sonin.mn
Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор “Туурайн тамга” компанийн захирал Г.Цээпилийг урьж ярилцав.
 
-“Туурайн тамга” компани хэзээ байгуулагдав. Хөдөө орон нутгийн бизнес ямар онцлогтой вэ?
 
-Манай компани 2007 онд байгууллагдсан. Би өөрөө дулааны инженер мэргэжилтэй. Төрийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн мэргэжлийн давуу талыг ашиглан барилгын салбарт бизнес хийхээр шийдсэн. Анх бүх юм тэгээс эхэлж бизнес хийх бүх л шат дамжлагыг гүйцээсэн.
Одоогоор Хөвсгөл аймгийн барилгын салбарын зах зээлд тодорхой байр сууриа эзэлсэн. Манай компани барилга угсралтын чиглэлээр гадна болон дулааны инженерийн шугам сүлжээ мөн цэвэр, бохир усны шугам сүлжээ, сантехник гэсэн чиглэлд түлхүү ажилладаг. Сүүлийн 2-3 жилд  бусад өрсөлдөгч компаниас ялгарахын тулд “Эко сууц” барилгын материалын танхим  буюу  танилцуулах загварын show room байгуулж амжилттай ажиллаж байна. Манай аймаг хүн ам, олон үйлдвэрлэл, үйлчилгээ өндөр хөгжсөн. Тэр хэрээр барилгын  тусгай зөвшөөрөлтэй олон компанитай өрсөлдөөн ихтэй. Гэхдээ бизнесийн зарчмын дагуу  хүссэн хүсээгүй зэрэгцэж  хөгжихөөс өөр аргагүй.  Хөдөө орон нутагт бизнесийн нэг онцлог нь ижил төрлийн бизнес хийх байдал давамгай байдаг. Тухайлбал, талх хийгээд ашигтай байвал бүгд талх хийх. Эсвэл хэн нэг нь ямар нэгэн ашигтай зүйл хийгээд эхэлбэл бүгд дуурайж хошуурах нь  зах зээлээ хувааж ашиг бага байдаг.  Харин энэ өрсөлдөөнөөс  ямар нэг чиглэлээр ялгарч сигмент тус бүрээ хувааж  өөрсдийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ дагнан хийх нь чухал. Ингэснээр тэдгээрийн хийсэн  бүтээгдэхүүнүүд нийлж нэг том брэнд  бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулвал  бизнес цаашдаа тогтвортой үргэлжлэх төлөвтэй.
 
– Хөвсгөлдөө анхдагч “Эко сууц” барилгын материал танилцуулах, нийлүүлэх загварын танхим /show room/ бай-гуулсан гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
– Би олон жилийн өмнөөс дулаан  үйлдвэрлэлийг эрчим хүчний болоод түлшний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй, агаарыг бага бохирдуулдаг, уулын мод түлэхгүй байх үйлдвэрлэсэн дулаанаа хэрхэн гадагш алдахгүй байлгах талаар судалгаа хийж байсан. Мөн   барилгын дулаан алдагдлыг хэмжиж тухайн барилга хаагуур дулаанаа алдаж буйг тодорхойлж зөвлөх тал дээр анхаарч ажилласан. Хөдөө орон нутагт дулаан алдагдлыг тооцоогүй барьсан олон хуучин барилга, байшин байдаг. Хөвсгөл аймгийн ихэнх сум суурин газар, айл өрх бүр  уулын модыг түлээ болгон их хэмжээгээр огтолж түлшиндээ хэрэглэдэг. Зөвхөн  гэр хорооллын дүнзэн байшинтай нэг өрх жилд 1.5-2 машин түлээ хэрэглэдэг. Ялангуяа,  төвлөрсөн халаалтад холбогдоогүй мод ихтэй сумдын сургууль, эмнэлэг, тамгийн газар, соёлын төв  гээд бүгд тус тусдаа халаалтын зуухтай. Жилд 300-800 машин түлээ бэлтгэдэг. Гэтэл манай улсын нийт газар нутгийн найман хувь  нь ой модоор бүрхэгдсэн гэдэг. Тэгвэл  Хөвсгөлийн тэр ой тайга зөвхөн хөвсгөлчүүдийн өмч биш. Монголчуудын өмч гэдгээр хайрлаж хамгаалах үүрэгтэй. Тиймээс модны оронд цахилгаанаар эсвэл нүүрсээр  халаах гэсэн сонголттой тулж байсан. Гэтэл цахилгааны зардал өрх бүрт хүнд тусахаас гадна нүүрс агаарыг бохирдуулна. Тэгэхээр  иргэд болон жижиг албан газрууд  “Эко сууц” барих  улмаар өөрсдийн амьдарч буй байшин, гэрээ эко болгох, дулаанаа нар, салхи болон бусад эх үүсвэрээр дулаанаа алдахгүй байх аргад л суралцах хэрэгтэй юм байна гэснээс өөр шийдэл харагдахгүй байсан. Төрөөс ч гэсэн үүнд анхаарч  хувийн хэвшил иргэд хаа хаанаа зохицох боломжтой шийдлийг гаргаж бодлогоор дэмжих хэрэгтэй санагдсан. Иймээс бид эко барилгын материалын танхим  байгуулж иргэд, аж ахуйн нэгжид сурталчилж  барилгын материал худалдан  нийлүүлэх, дулаан, халаалт, инженерийн шугам сүлжээний шийдлээр зөвлөгөө, мэдээлэл өгч, зарим тохиолдолд газар дээр нь угсарч өгөх зэргээр бизнесээ өргөжүүлсэн.  Банкууд ч мөн эко болон ногоон бизнесийн зээл олгож эхэлсэн нь манай бизнест давуу тал болсон.
 
-Барилгын материалаа хаанаас оруулж ирж байна. Жижиг хэмжээний “Эко сууц” барихад хэдий  хэрийн хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
 
– ОХУ-ын “Росторг“ компанийн төлөөлөгчийн газрыг Хөвсгөл аймагт нээж  тус компанийн эко, чанартай дулаалгын гадна, дотно фасад болон  бүх төрлийн модон хавтан, хана, шал,  тааз, дээврийн  материалыг оруулж ирэн борлуулдаг.  Тус компанийн Монголын зах зээлд нийлүүлж буй ондулин, шинглас, ондувилла, металл черепицен дээврийн материал нь дулаан хадгалах чадвар өндөртэй, өнгө алдахгүй, бат бөх чанараа удаан хадгалдаг, ус нэвтрүүлдэггүй гээд олон давуу талтай. Мөн ОХУ-ын “VGT” брэндийн экологийн, үнэргүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон жилийн эдэлгээтэй эмүльс, будаг  замаск бүх төрлийн засал чимэглэлийн материал оруулж ирдэг  “Сан трэйдинг” компанийн гэрээт борлуулагчаар ажилладаг. Түүнчлэн “Атмор” компанитай хамтран  сүүлийн үеийн халаалтын  шийдлийг нэвтрүүлсэн халуун, хүйтэн усны том, жижиг атморуудыг  танхимаараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Эдгээр гурван компанийн гэрээт борлуулагч болсноор бид Улаанбаатарын үнээр Хөвсгөлийн хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй. Хүмүүс эко сууцыг их сонирхдог. Хамгийн түрүүнд хэдэн төгрөгт барих вэ гэж асуудаг. Мэдээж эдийн засгийн чадавхитай холбоотой учраас тэр. Хамгийн түрүүнд материалын сонголт, дулаалга, нарны эрчим хүчийг цонхоороо хэрхэн авах, дулаанаа гадагш алдахгүй байх  талаас нь бодож  материалаа сонгох шаардлагатай. Чанар дагаж үнэ гэдэг. Сайхан сууц барьчихаад хар туглаганы хольцтой будаг, замаск хэрэглэвэл эко биш болно. Дундажаар нэг м/кв-ыг 600-1.000.0 төгрөгт багтах тооцоо гарч байсан. Гэхдээ олноор, хаус хороолол байдлаар барьвал кв/м-ийн үнэ буурах магадлалтай. Нөгөөтэйгүүр тухайн айлын сонголт шийдлээс шалтгаалж үнэ хэлбэлздэг. Одоогоор ийм олноор барих захиалга ирэх боломжгүй тохиолдолд 0.7 га газартаа 6Ч8 хэмжээтэй жижиг эко сууц барьж газраа үнэ цэнэтэй болгох, хашаандаа ногоогоо тарьж орон сууцанд оролгүйгээр хэрхэн ая тухтай амьдрах тухайд бодож эхэлсэн.  Мөн амьдарч байгаа байшингаа орчин үеийн тохьтой тухтай дулаахан болгох вэ гэдэгт анхаарч материалыг сонгож авч байна. Хувийн хаусыг ихэвчлэн мод, дүнзээр барьдаг. Дан модоор  барихад асуудал үүсдэг. Модон материалд агаарын урсгал сэлгэлтийг сайн хийгээгүйгээс  мод өмхрөх, мөөгөнцөртөх явдал гарч байна. Учир нь хоёр талаас нь битүү плитадаж, фасадснаас  болж агаар орохгүй өмхөрдөг. Хэдийгээр хөгц, мөөгөнцрийн түрхлэг оруулж ирж байгаа ч анхнаасаа байшингаа  эко л барих шаардлага тулгарч байна. Энэ бүгдэд манай компани зөвлөж, тооцоолж, шийдлийг нь аль болох эко болон эдийн засгийн боломжид нь тулгуурлан зөвлөдөг. Мөн элдэв төрлийн хорхой шавьжнаас хэрхэн   сэргийлэх талаар иргэд байнга асууж түрхлэг, цацлага авч хэрэглэх  зэргээр эко сууцны талаарх бүхий  мэдээллийг нэг дороос авдаг болсондоо тэд сэтгэл хангалуун байдаг.
 
-Танайх сумын төвийн шинэчлэл бүтээн байгуулалтын тендерт оролцож төслийг амжилттай дуусгаж  аймаг, сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан  туршлагатай компани юм билээ?
 
-Зах зээлд өөрсдөө хичээж зүтгэснээр өмнөх ажлуудаа чанартай сайн гүйцэтгэж байж  хөрөнгө оруулалт өндөр ажлуудыг  олж авдаг. Манай компани бусдаас ялгарч бизнесээ хийхийг эрмэлздэг. Ялгарч чадахгүй бүгд нэг юм руу хошуураад байвал чадахгүй нь унаж нэг нь авдаг зарчимтай. Тиймээс манайх хувь хүмүүсийн хийж буй бүтээн байгуулалтын ажил хийх сонирхолтой.  Яагаад гэвэл хувь хүмүүс ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдөө биднийг сонгодог. Манайхаас материалаа авах тохиолдолд бид хамтардаг. Манай компани Хаан банкны ногоон зээлийн гэрээтэй. Гэхдээ банкны шалгуур хангахгүй байх тохиолдол их. Тэгэхээр ихэнх компани улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажил руу хошуурдаг. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалттай ажил хийх нь мэдээж  бизнесийн хувьд ашигтай. Манайх ч ялгаагүй өөрийнхөө хүчин чадалд тохирсон ажил авахын төлөө хичээдэг. Гэхдээ жижиг зах зээлд өрсөлдсөнөөс хүрээгээ тэлж том зах зээлд хүчээ үзэх нь илүү үр дүнтэй гэж үздэг. Уурын зуухны болон дулаан, халаалт, сангийн бүтээн байгуулалтын ажилд “Туурайн тамга” илүү гэдгийг мэдрүүлэх  манай бизнесийн зорилго юм. 
 
 
 
Бид Улаанбаатар хотын “Сан” компанийн туслан гүйцэтгэгчээр нэлээн хэдэн том бүтээн байгуулалтын төслийг амжилттай гүйцэтгэсэн. Түүний нэг нь 2012-2016 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн  “Сумын төвийн шинэчлэл” төслийг Хөвсгөл  аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжүүлсэн. Үүгээрээ манайх их  туршлага хуримтлуулж  бизнесээ босгож чадсан.
 
 
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин