sonin.mn
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор дахин давтагдашгүй Европ хийц, монгол агууламжтай “hand made” тодотголтой “CHOICE” брэндийг үүсгэн байгуулагч Б.Ганбаатарыг урилаа.
 
-“CHOICE” брэндийг хэрхэн үүсгэн байгуулж байв. Яагаад гутлын бизнест хөл тавихаар болсон юм бэ?
 
-2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангид орсон. Сурч байх хугацаанд манай анги арьсаар 100 хувь гар хийцний гоёлын бүтээл хийдэг онцлогтой байсан. Яагаад ч юм багаасаа чамин хийцтэй гуталд дуртай хүүхэд байлаа.
Түүндээ хөтлөгдөөд хоёрдугаар курсээсээ эхлээд эхний ээлжинд өөрийнхөө хэрэгцээнд тохируулан, бусдаас арай өөр юм өмсье гэсэн бодлоор  гутал хийж эхэлсэн. Брэнд байгуулна гэсэн том юм тухайн үедээ бодоогүй. Түүнийгээ өргөжүүлэн гэр бүл, найз нөхдийн хүрээнд хийсээр байгаад 2015 оноос эхлээд манай найз өөрийн гэсэн брэнд байгуулаач гэсэн санал тавьснаар “CHOICE” гэсэн нэршилтэй бүтээгдэхүүн гэхээсээ илүү бүтээл гаргаж эхэлсэн. Манайх анхнаасаа зөвхөн тухайн хүнд зориулагдсан цор ганц хэлбэр, хийцтэйгээр захиалгаар ганц тоогоор үйлдвэрлэхийг чухалчилдаг. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой, ертөнцтэй учраас түүнд нь тохируулан хийдэг.
 
-Гарааны бизнесээ эхэлж байхад саад бэрхшээлээс эхлээд, шантрах үе байсан биз?
 
-Анх эхэлж байхад миний хувьд алхам болгон л бэрхшээл байсан. Ямар бүтээгдэхүүн гаргах уу, тоног төхөөрөмжийн дутагдал, материаллаг бааз, хүний нөөц гээд л олон бэрхшээлтэй тулгарч байсан. Санхүүгийн асуудал гэдэг л хамгийн том бэрхшээл байсан. 2016 онд Монголын радиогийн “Ганбаа бид хоёрын цаг” гэсэн зорилтот нэвтрүүлэг хийж байсан. Анх гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс яг ямар шат дарааллаар явах. Зээл, санхүүгийн эх үүсвэрээ босгохын тулд ямар шат дарааллаар явах вэ гэдгийг жишээ болгож надаар харуулж байсан. Тэр нэвтрүүлгийн дараагаар Жайка,  АНУ-ын ОУХА-ийн REACH төсөлтэй холбогдож сургалтад хамрагдаж байсан ч тухайн үед санхүүжилт байхгүй, гэх мэт сөрөг хариултууд авч байсан. Энэ брэндийг гаргаж ирэхэд шантрах зүйл их байсан ч өөрийнхөө хүчээр гаргаж ирсэн дээ. Шантраад мэргэжлийнхээ дагуу ажил хийе, ийм юм хийнэ гэж байхгүй юм байна, зурагаа зураад л явж байя гэх үе олон байсан. Яах аргагүй миний сонгосон зам, хүсэл тэмүүлэл минь байсан болохоор хэчнээн мөнгөгүй байсан ч хичээгээд гаргалгааг нь олох гээд л мэрийсэн.
 
 
 
Өмнө жил “Шарк Танк” нэвтрүүлэгт ороод 70 сая төгрөгийн санхүүжилт авсан ч нэг шарк нь явцын дундаас татгалзаад 47 сая төгрөгийн санхүүжилт авсан. Хүмүүс бараг мэдэхгүй байх. Бизнес ч гэлтгүй бүхий л зүйлийг амжилттай хийхэд сэтгэлгээ, ур чадвар, арга ухаан хэрэг болдог.
 
 
 
-Гутлын зах зээл, тэр тусмаа “hand made” урлал өрсөлдөгч ихтэй байх. Манайд энэ төрлийн бизнес эрхлэгч хэр их байдаг юм бол?
 
-Гутал нь хүний хамгийн чухал хэрэгцээ. Зах зээлийн хувьд том зах зээлийн өрсөлдөөнтэй. Монголд 30 гаруй төрлийн гутлын брэндүүд бий. Өрсөлдөгч ихтэй том салбар л даа. Өөрөө албан ёсоор урд хойд хөрш рүүгээ бүтээгдэхүүнээ гаргасан нь их цөөхөн. Манай захиалагчид ихэвчлэн гаднаас өөрсдөө захиалдаг. Гадны иргэд, гадаадад байгаа монголчууд ихэвчлэн захиалдаг. Манайд байгаа гутлын брэндүүд гутлынхаа 70-100 хувийг нэг загвараас олныг үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүнийг өөрсдийн нэрийн дэлгүүр, салбар дэлгүүрүүддээ нийлүүлдэг.
 
 -30 гаруй төрлийн брэнд бий гэлээ. Тэднээс танайх юугаараа онцлог, давуу талтай вэ?
 
-100 хувийн гар хийцтэй, цорын ганц үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн манайхаас өөр байхгүй. Нэг загварыг дахин давтдаггүй. Хийх арга технологийн хувьд өөр, чанарын хувьд ч сайн гардаг.  Захиалагчтайгаа ярилцаж загвараа гаргаад, хийх явцдаа зураг, шивээсийг эмоциороо нэмчихдэг. Тэр нь ч надад илүү амттай, сонирхолтой санагддаг. Захиалга тасралтгүй ирдэг. Байгуулагдсанаасаа хойш зургаан жилийн хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй болсон, ачаалал ихтэй байдаг. Сард 30 захиалга хийдэг. Өдөрт нэг гутал гаргана гэсэн үг. Үйлчлүүлэгчид маань мэддэг учраас маркетингийн тал дээр нэг их санаа зовоод байдаггүй.  450 мянгаас 1.2 сая төгрөгөөр хийдэг. Ихэвчлэн эрэгтэй классик загварын гутал хийдэг. Анх эхлэхдээ 250 мянгаар хийдэг байлаа. Нэгдүгээрт, олон жилийн туршлага, бүтээгдэхүүний материалын чанар, хийц сайжирснаараа тодорхой хэмжээний үнэлэх үнэлэмж нэмэгдсэн. Таван жилийн хугацаанд 500 гаруй сая төгрөг олсон. 13 жилийн турш гутлын салбарт зүтгэсэн хүнийг үнэлэх үнэлэмж өөр. Дөнгөж нэг хоёрхон жил хийж байгаа бүтээгдэхүүн хоорондоо эрс өөр.
 
-Компанидаа гарах хүндрэлийг хэрхэн зөв шийдвэрлэдэг вэ. Амжилттай компанийн үндэс нь таны хувьд юу вэ?
 
-Ямар ч бизнесийг эхлэхэд судалгаа, төлөвлөгөө маш чухал. Бизнест өдөр тутам хүндрэл учрах эрсдэлтэй ч олон жил тогтвортой байсан компаниудын гол онцлог нь санхүүгийн тооцоолол сайн хийдэгт гэж хувьдаа боддог.Санхүүгийн дэг журмаа чанд сахих хэрэгтэй. Санхүүгийн байдал задгай байж болохгүй. Урт хугацааны явцад тогтвортой байсан бизнес эрсдэлээ сайн тооцож байж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэнэт их хэмжээгээр олно гэж байхгүй. Олсон орлогоо бас хамаагүй үрээд байж болохгүй. Хийж байгаа бүтээл болгоноо баримтжуулан, технологийн карт хөтлөх хэрэгтэй. Учир нь загвар болгон дахин давтагдашгүй байдаг учраас эргээд энэ нь архив болж үлдэнэ. Ирээдүй, хойч үедээ “hand made” урлалын аргачлалыг өвлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, судалгаа чухал, Европ, Италийн технологи аргачлалуудыг улс улсад нь очиж судална, хэрхэн хийдгийг нь суралцана. Судалгааны ажилд ихэнх хөрөнгө оруулалтаа зарцуулсан. Бололцоогоороо боловсон хүчин бэлдэх гэж үзэж байгаа. Давхар энэ чиглэлийн гутал урлаачдыг бэлтгэнэ гэсэн зорилготой л явж байгаа.
 
 
 
Гар урлал гэдэг нь оюуны агуу бүтээмж юм л даа. Жижиг чимэглэл ч бай, том зүйл ч бай маш их сэтгэл гаргаж, нэг оёдол ч бай алдаа гаргахгүй сэтгэлээсээ хийхийг зорьдог. Хэрэв хүн бизнестээ сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадвал амжилтад хүрэх магадлал маш өндөр.
 
 
 
Бүр улайран дурлаж, өөр юуг ч үл хайхран өдөр шөнөгүй ажиллавал ямар ч саад бэрхшээлийг даван гардгийг би олон жишээгээр мэднэ.
 
 -Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдчихсан брэндийн хувьд дэлхийн зах зээлд танигдах бодол байгаа юу. Гарах боломжоо судалж эхэлсэн үү?
 
-Дотооддоо өрсөлдөхийн оронд дэлхийд гарах нь манай брэндийн алс хэтийн зорилго. Дэлхийд “Тemberland”, “Doctor martens” гэдэг шиг  өөрийнхөө загваруудыг байнгын гаргах багахан хэмжээний үйлдвэр байгуулах зорилготой. Өөрийнхөө брэндийг дэлхийд таниулах, гаргах зорилготой гэсэн үг. Дотоодын зах зээлийг хараад байдаггүй. Дэлхийн зах зээлээс л голлох ашгаа гаргана гэж төлөвлөж байна. Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байгаа зүйл нь хүний нөөц, материал байдаг. Тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлээ шинэчлээд, бүтээгдэхүүнийхээ чанарыг  сайжруулчихвал дэлхийд гарах боломжтой гэж харж байгаа. Сүүлийн үед дэлхийд “hand made” урлалыг ойлгодог болсон нь энэ төрлийн салбар түлхүү хөгжихөд түлхэц болж байгаа. Одоо Лондонд болох олон улсын классик гар урлалын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа.
 
-Гарааны бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?
 
-Шинээр брэнд үүсгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд яарч судалгаагүйгээр бизнесээ эхэлдэг. Тэр нь шантрах, үйлдвэрлэлээ зогсоох байдалд хүргэдэг. Надад янз бүрийн брэндийн хүмүүс ханддаг.  Санхүүгийн байдал хэцүү болоод ирэхээрээ шантардаг. Цаг үеэсээ хамаараад орлоготой, орлогогүй үе байна. Тэр болгоныг давж чадахгүй учраа олохгүй болих гэдэг. Анхнаасаа эрсдэлээ тооцоолоогүй байсан гэсэн үг. Эрсдэлээс айх хэрэггүй. Бизнест эрсдэл байж нэг шат дээшээ ахиулдаг. Бизнессээ эхлэхээсээ өмнө зөв менежмент, бодлого, судалгаа гаргах хэрэгтэй. Сүүлийн үед хувцасны салбарт брэнд гэх нэршилтэй нэг нэгнийхээ загварыг хуулбарласан зүйл их гарч байна. Оюуны өмчийн зөрчлүүд гарч байна. Өөрсдөө шинийг сэтгэж, эрэлхийлж толгойгоо ажилуулж задгай сэтгэж чадахгүй байгаагийн илрэл юм л даа.
 
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин