sonin.mn
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй ярилцлаа.
 
-Коронавирусаас үүдэн эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өдрүүдэд танай эрүүл мэндийн төв хэр ачаалалтай байна?
 
-Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар түгшүүр зарлаж байна. Урд хөршид энэ вирусаар өвдсөн хүний тоо өдөр бүр мянгаар нэмэгдэж, нас барсан хүний тоо зуугаар ихэсч байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргын гээд шат дараалсан тушаал шийдвэрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд онц байдалд ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан хот руу орох найман бүсэд цэг байгуулж мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эмч, сувилагчдаас бүрдсэн баг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Өлзийт1-Айдсын давааны цэгт манай Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар ажиллаж тэр цэгээр дайрч өнгөрч буй машин бүрийг зогсоож зорчигчдыг анхан шатны үзлэгт хамруулж, халдвараас урдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байна. Одоогоор 500 гаруй тээврийн хэрэгслээр зорчиж буй 3000 гаруй хүнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Гэхдээ анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Хувь хүн өөрийгөө хариуцлагатайгаар хамгаалснаар бусдыг ч халдварлах аюулаас сэргийлнэ. Тиймээс олон хүнтэй газар явахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж Эрүүл мэндийн яамны гаргаж буй зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
-Гадуур богино хугацаанд хатгалгаа болж ханиад томууны дэгдэлт ихэсч бага насны хүүхдүүд голдуу хэвтэн эмчлүүлж байна. Эмчид үзүүлэх гэж ирж буй хүмүүсийн бөөгнөрлийг хэрхэн багасгаж байна вэ?
 
-Бид аль болох иргэдийг эмнэлэгт дугаарлуулж, олноор нь бөөгнөрүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байна. Манай эмч, сувилагч нар нярай, бага насны хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүстээ гэрээр үзлэг хийж, шаардлагатай үед 24 цагаар дуудлагаар очиж байна. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн 60 хувийг гэрээр хийж байна.
Хичээл сургууль орж байхад ханиад томууны дэгдэлт их байсан. Амбулаторийн үзлэгийн 11.5 хувийг томуугийн өвчлөл эзэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 5.5 хувь болж буурсан үзүүлэлттэй. Энэ нь сургууль, цэцэрлэг ажиллахгүй, хүүхдүүд нэг орчинд олуулаа цуглахгүй байгаатай холбоотой. Мөн бид иргэдэд цахим хаягаар болон утсаар зөвлөгөө сайн өгч байгаа нь үр дүнгээ өгч байна. “Эрүүл иргэн” аяныг маш сайн зохион байгуулалттай хэрэгжүүлж, эрт илрүүлэх урдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсан учраас үр дүнтэй байлаа.
 
-Хан-Уул Улаанбаатар хотын том дүүргүүдийн нэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэр хүртээмжтэй байна вэ?
 
-Сүүлийн жилүүдэд манай дүүрэгт орон сууцны хороолол олон баригдсантай холбогдуулж хүн амын төвлөрөл ихэсч байна. Үүнийг дагаад өвчлөл нэмэгдэж байгаа ч өнгөрсөн улиралд бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй сайн хязгаарлаж чадсан гэсэн үзүүлэлттэй.
 
 
 
2019 онд иргэний оролцоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх уриан дор дүүргийнхээ 186 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэн ажиллаж чадлаа.
 
 
Үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг 100 хувь ханган ажиллаж, нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны эрүүл мэндийн төв, Ehealth программыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын баазтай холбосон анхны эмнэлэг болсон амжилтаараа Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв анх удаа Нийслэлийн шилдэг байгууллагын нэг болсон.
 
 
 
Хамгийн гол нь Улаанбаатар хотын хэмжээнд эхийн эндэгдэл гаргалгүй ажилласан дүүрэг болсон. Мөн жилээс жилд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байгаа. Харин манай дүүрэгт төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөөгүй гэх мэтээр бид өргөн хүрээнд үүргээ сайн биелүүлж ажиллаж байна.
 
 
 
Энэ жишгээрээ одоо ч мөн энэ онцгой цаг үед манай хамт олон итгэл, сэтгэл нийлэн бүх хүчин чармайлтаа дайчлан хичээн ажиллаж байна.
 
-Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулжээ. Тэр дундаас онцлоод яривал?
 
-Бид төв салбар болон амбулатори, шүд, сэтгэл засал, дархлаажуулалт, эрчимт эмчилгээний яаралтай тусламжийн кабинетуудад тохижуулалтын ажил хийсэн маань үйлчлүүлэгч, өвчтөнүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж чадсан.
ISO 15189 стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн лабораторийн бэлтгэл ажлыг хангаж, засвар үйлчилгээг байгууллагын өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хийж дуусгалаа.
Эмнэлгийн ариутгал, нян судлалын лабораторийн хэсэгт иж бүрэн засвар тохижилтын ажил хийж одоогоор 18 нэр төрлийн 25 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулан тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орох, гарах зам талбай, шат довжоог завсарласан нь тэдэнд эмнэлгийн үйлчилгээ авахад нь хялбар болголоо.
Мөн дүүргийн эмнэлгүүдээс анхны И-баримт хэвлэдэг Эрүүл мэндийн төв болсон нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Бид 2019 онд иргэдийн оролцоог хангах чиглэлээр 18 үндэсний хөтөлбөр, дөрвөн сарын аян, дөрвөн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, магадлан итгэмжлэлийг зургаа дахь удаагаа авлаа. Энэ мэтчилэн бид иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх л нөөц боломжоо ашиглан ажиллаж байна.
 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин