sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д сүүлийн гурван долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-нээс хойш анх удаа коронавирусний халдварын 100 хүрэхгүй шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. 
 
 
 
Үүний зэрэгцээ өдөрт эдгэрч буй өвчтөнүүдийн тоо шинээр халдвар авсан хүмүүсийн өдөр тутмын тооноос гурван өдөр дараалан давсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 120 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан өвчтөний тоо 834 болжээ.  
 
 
 
Дэгү хотын хамтаар халдварт өвчний хяналтын онцгой бүсээр зарлагдаж, Өмнөд Солонгост халдварын хоёр дахь том голомт болоод байсан Умард Гёнсан мужид шинээр илрэх халдварын тохиолдлын тоо огцом багассан байна. Тус мужид дөрвөн өдөр дараалан коронавирусний халдварын 10 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бямба гарагт ердөө дөрвөн шинэ тохиолдол илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь урьдын адил Дэгү хотод бүртгэгдсэн хэвээр байгаа боловч Сөүл ба Гёнги мужид нийслэл хотын өндөр барилгад байрлах дуудлагын төвийн ажилчдын дунд халдвар илэрсний дараа сүүлийн өдрүүдэд шинээр илрэх тохиолдлын тоо тогтвортой өсөх хандлага ажиглагдсан байна. 500 гаруй ажилтантай дуудлагын уг төвд 115 гаруй хүн халдвар авчээ.
Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 247, Дэгүд 6031, Умард Гёнсан мужид 1157, Гёнги мужид 211, Бусан хотод 106 болсон байна. 
Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, бямба гарагт 76 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 8162 болсон бол 75 хүн нас барсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь Дэгүд, ес нь Сөүлд, 11 нь Гёнги мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 16272 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
 
 
 
 
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг