СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д нэг өдрийн дотор шинэ төрлийн коронавирусний халдварын 123 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 556 болж нэмэгджээ.
 
 
 
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /KCDC/ мэдээлснээр, Дэгү хотод 93 шинэ тохиолдол, Кёнсан-Пукто мужид 20, үлдсэн нь тус улсын янз бүрийн бүс нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан дөрвөн хүн нас барж, 18 өвчтөн эмнэлгээс гарсан бол 6039 хүний шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
 
 
 
Бямба гарагт нас барсан гурав дахь тохиолдол нь 41 настай, БНСУ-ын иргэн байсан байна. Дөрөв дэх тохиолдол ням гарагт бүртгэгдсэн бөгөөд 57 настай эрэгтэй нас баржээ. Уг эрэгтэй Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт халдвар авсан байна. Тус эмнэлэгт коронавирусний халдварын 114 тохиолдол бүртгэгдсэний ес нь эмнэлгийн ажилтнууд юм. Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс уг байгууламжийг хорио цээрийн дэглэмд оруулжээ.
Шинээр илэрсэн 75 тохиолдол мөн л Дэгү хотын “Шинчожи” сүмтэй холбоотой байна. БНСУ-д бүртгэгдсэн халдварын 31 дэх тохиолдол болох 61 настай эмэгтэй Хятадад хэзээ ч аялж байгаагүй тул коронавирусний шинжилгээ хийлгэхээс татгалзсан тухай өмнө нь мэдээлсэн. Уг эмэгтэй “Шинчожи” сүмийн цуглаанд очдог байсан нь цааш олон хүнд халдах нөхцөл болсон юм. Орон нутгийн эрх баригчид сүмийн 9336 итгэгчийг гэрт нь тусгаарлаж, хорионд оруулсан бөгөөд тэдний 544-т нь коронавирусний халдварын шинж тэмдэг илэрчээ. 
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг