sonin.mn

Миний найз 39 насандаа өөд боллоо. Хийж бүтээх, үр хүүхдээ хүний зэрэгт хүргэх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх нас. Түүнтэй сүүлчийн удаа Хавдар судлалын үндэсний төвийн Дэмжих эмчилгээний тасгийн хонгилд уулзсан юм. Улаан өнгөтэй тэргэнцэр дээр охиноороо түрүүлэн гарч ирэхдээ “найз нь улаан жипээрээ салхи татуулаад ирлээ” гэж наргиа болгосон ч хэлж байгаа, сонсож байгаа хоёрын хэн нь ч инээж чадаагүй билээ.

 

Миний найз умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, ихэд зовж шаналсан даа. Түүний шаналалыг эмэгтэй хүний, эх хүний хувьд зүрх шимширэн мэдрэхдээ би өөрийгөө буруутгаж зэмлэдэг. Тэрээр ийм өвчнөөр өвчилснөө надад яриад хавдар эдгээдэг нэг лам байна. Намайг эдгээнэ гэсэн гэхэд нь би хэрэггүй байхаа эмнэлэгт очсон нь дээр гэж бодсон ч найз маань тэр хүнд их л итгэлтэй байхаар нь өөрөө л мэдэхгүй юу даа гэчихсэн юм.

 

Хэдэн их сургууль төгссөн, хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан хүн 21 дүгээр зуун гарчихаад байхад ламаас эрүүлийг хүсэн, эмнэлгээс зугтаж, эмч нарт зэмлүүлж явсныг нь “тэр минь гэндсэн” гэж зөөллөн буруутгадаг. Эдгэшгүй өвчнөөр шаналж буй хүнд мэдээж маш олон бэрхшээл тохиолдож байсан. Тэр олон зовлонгоос хамгийн их зовоосон нь буруу зам сонгосондоо гэмшсэн харуусал байсан юм.

 

Хөдөөгийн буйдад мал маллаж явсан эмэгтэй хавдартай байж магадгүй гэсэн үг сумын эмчээсээ дуулаад тэр өдөртөө л Улаанбаатарыг зорьж ирснээ ярихад найз минь өөрөөсөө ичсэн гэдэг. Би найман жилийн ч боловсролгүй хүнээс дор шийдвэр гаргаж шүү дээ гэж. Өврөөс нь салдаггүй жаахан хүү нь "ээж муухай үнэртэй" болсон гээд зугтдаг. Түрээсийн байрны эзэн өвчтэй гэдгийг нь сонсоод түрээсийн мөнгөө ч авалгүй гаргасан.

 

Бодвол намайг байрандаа үхнэ гэж айсан байх. Ах нар чиний өвчин замбараагүй явсны чинь шан гэж хатуурхаад, туслаж дэмжихгүй байгаа. ДОХ туссан юм шиг зугтах юм аа гэж ярина. Түүний амссан зовлонг сонсож суухдаа, ядахдаа зовлонгоо ярьж цээжээ онгойлгог дээ гэж тэвчдэг байлаа. ДОХ-той хүнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг биз дээ.

 

Тэд дүүгээ охинтойгоо, эхнэртэйгээ зүйрлэн боддоггүй юм байх даа гэж ярихдаа нулимс унагаж байгаагүй. Эдгэрнэ, энэ бүхнийг давна гэж бодож явсан.
Харин лам гээд байгаа тэр хүнийг “Чиний өвчнийг би дийлэхгүй юм байна” гэж хэлэхэд тэр сөхөрсөн. Найз минь тэр хүний “гарыг цайлгах” гэж бүх юмаа хамгийн хямдаар зарсан.

 

Гэхдээ энэ заль, энэ ялгаварлан гадуурхалт, аргагүй байдлыг нь далимдуулсан луйврыг буруутгаад ч яахав. Хавдар судлалын төв өвчин хүндэрсэн, хожимдсон ч гэсэн эмчилгээгээ, үйлчилгээгээ үргэлжлүүлж, хөнгөвчлөх эмчилгээ хийж, боломжтой бүх аргаа хэрэглэсэн. Найз минь эдгэрэх буруу зам сонгоогүй бол, би саналаас нь тас зөрөөд эмнэлэгт нь хүргэсэн бол өнөөдөр түүнийг эрүүл саруул явуулах боломж манай эмнэлэг, эмч нарт бий.

 


Түүнээс хойш таван хавар өнгөрчээ. Энэ хугацаанд би хавдар гэдэг энэ аюултай өвчний талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэх гэж эмч нартай ярилцаж, сурвалжилж, хамт олноо ХСҮТ- ийн эрүүл мэндийн үзлэгт оруулах ажлыг хүртэл зохион байгуулж явлаа. Энэ бүхэн хэн нэгэнд хэрэг болсон байгаасай.
Уг нь би энэ тухай бичихдээ хэн нэгэнд сургамж болог гэж бодсон юм. Гэхдээ одоо миний гэнэхэн найз шиг гэнэн шийдвэр гаргадаг эмэгтэй байхгүй болсон гэж итгэж байна.


Ж.Сэлэнгэ

Эх сурвалж: "Хөдөлмөр"