sonin.mn
Энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр танигдсан  СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн оюутан С.Алтанцэцэгтэй ярилцлаа.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. 14 насандаа “Адтай жаалууд” кинонд тоглоод хүмүүст багагүй танигдсан. Одоо жүжигчин болохоор суралж байгаа байхаа?
 
-Би СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Хүмүүс намайг  Ялгууны дүрээр маань сайн мэдэх байх. Анх “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн Шинээ, Ариунгоо хоёрыг хараад телевизээр гарахыг хүсдэг болсон. Тэгээд энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд “Адтай жаалууд” киноны дүрийн шалгаруулалтад оролцсон.
 
 
 
Шалгаруулалтад оролцохдоо их сандарч тэвдсэн ч шалгалтаа сайн өгч охидын хүслэн болсон Ялгууны дүрийг авсан. Энэ нь надад их урам зориг болсон.
 
 
-Ялгууны дүрд тоглохдоо хэдэн настай байсан бэ. Дүрээ бүтээхдээ шантарч байв уу?
 
-Тухайн үед би 14 настай байсан. Дүрийнхээ зохиолыг уншаад яг л энэ охин шиг амьдралтай болох юмсан гэж нууцхан хүсч байсан. Мэргэжлийн хүн биш болохоор их хүндрэлтэй байсан. Найруулагчийн хатуу үг, дүрээ бүтээж чадахгүй загнуулах, кинонд хамт тоглож байгаа хүүхдүүдийн итгэл найдвар гээд нэг л алдаа гаргавал бүгд эхнээс нь хийх учир их хичээсэн. Жаахан хүүхдийн хувьд бас тэсэхээргүй энэ хүүхэд шантрах байх гэж хэлэхээр зүйл их. Гэхдээ миний хувьд энэ кинонд тоглох хүсэл мөрөөдөл байсан болохоор тэр бүхнийг ажрахгүй сайн давсан.
 
-Кинонд дээр байгаа Ялгуун бодит байдал дээр байгаа Алтанцэцэг хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
 
-Мэдээж энэ хоёр хүн бол эсрэг тэсрэг. Надад дүр шиг ээ тийм баян тансаг, эрх, хүссэн бүхнээ авдаг ийм амьдрал байхгүй. Тэр хүүхдийн хүсэл нь дандаа л биелж байдаг. Харин миний хувьд Ялгууны дүрийг бүтээснээр хүсэл минь биелж хүссэн бүхнээ авч байна гэсэн үг юм. Энэ дүрээсээ ойлгож авсан хамгийн том зүйл бол хүүхдийг хэтэрхий их дураар нь байлгаж бэлэнчлэх сэтгэлгээнд байлгах нь өөрийг нь эвдэхээс гадна төлөвшилд муугаар нөлөөлдгийг ойлгосон.
 
-Зохиолоо цээжилнэ гэж хүндхэн даалгавар байдаг. Зохиолоо хэрхэн цээжилдэг байсан бэ?
 
-“Адтай жаалууд” 195 ангитай кино. Найруулагчаасаа зохиолоо аваад гэртээ очоод шөнө хэдэн цаг болж байгааг ч мэдэлгүй зохиолоо уншина. Маргааш нь найруулагч зохиолоо хаанаас нь ч хамаагүй асуухад хариулахад бэлэн болтлоо цээжилж байсан. Уншаад тогтоохгүй бол хуулж бичдэг байсан нь цээжлэхэд арай дөхөм санагддаг. Зохиолоо цээжлэхийн тулд бодит амьдрал дээр Ялгуун шиг байдаг нь дүрээ бүтээхэд болон үгээ цээжлэхэд хэрэгтэй байлаа.
 
-Биедээ баймгүй их ачаалалтай ажиллажээ. Гэр бүлийнхэн чинь хэр дэмжиж тусалдаг байв?
 
-Миний ээж үсчин учраас биеэ хэрхэн авч явах, гоо сайхан, үс засалт гээд зааж зөвлөдөг. Ялгууны хувцаслалт, үс засалтыг манай ээж судалгаа хийж гаргасан. Ээж минь урлагт хайртай. Тиймээс би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж урлагийн салбарт хөл тавьсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
 
 
 
Намайг хөглөж урамшуулдаг цорын ганц хүн бол ээж минь. Надтай хамт миний дүрийн үгийг цээжилдэг байсан. Зуны гурван сар зураг авалт хийхэд гурван сар намайг дагаж яван зааж зөвлөсөн. Намайг ойлгож миний хажууд үргэлж байдаг ээждээ хайртай шүү гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна.
 
 
 
-“Адтай жаалууд”-д тоглосноор амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?
 
-Хүүхэд юманд хурдан дасдаг. Тэр ч утгаараа зорилготой, тэвчээртэй, хариуцлагатай болдог. Гэрээсээ гурван сар хол байсан болохоор ээж аавдаа юмаа даатгаж эрхлэх биш өөрөө бүхнийг хийж мөн бусдын үгийг сонсож, аливаа зүйлийг өөртэйгөө харьцуулж дүгнэлт хийх чадварт сурсан. Энэ бол миний амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт. Мэдээж кинонд тоглосон болохоор хүмүүс таньж, мэддэг болно. Гэхдээ кино гарч эхэлснээс хойш биднийг биеэ хэрхэн авч явах талаар найруулагч маань их зааж зөвлөдөг байсан. Биеэ тоож болохгүй гэж их захьдаг. Гэхдээ хүмүүс таниад ирэхээр хүүхэд байсан болохоор баярламаар сайхан санагддаг. Муу ч бай, сайн ч бай өөрийн дүрээрээ хүнд танигдсан нь бахархмаар зүйл.
 
-Кинонд тоглож байхдаа захиа авдаг байв уу. Мөн үзэгчдээс авч байсан хамгийн гоё бэлэг?
 
-Миний хувьд жаахан байсан болохоор их ичдэг байсан. Мэдээж найзлахыг хүсдэг байсан. Надад үерхэл гэхээсээ илүү найзууд байх нь сайхан санагддаг. Тийм болохоор найзуудын тоо нэмэгдсэн дээ. Нэг хүүхэд надад хос яст мэлхий бэлэглэсэн нь хамгийн гоё бэлэг.
 
-“Адтай жаалууд”-аас өөр ямар кинонд тоглосон бэ. Жүжиглэхээс гадна ямар авьяастай вэ?
 
-“Хүсэл мөрөөдлийн зүгт”, “Мөрөөдлийн зүгт” гэсэн хоёр кинонд тоглосон. Хоёулаа өсвөр насныханд зориулсан кино. Өөр авьяас гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэхэд их анхаардаг. Чөлөөт цагаараа ном уншдаг. Би өөрөө бүх зүйлийг мэдэхгүй. Харин номоор дамжуулж энэ хорвоог таньж болно гэж боддог.
 
-Цаашид ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
 
-Би түүхэн кинонд дуртай. Тиймээс түүхэн киноны дүрд тоглохыг хүсдэг. Одоо надад сурах зүйл их байгаа болохоор бүрэн хөгжүүлчихээд л тоглоно гэж бодож байгаа.
 
-Одоо СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн дөрөвдүгээр курст суралцаж байгаа гэсэн. Мэргэжлийнхээ онцлогоос хуваалцахгүй юу?
 
-Миний мэргэжлийн онцлог хүнээс ур чадвар шаарддаг. Тухайлбал, тайзан дээр жүжиглэхээс гадна дуулж, бүжиглэдгээрээ онцлогтой.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин