгэл хурандаа цолтой. Тиймдээ ч Цэргийн штабынхаа үйл ажиллагааг ойлгож, дэмжих тал дээр хэнийг ч дагуулахааргүй гэдэг нь мэдрэгдсэн.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн залуусыг хяналтад авч байгаа. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах хүрээнд хороодын Засаг дарга нар ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төвүүд, цэрэг татлагын нарийн мэргэжлийн эмч болон Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эмч нарын дунд болзолт уралдааныг зарладаг болсон. Оны эцэст дүгнэн эрүүлжилтийн түвшин, гүйцэтгэлийнх нь тайлантай танилцаад тодорхой хэмжээний шагнал, урамшуулал олгодог. Өнгөрсөн жил эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй учpаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур 300 гаруй цэргийн насны залуучууд бий гэсэн судалгаа гарсан юм. Тэдгээр иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулахын тулд Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 гаруй сая төгрөгийг гаргуулсан. Эрүүл мэндийн даатгуулагч нь сардаа 3200 төгрөг, жилдээ 38400 төгрөг төлдөг. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэснээр тэдгээр залуус эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдсэн гэж болно” гэв.
 
 
Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг, спортын “Дөл” тэмцээнд жилээс жилд ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Энэ талаар ЗДТГ-ын дарга А.Дамцагдоржоос тодруулахад “Манай дүүрэг бусад дүүргээс ялгаатай нь тус тэмцээнд анги хамт олноор нь оролцуулж, салаа болгож бэлддэг. Тодруулбал, анги дүүргэлт, сурагч бүрийн оролцоог чухалчилдаг. Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ахлах ангитай нийт 12 сургууль тус бүрийг нэг салаагаар тооцож 30 ширхэг хуучны цэрэг шар ногоон иж бүрэн хувцас, мөрдэс, малгай, тэмдэг, бүсээр хангалаа. Ингэснээр тулгараад байсан хувцасны жигдрэлтийн асуудлыг шийдэж сургуулийн ачааллыг хөнгөвчилж чадсан, дүүргийнхээ хэмжээнд 360 хүүхэд жигдэрсэн. Мөн тэмцээний үр дүнгээр сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд стандартын бөмбөр, лед дэлгэц зэргийг авч өгснөөр зарим асуудлыг нь шийдвэрлэсэн. Харин сүүлийн жилүүдэд сурагчид руугаа хандаж эхний хоёр байр эзэлсэн анги, хамт олныг анги удирдсан багштайгаа ОХУ, Улаан-Үд хот руу аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг болсон” гэсэн юм.
 
Энд нэг зүйлийг онцлоход, аяллын явцад иргэн-цэргийн харилцаа жинхэнэ утгаараа бүрэлддэг аж. Тухайлбал, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт байрлах цэргийн ангийн үйл ажиллагаатай сурагчдаа танилцуулж, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар яриа таниулга хийж, уулзалт зохион байгуулдгаас гадна Хилийн цэргийн ангиудаар ч зочилдог байна. ОХУ-д очих унаа, байрлах байр гээд ер нь "Дөл" тэмцээний зохион байгуулалт, шагналд 20 гаруй сая төгрөг зарцуулагддаг аж.
 
 
 
Хамгийн гол ач холбогдол нь анги, хамт олны эвсэг уур амьсгал, гар нийлэмжтэй ажиллагаа, бие бялдрын үзүүлэлтүүд, аливаад хандах хандлага, гүйцэтгэх чанарууд дээшилж байдагт оршдог аж. Нийлбэр дүнгээс гадна төрөл тус бүрт байр шалгаруулдаг учраас шагналын сан өндөртэй.
 
 
 
Үүнд сурагчид их урамшиж, намар хичээлийн шинэ жил эхлэхээс л тэмцээндээ бэлддэг нь тухайн тэмцээний чанар чансаа мөн сурагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг илхнээ хэлээд өгнө. Биднийг ийн ярилцаж суух зуур зургаадугаар хорооны Засаг дарга Ч.Болормаа яаран гүйсээр орж ирэв. Өөр хэд хэдэн хүн ч байсхийгээд л хаалга тогшино. Зөвхөн өнөөдөр ч гэлтгүй өдөр бүр ингэж өнгөрдөг гэхэд хилсдэхгүй аж. Цэргийн ангид цэргийн дүрмээр бүх зүйл зохицуулагддаг бол энд арай өөр дүр зураг ажиглагдсан. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гээд янз бүрийн хүмүүс л орж гарцгаана. Тэр бүрт хурандаа Ж.Даваарагчаа мэдээллээр хангаж, асуудал байгаа бол гаргалгааг нь хэлж, хуулийн үүднээс тайлбарлаж өгөөд явуулна. Энэ зан чанар нь түүнийг харилцааны боловсрол, соёлд суралцсан хүн гэдгийг нь батлан харуулж, иргэд ч "баярлалаа" гэдэг үгээр хариу барина лээ. Олон хүнтэй харилцсан, эргэх холбоо үүсгэсэн, талархлын үгс дүүрэн энэхүү цэргийн штабт жинхэнэ иргэн-цэргийн харилцаа бэхэждэг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй байх.
Зургаадугаар хорооны Засаг дарга Ч.Болормаа цэргийн бүртгэлийн талаарх явцын мэдээ өгснийхөө дараа цөөн хором ярилцаад мөн л яарсаар гарч одов. Цаг баримталдаг герман соёл түүний унаган зан ажээ. Тэрээр төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Хорооныхоо иргэдийн нэвтэрхий толь болсон Засаг дарга Ч.Болормаа “Манай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан жинхэнэ мэргэшсэн баг. Энэ нь мэдээж хурандаа Ж.Даваарагчаагийн удирдах арга барил, төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой” гэв. Үнэхээр ч дан ганц түүний хэлсэн үг гэлтгүй бусад хорооны Засаг дарга нар ч дээрхтэй адил утгатай зүйл хэлж байв. Энэ талаар хожим өгүүлэх болно.
 
 
Чингэлтэй дүүргийн Цэргийн штабаас албан тушаалтны болон томилгоот бүрэлдэхүүний сургалтыг штабын дадлага хэлбэрээр тодорхой цагийн байдал үүсгээд дайчилгааны татан нийлүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн хороод хэчнээн хүн, техник гаргах боломжтой гэдгийг судалж, тооцоо, өгөгдөхүүнийг бодуулж, өөрсдөөр нь илтгүүлдэг. Ингээд хороодын Засаг дарга нарынх дууссаны дараагаар ажлын албаны дарга нар, зохион байгуулагч зэрэг гүйцэтгэх албан тушаалтнуудтай нэг ижил хөтөлбөрөөр тус сургалтыг явуулдаг байна. Ингэхдээ хүн нэг бүрийг хээрийн хувцсаар хангасан бөгөөд бусад үед ч хэрэглэхэд тун тохиромжтой аж. Тухайлбал, цэргийн бүртгэл, цэрэг татлага болон бусад тэмдэглэлт өдөр, ойн баяраар та үүнийг харж болно. Нутаг дэвсгэрт нь Зэвсэгт хүчний анги байдаггүй ч Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Улаанбаатар цэргийн хүрээний болон бусад алслагдсан ангитай байнгын хамтын ажиллагаатай байж сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахдаа давхар нийгмийн хариуцлагын хүрээнд ч тодорхой ажлуудыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах, сургуульд оролцсон цэргийн үүрэгтнүүдийг урамшуулах, анги, байгууллагын материаллаг баазад дэмжлэг үзүүлэхээс гадна зарим алба хаагчийн нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан зургаан хүнд гэр олгож, мөнгөн тусламж үзүүлжээ. Мөн Цэргийн штабаас цэргийн баярын өмнө Зэвсэгт хүчинд болон Хилийн цэрэгт хугацаат цэргийн албаа хааж байгаа амьжиргааны түвшин доогуур, эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай зургаан түрүүч, байлдагчийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлсэн зэргээр албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөөр иржээ. Энэ мэтчилэн уламжлал болсон ажил цөөнгүй бий. 2019 онд ажлын биелэлтийн төлөвлөгөөгөө бүрэн хангасан тус хамт олон 2020 онд орон нутгийн хамгаалалтын нэгжийн удирдлагын бүрэлдэхүүний сургалт, штабынхаа хээрийн бэлтгэлийг одоогийн түвшнээс ахиулахад илүүтэй анхаарч байгаа бөгөөд шаардагдах зүйлсийг хэдийнээ бэлдэж эхэлсэн байна.
Тус цэргийн штабын хамт олон даргынхаа өгсөн үүрэг чиглэлийн дагуу дор бүрнээ ажилдаа мэрийж толгой өндийх завгүй сууцгаана. Ийм нэгэн дүр зураг ажиглагдах эгшинд тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Н.Сүхбаатар “Цаг дөхсөн байна. Одоо хороодоор орж цэргийн бүртгэлийн ажлын явцтай танилцана” гээд гарч одов. Дэд хурандаа Н.Сүхбаатар 2012 оноос энэхүү Цэргийн штабт ажиллаж байна. Түүнээс хамааралгүй ажил гэж үгүй. Аливаа ажилд тоо бүртгэлийн офицерын үүрэг, оролцоо өндөр байдаг аж. Тэрээр 1998 онд ЦИС-ийг Ерөнхий цэргийн команд штабын мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш Зэвсэгт хүчний ангиудад алба хааж байгаад 2007 онд БНХАУ-ын Хуурай замын механикжуулсан мотобуудлагын ротын захирагчийн дамжааг, 2010 онд БНТУ-ын Хуурай замын цэргийн офицерын анхан шатны дамжааг тус тус төгсөж мэргэжил, ур чадвараа ахиулжээ. Түүнтэй уулзсанаар цэргийн штабын үйл ажиллагааны талаар зарим хорооны Засаг дарга нарын сэтгэгдлийг сонсох завшаан тохиосон юм. Тэрээр цэргийн бүртгэлийн явцтай танилцах ажлаа нэгдүгээр хорооноос эхлүүллээ.
Тус хорооны Засаг дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Сайнболд “Миний хувьд жил бүрийн цэрэг татлага, цэргийн бүртгэлийн үеэр дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажлын албаа мэргэжил, арга зүйгээр хангаж ажилладаг. Энэ жилийн цэргийн бүртгэлийн хувьд өмнөх жилүүдийнхээс илүү өндөр зохион байгуулалттай явагдаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Мэдээж, цэргийн штабынхангүйгээр энэ ажлын ард гарч чадахгүй. Одоогоор тоо бүртгэлийн мэдээгээ тухайн өдөрт нь явуулж, иргэдийг мэдээллээр хангаж байна. Хороод цэргийн штабтайгаа тухайн жилд хамтран ажиллах гэрээ байгуулаад хэрэгжүүлж байгаа ажилд нь хуулийн дагуу оролцдог. Үүний нэг нь хороодын Засаг дарга нартай явуулдаг цэргийн бэлтгэл үүрэгтний сургалт. Ер нь сургалтуудын ач холбогдол, үр дүнгийн тухайд сэтгэл хангалуун байдаг. Учир нь тухайн орон нутгийг удирдаж байгаа албан тушаалтан бүр зайлшгүй сурч, мэдэх ёстой ур чадвар, мэдлэгийг олж авдгаараа өндөр ач холбогдолтой санагдсан. Мөн бэлтгэл офицеруудыг хувцаснаас гадна аранзаар хангаж өгсөн явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудал анхаарал татах болсон. Энэ чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг даргын ажлын алба хамтраад өвчлөлтэй иргэдийг эмчийн хяналтад байлгах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, хороодын дунд болзолт уралдааныг зарлах гээд Цэргийн штабаас үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлсээр байгаа” гэлээ.
 
 
Дараагийн хороо бол гуравдугаар хороо. Энэхүү хорооны хувьд хүн амын нягтаршил ихтэйгээс гадна олон тооны бэлтгэл, офицер ахлагч байдгийг Засаг дарга С.Туяа онцлоод амжив. Тэрээр “Цэрэг татлага, цэргийн бүртгэл болон бусад Батлан хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийгддэг ажлуудад дүүргийн Цэргийн штабаас өдөр тутам бидэнд заавар, зөвлөгөө өгдөг. Ажлын гүйцэтгэлийн явцад ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй нь Цэргийн штабын барьж буй бодлого, төлөвлөлттэй шууд холбоотой. Цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлийг нь бууруулах аяны хүрээнд иргэдийг үзлэгт хамруулдаг. Шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгтэй нь холбож, дараагийн шатлалын эмнэлэгт хандсан иргэдтэй байнгын эргэх холбоотой ажиллаж байна. Ингэснээр залуусын өвчлөл мэдэгдэхүйц буурсан. Харин өөрсдийнх нь үүрэг, оролцооноос их зүйл шалтгаалдгийг иргэд сүүлийн үед ойлгож, ухаардаг болсон. Энэ нь өнөөдрийн цэргийн бүртгэлийн ирцээс харагдаж байна” гэлээ.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин