sonin.mn
РОМ. /BBC/. Итали улсад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д бүртгэгдсэн тоог давжээ. Тус улсад нэг өдрийн дотор 427 хүн нас барж, 3405 болсон байна.  Үүний зэрэгцээ 4500 шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн олон тохиолдол бөгөөд халдварын нийт тохиолдлын тоо 41 мянгад хүрчээ.
Вирус анх илэрсэн Хятадад албан ёсны мэдээллээр 3245 хүн нас барсан ч шинжээчид энэ мэдээлэлд эргэлзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ Европын орнууд коронавирусний тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн арга хэмжээг сунгах талаар хэлэлцэж байна. Италид 14 хоногийн хөл хорио гуравдугаар сарын 12-нд эхэлсэн боловч тус улсын эрх баригчид сунгахаар шийджээ. Италийн бараг бүх иргэнд гэртээ үлдэхийг зөвлөж байна.
 
15 хоногийн хөл хориог сунгаж магадгүй гэдгээ Францын эрх баригчид мөн мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт мэдэгдэхдээ, тархалт зургадугаар сарын эцэс гэхэд хумигдаж магадгүй боловч үүнд ямар нэгэн баталгаа байхгүй байна гэжээ. Европын удирдагчид хямралын эсрэг арга хэмжээгээ хэзээ сулруулах талаар одоогоор ярихгүй байна. ЕХ хилийнхээ бүсэд хатуу хяналт тогтоож, гадаадын иргэдийг хилээрээ 30 хоног нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.
Испанид өнгөрсөн өдрүүдэд коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлын тоо 169-өөр нэмэгдэж, 767 болсон бол халдвар авсан нийт хүний тоо 3431-ээр нэмэгдэж 17 147-д хүрснийг эрх баригчид нь мэдэгджээ.
 
 
Германы Канцлер Ангела Меркель ард түмэндээ хандаж үг хэлсэн байна. “Байдал ноцтой байна. Тиймээс үүнд нухацтай хандах хэрэгтэй. Хоёр Герман нэгдсэнээс хойш, түүгээр барахгүй Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай улс ийм шалгуур сорилттой тулгарч байгаагүй. Ийм хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулах нь бидний хамтын эв нэгдлээс шалтгаална” гэж Меркель хэлжээ.
Германы эрх баригчид Испани, Италид авсан шиг хатуу арга хэмжээ аваагүй байна. Тус улсад сургуулиудыг хаасан бөгөөд олон компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, олон нийтийн газрууд ажиллахгүй байгаа юм.
Германы иргэд хоорондоо уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой ч Меркелийн ард түмэндээ хандаж хэлсэн үг хорио цээрийн дэглэм нэвтрүүлэхээс өмнөх сүүлчийн анхааруулга байж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд бичиж байна. Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 15 мянга давжээ.
 
Бусад орнуудад
 
Австрид вирусний халдварын голомт болсон Тироль мужийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл хаасан байна. Тус мужид зөвхөн нутгийн иргэд болон зарим ажилтан, мөн бараа бүтээгдэхүүн оруулна.
Словени улсад баасан гаргаас эхлэн иргэдийг олон нийтийн газар байхыг хориглохоор болжээ.
Португалд 15 хоногийн онцгой байдал зарласан боловч энэхүү арга хэмжээ хэдэн сарын туршид үргэлжилж болзошгүйг тус улсын Ерөнхий сайд Антонио Коста анхааруулав.
Испанийн хаан IV Филипп ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, вирус  манай улсын иргэдийг ялахгүй, харин ч эсрэгээрээ тэднийг улам хүчтэй болгоно гэв. Тус улсад зочид буудлуудыг хаасан байна.
Норвегийн парламент хүн амынхаа хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлыг шийдэх яаралтай арга хэмжээ авах багц хуулийг батлав.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг