sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Ангела Меркельт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн эмчээс коронавирусний халдвар илэрсэн учир А.Меркелийг гэрт нь тусгаарлахаар болсон гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна. 
“Ойрын өдрүүдэд А.Меркелийг коронавирусний шинжилгээнд тогтмол хамруулах бөгөөд гэртээ тусгаарлагдах хугацаандаа тэрбээр албан үүргээ гүйцэтгэх болно” хэмээн Ш.Зайберт мэдэгджээ. 
 
 
 
Коронавирустэй тэмцэхийн тулд шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийнхээ талаар А.Меркель өнгөрсөн ням гаргийн орой хэвлэлийхэнд мэдэгджээ. Үүнээс хамгийн гол заалтад хоёроос илүү хүн нэг дор  цугларахыг хориглож байгаа бөгөөд үүнд гэр бүлийн гишүүд болон нэг гэрт амьдардаг хүмүүс хамаарахгүй аж.
 
 
 
Үүнээс гадна ойр хавьталтай байж болох хүмүүсийн тоог аль болох бага байлгах шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Ингэхийн тулд иргэд олон нийтийн газруудаар явахдаа ойр байгаа хүнээсээ 1.5 метрийн зай барих шаардлагатай аж. Зөрчлийг цагдаа нар болон засаг захиргааны байгууллагууд хянах юм байна.
Германы эрх баригчид нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийджээ. Тодруулбал, иргэд гадуур зугаалж, спортоор хичээллэж, цэцэрлэгт хүрээлэн, талбайгаар явах боломжтой гэнэ. Харин мужуудад авах арга хэмжээг илүү чангатгахаас татгалзаагүй байна. Тухайлбал, Хессен мужид гудамжаар зөвхөн ганцаараа явахыг зөвшөөрч байгаа бол Саксон мужид даваа гаргаас хөл хорио тогтоохоор болжээ. Үүний зэрэгцээ зоогийн газрууд, үсчин, гоо сайхны газруудын үйл ажиллагааг орон даяар зогсоох шийдвэрийг гаргасан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг