sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Европын Холбооны гишүүн гурван оронд коранавирусний халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ. 
 
Италид өнгөрсөн ням гарагт 368 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1809 болж, Испанид 97 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 288-д хүрч, Францад 28 хүн нас барснаар нийт 120 хүн нас барсан байна. 
Үүнээс гадна Их Британид ч мөн нэг өдөрт хамгийн олон буюу 14 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 35 болжээ.
Европын орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Германы Засгийн газар Франц, Швейцар, Австри, Дани, Люксембургийн хил дээр хяналт тогтоохоор болж, Португалын эрх баригчид Испанитай залгаа хилийнхээ хяналтыг чангатгах шийдвэрийг гаргажээ.
 
 
 
Чехийн Засгийн газар хөл хорионы хатуу арга хэмжээнүүдийг танилцуулсан бөгөөд үүнд ажилдаа явах, хүнс, эм худалдан авах, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн гишүүнийхээ гэрт зочлох зэргийг зөвшөөрч, энэ сарын 24 хүртэл бусад хөдөлгөөнийг хатуу хязгаарласан байна.
 
 
Австри улсад өнөөдрөөс эхлэн таваас олон хүн цуглахыг хориглож, Ирландад энэ сарын 29 хүртэл пабуудын үйл ажиллагааг зогсоохыг хүсжээ. Мөн Европын олон оронд сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоожээ.
Европ нь Хятад улсад анх дэгдсэн коронавирусний цар тахлын голомт болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдээлсэн юм.
 
Вирус хэр тархсан бэ?
 
Швейцарт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол 800-гаар нэмэгдэж, 2200-д хүрчээ. Тус улсад 14 хүн нас барсан байна.
 
 
 
Италид халдвар авсан хүний тоо 24747 болж, нийт нас барагсдын 1218 нь Ломбарди мужид бүртгэгджээ. Ломбардид бизнесийн төв болох Милан хот оршдог юм. Италийн Засгийн газар өнгөрсөн даваа гаргаас улс даяар хөл хорио тогтоож, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон. Сургууль, бялдаржуулах төв, музей, шөнийн цэнгээний газар зэргийг үүнээс өмнө хаасан юм.
 
 
Испани /7753 тохиолдол бүртгэгдсэн/, Францад /5400 тохиолдол бүртгэгдсэн/ өнгөрсөн бямба гаргаас шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Испанид үндсэн хэрэгцээний болон эмийн бүтээгдэхүүн худалдан авах, ажилдаа явахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглож, Францад кафе, зоогийн газар, кинотеатрууд болон ихэнх дэлгүүрийг хаажээ.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен цар тахлын эсрэг тэмцэхийг гишүүн орнууддаа уриалжээ. Мөн тэрбээр хүчилтөрөгчийн аппарат, оношлуур, амны хаалт зэргийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
 
Дэлхийн бусад улс оронд ямар арга хэмжээ авч байна вэ?
 
Сүүлийн мэдээллээр дэлхийн улс орнуудад нийт 162687 хүн халдвар авснаас тал орчим хувь нь Хятадад /81003/ илэрчээ. Мөн уг халдварын улмаас 6065 хүн нас барснаас 3085 нь Хятадад бүртгэгдсэн байна.
Өмнөд Африк лхагва гаргаас коронавирусний халдвар тархсан улс орнуудын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Халдварын 61 тохиолдол бүртгэгдсэн тус улсын Ерөнхийлөгч Кирилл Рамафоса улс даяар онцгой байдал зарлажээ.
АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк коронавирусний халдвартай холбогдуулан өнөөдрөөс эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулахаар болжээ. Мөн АНУ-д Европоос ирж буй америкчуудын биеийн байдлыг хянахаар болсон нь нисэх онгоцны буудлууд дээр замбараагүй байдал үүсгэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Европын 26 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд уг жагсаалтад мягмар гаргаас Их Британи, Ирландыг оруулахаар болжээ.
Америкт коронавирусний халдварын 3244 тохиолдол бүртгэгдэж, 62 хүн нас барсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг