sonin.mn
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтэн  С.Батмөнхтэй  ярилцлаа.
 
-Монгол Улс  1:200.000 масштабтай геологийн зураглалыг улсынхаа газар нутагт бүрэн хийсэн гэдэг. Одоо энэ судалгаагаа 1:50.000 масштабтай болгож нарийвчилж байгаа юм байна. Энэ судалгаануудын ялгаа, ач холбогдлыг  тайлбарлана уу?
 
-Манайх 1:200.000-ны масштабын геологийн иж бүрдэл зураглалыг бүрэн хийсэн. Үүнийг региональ судалгаа буюу том хэмжээний газар нутгийг хамарч хийсэн тойм судалгаа гэж  хэлж байгаа юм. Үүнээс доош машстабтай зураглалыг ерөнхий эрлийн судалгаа гэж үздэг. Тухайлбал, 1:50.000 масштабтай гэхээр улам нарийвчлалтай болж тухайн торлолд  юу байна гэдгийг эрж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1:1.000.000 масштабтай зураглал хийхэд 10 км-ээр хураангуйлсан торлолоор тооцдог бол 1:500.000 масштабыг  таван км, 1:200.000 масштабтайг хоёр км-ээр, 1:50.000 масштабтайг 0.5 км буюу хааш хаашаагаа 500 метрээр тооцож торлон судалгааг хийдэг юм. Тэгэхээр энэ зураглалыг  дөрөв дахин багасгаж нарийвчилж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ түвшний судалгааг томд тооцдог. Учир нь яг тэр газарт ямар нэгэн ашигт малтмал байгаа гэдгийг мэдэж, хайж  байгаа  учраас тэр.  2023 он гэхэд 1:50.000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг бүрэн хийх ёстой. Манай хоёр хөрш болон  бусад улсад энэ хэмжээсээр  бүх газар нутгаа бүрхэн  торлож  судалсан. Бүр 1:25.000 масштабтай зураглал руу орсон.  Энэ нь эрлийн шат гэсэн үг. Манай улс цаашид хүн амын сууршлын бүс, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тодорхой бүс нутгуудад 1:25 000 масштабын нарийвчилсан геологийн зураг зохиох ажлыг эхлүүлэх шаардлага бий. Геологийн зураглал дотроо геологи, геофизик, геохимийн судалгааг агуулдаг. Тиймээс геологийн судалгааны ажлын үр дүнг дэд бүтэц, хот төлөвлөлт, газар тариалан, экологи, барилгын салбарынхан ашиглаж болно. 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр хийх судалгааны ажилд мөн 24.6 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн.  Ингэснээр геологийн судалгааны жилийн төсөв нэмэгдэж судалгааны ажил үр дүнтэй хийгдэх хүлээлттэй байна.
 
– Улсын төсвийн хөрөнгөөр өнөөдрийн байдлаар  хэдэн төсөл хэрэгжиж  байна. Үүнээс  хүлээлгэн өгсөн болон хоцролттой яваа төслөөс тодруулахгүй юу?
 
 
 
– Нэг төсөл эхлээд дуусах хүртэл 3-5 жилийн хугацаанд үргэлжилдэг. Одоогоор  2015, 2016 онд эхэлсэн 55 төсөл хэрэгжиж байна. Региональ буюу сэдэвчилсэн 13,  1:50.000 масштабтай 37 нийт 55 төсөл хэрэгжиж байна.  Жил бүр 5-8 төсөл дуусдаг. Өнгөрсөн онд дөрвөн төсөл дууссан. Эдгээр дөрвөн төслийн үр дүнгээр ирээдүйн хөгжил эдийн засгийн төлөвт нөлөөлөх  10 гаруй ашигт малтмалын илэрц, 20 гаруй  нөөц талбайн баялгийг урьдчилсан байдлаар үнэлж гаргасан.
 
 
 
Цаашид хөрөнгө оруулалт хийх талбайг ийм байдлаар бэлтгэж хүлээлгэн өгсөөр байх болно.  37 төслөөс эцсийн үр дүнгийн тайлан хамгаалсан гэрээг дүгнэх шатанд байгаа  дөрөв, тайлантай зургаа, 1-3 жилийн хугацаанд үргэлжлэх 17, шинээр хэрэгжих 10 төсөл байна. Эдгээр нь нийт 133.481.31 км/га талбайг хамраад байна.
 
-1:50.000 масштабын геологийн зураглалыг хийх ажил хэдэн хувьд хүрсэн. Ач холбогдлыг нь хэлэхгүй юу?
 
-Өнөөдрийн байдлаар улсын нийт газар нутгийн 40.7 хувьд 1:50.000 масштабтай геологийн зураглал, эрлийн ажил хийгээд байна. 2023 он гэхэд нийт газар нутгийн 45 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ үе шатны судалгаа хийнэ гэдэг бид хамгийн үр дүнтэй судалгааны ажил руугаа шилжсэн гэдгээр өндөр ач холбогдолтой.  Барилга барихтай зүйрлэвэл  ерөнхий сууриа цутгасан гэсэн үг. Одоо суурь зураглалаа ашиглан ирээдүйн төлөвлөлтөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, юм хайх, олж илрүүлэх  ирээдүйн хөгжил, эдийн засагт нөлөөлөх ашигт малтмалаа олж нээхэд ойртсон. Тиймээс ерөнхий эрэл хийхийн зэрэгцээ тухайн газар юм байхгүй байна гэдгийг тогтооно.
 
– Ерөнхий эрлийн судалгаа болон дээрх хүлээлгэн өгч буй  талбай хэдэн бүс нутгийг хамарч байна вэ?
 
-Төрийн хэтийн бодлого, зорилт, хөгжлийн чиг хандлага,  дэд бүтцийн хөгжлийг харгалзахын зэрэгцээ том  орд нээгдэх боломжтой газар  бүс нутгийг хамруулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн хилийн бүс нутгаа эхний ээлжинд  1:50 000 масштабтай торлолоор бүрхүүлэх гэсэн бодлогод чиглэн  ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл, судлагдсан нөөцтэй талбайгаа цонхлох байдлаар хийж байна.
 
-Бүсчилж цонхлох гэдгээ тайлбарлахгүй юу. Яг ямар аймагт ямар төсөл нь хэрэгжиж байна?
 
-Сонгосон талбайд хийх ажлын торлолын хэмжээ нь хааш хаашаагаа 500.000 м-т  хийгддэг учраас   бага талбайг хамардаг.  Хамгийн багадаа 2000 кв/ км, хамгийн том нь  6000-7000 кв/ км талбайг хамардаг. Өмнөговь аймагт олон ордуудын төвлөрөл бий учраас хамгийн олон төсөл хэрэгжиж байна. Мөн Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Төв аймаг гэх мэтээр төвийн бүсэд төвлөрч төсөл хэрэгжиж байна.
 
-Өнгөрсөн онд хаасан дөрвөн төслөөс илэрсэн баялгийн талаар тодруулахгүй юу?
 
– Одоогоор Баянхонгор аймгийн өмнөд бүс,  Говь-Алтай аймагт алтны илрэц илэрсэн. Нөөцийг үнэлж хүлээлгэн өгсөн.
 
-Улсын төсвөөр хийж буй геологийн хайгуулын ажил, хувийн хөрөнгө оруулалтаар  хийж буй хайгуулын ажлыг нутгийн иргэд харагдах байдлаар нь хэрхэн ялгах вэ?
 
– Хайгуулыг иргэд ойлголтын зөрүүгээс шалтгаалж  хүлээн авдаг. Хувийн хөрөнгө оруулатаар хийж буй хайгуул нь тодорхой газарт явагддаг бол улсын хөрөнгөөр хийж буй  ерөнхий  зураглал нь талбай дээр явагддаг. Өөрөөр хэлбэл, ерөнхий хайгуул гэдэг нь  тодорхой талбайг хамарч  ашигт малтмал энэ талбайд байна уу гэдгийг эрж хайж тогтоодог.  Харин тодорхой зөвшөөрөлтэй газарт хайгуул хийж байна гэдэг нь уг газарт юм байгаа гэдэг нь тодорхой болсон газарт уг ашигт малтмалынхаа ТЭЗҮ, ордын хайгуул хийж  байна гэсэн үг. Ерөнхий эрлийг иргэд обекьтын хайгуултай хольж ойлгодог.
 
– Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй түр зогсоосон байгаа. Хайгуулд улсын төсвөөс гаргасан хөрөнгөө  нөхөх шаардлагатай байх. Тэгэхээр үүнд танайх ямар байр суурьтай байна вэ?
 
– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр 24 тэрбум төгрөгөөр геологи хайгуулийн томоохон судалгаа хийж байгаатай холбогдуулан  сонгон шалгаруулалтаар судалгаа хийсэн талбай сонгох ажил эхэлсэн. Дээр хэлсэн 30 гаруй үнэлгээ тогтоосон  талбайг хүлээлгэн өгсөн.
 
 
 
Эдгээр нөөц баялгийг үнэлсэн талбайд бооцоо тавьж сонгон шалгаруулна гэдэг нь улс гаргасан зардлаа нөхнө гэсэн үг. Түүнээс биш эдийн засгийн үнэлгээ гараагүй талбайд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй.
 
 
 
Замбараагүй олон лицензийг цэгцлэх гээд түр зогсоосон.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин