sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, шатахуун жижиглэнгээр борлуулах үнийг литр тутамд 50 төгрөгөөр, цаашид дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан 200 төгрөг хүртэл үе шаттай багасгахыг чиглэл болгосон тухай УУХҮ-ийн сайд Д.Сумъябазар мэдээлэв. 
 
 
 
Шинэ коронавируний халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбоотой олон улсын зах зээлд биржийн ханш унасан. Ингэснээр нэг баррел газрын тос оны өмнө 64-65 ам.доллар байсан бол нэгдүгээр сараас хойш ханш унасаар өчигдрийн байдлаар 28-22 ам.доллар болж бууржээ. Тиймээс эхний ээлжинд өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулж байгаа аж.
 
Цаашид УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран шатахууны жижиглэнгийн үнийг дөрөвдүгээр сарын 15-ныг гэхэд литр тутамд нь 200 төгрөг хүртэл багасгахаар ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр, “Газрын тосны үнэ зах зээлийнхээ хамгийн доод ханшдаа хүрсэн. 1978 онд 18 ам.доллар байсан бол 2001 онд АНУ-ын ихэр цамхаг халдлагад өртсөний дараа 22-23 ам.доллар болж буурсан. Шатахуун нь ханш өөрчлөгдсөнөөс сарын өмнө импортлогддог. Тиймээс сарын дараах үнийг литр тутамд 200 төгрөг хүртэл буурна” хэмээв. 
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, “Энэ сард ам.доллартай харьцах төгрөгийн ханш 70 төгрөгөөр нэмэгдсэн Роснефть компаниас нефтийн хилийн үнийг хоёрдугаар сарын 25-27-нд мэдээлсэн. Үүнд манай улсын хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахуун 58 ам.доллар болж багассан буюу литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдсан. Долларын ханшийн зөрүү 70 төгрөгийн хасахад бодит үнэ 50 орчим төгрөг болж байгааг үндэслэн тооцоолсон” хэмээв. 
УУХҮЯ, АМГТГ шатахууны импортлогч ААН-үүдтэй хамтран газрын тосны үнэ түүхэн дэх хамгийн бага үедээ байхад боломжит байдлаар нөөцлөхөөр ажилаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.
 
 
С.Мөнхбаатар
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг