sonin.mn
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч, нийслэлийн иргэд шахмал түлшийг хэрэглэх болсон. Жил бүрийн өвөл нийслэлийн иргэдээс “угаартаж үхлээ” гэсэн шүүмжлэл гардаг. Битүү саарал утаа хотыг нэлэнхийд нь бүрхэж, хоолой, ам хорсгоно. Хэдхэн алхмын зайд хэн нэгнийг харах гэж зүдэрнэ. Хүүхдүүд эмнэлгийн коридорт "шалаар нэг" хэвтэж, ээлж дараалан уйлалдана. Ийм л дүр төрхөөр бид өвлийг төсөөлдөг болоод уджээ. Энэ жил харин утаа нүдэнд харагдахуйц буурч, тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байдаг болсон. Хоолой хорсож, хувцсанд утаа шингэхгүй. Ёстой л “Агаарын бохирдлыг бууруулахад ийм амархан байсан гэж үү” хэмээн дуу алдмаар сайхан.
 
Гэхдээ энэхүү үр дүнг ганц бид мэдрээд байгаа юм биш ээ. Швейцар улсын “Дэлхийн агаарын индекс” байгууллагаас гаргасан судалгаанд манай улс 2018 онд дэлхийн 100 улсын сүүлийг мушгиж байсан бол энэ жилээс 32 дугаар байрт ортлоо урагшилжээ. Улаанбаатар хотын урд 31 дүгээр байрт Чехийн нийслэл Прага хот орсон бол манай улсын ард 33 дугаар байрт Словакийн нийслэл Братислав хот орсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 96 хувь буюу Японы Осака, Нагояа хотууд шиг цэвэрхэн байна гэсэн үг.
Энд онцлоход, Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэхэд хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг хэлэх гэсэн юм. Төр, засгаас явуулж байгаа агаарын бохирдлыг бууруулах бодлогыг дэмжиж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллалаа. Тус ажлын хүрээнд ЗХЖШ-ын даргын 2019 оны тушаал, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний дагуу Зэвсэгт хүчний 013, 016, 119, 120, 326 дугаар ангиас найман офицер, 150 хугацаат цэргийн алба хаагч 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэлээ.
 
Бие бүрэлдэхүүн “Таван толгой түлш” ХХК-ийн Тахилт, 22-ын товчоо, Яармаг дахь гурван байрлалд 09.00 цагаас 18.30 цаг хүртэл ажлын найман цагаар долоо хоногийн зургаан өдөр үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажилласан Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн холбооны батальоны захирагч, хошууч Ө.Баярбадрах хэлэхдээ “Манай цэргүүд үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэдний ажлын үр дүнд “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлага, ажилчид сэтгэл хангалуун байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний ангиудын удирдлага болоод Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ч бид бүхний идэвх оролцоог үнэлж, цэргүүдэд урам хайрлаж байсныг дурдахад таатай байна. Улаанбаатар хотын удирдлага, иргэд утаатай 10 гаруй жил тэмцэлдсэн ч энэ жилийнх шиг ийм өндөр үр дүнд хүрсэн удаа байхгүй. Энэ ажилд манай цэргүүдийн оруулсан хувь нэмэр их гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу. Цаашид ч бид нийслэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулан үүрэг гүйцэтгэхэд бэлэн” гэсэн юм.
Цэргүүд шахмал түлш боловсруулах үйлдвэрт гар савлагаа, автомат савлагаа, ачилт, буулгалт гэсэн үндсэн ажлыг хийдэг байжээ. Гар савлагаа гэдэг нь үйлдвэрийн задгай талбайд буусан шахмал түлшийг шигшүүрт шигшин шуудайлж, жинлээд амсрыг нь оёж бэлэн болгохыг хэлдэг аж. Автомат савлагааны дамжлагаар ирж байгаа бэлэн болсон шахмал түлшийг тосож, тээвэрлэхэд бэлэн болгож өрнө. Ачилт, буулгалтын хэсэгт байгаа цэргүүд бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг авто машинд ачна. Зэвсэгт хүчний ангиудаас туулах чадвар сайтай “ЗИЛ-131” маркийн 28 нэгж авто машинаар зургаан дүүргийн авто машин зорчих боломжгүй өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлт хийж байгаа. Тэгвэл цэргүүд тэдгээр шахмал түлшийг ийнхүү бэлтгэж, тээвэрлэлтэд бэлэн болгодог байжээ.
Ингээд шахмал түлш боловсруулах үйлдвэрт ажилласан хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийн сэтгэгдлээс хүргэе.
 
ӨӨРИЙГӨӨ АЗТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
 
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн түрүүч Н.Өнөболд:
 
 
-Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн ба 2019 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн. Тэр дундаа баялаг түүхтэй холбооны хороонд алба хааж байгаадаа туйлаас баяртай байна. Улаанбаатар хотын иргэдийг утаагүй өвөлжихөд гар бие оролцох боломжийг олгосон ангийнхаа удирдлага, бие бүрэлдэхүүнд баярлалаа. Ийм боломж цэрэг бүхэнд олдоод байхгүй учраас би өөрийгөө азтай гэж бодож байна. Шахмал түлшийг шигших, шуудайлах, оёх, ачих ажлыг бид үйлдвэрийн стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Үйлдвэрийн ажилтнууд бидэнтэй үргэлж найрсаг харилцаж, санаа тавьж байсан болохоор бид ч ажлаа хийхдээ сэтгэл хангалуун байсныг хэлэхэд таатай байна. Мөн шинэ жилийн үеэр бидэнд баяр хүргэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад ангийн захирагч, штабын дарга нар ирж, баяр хүргэн урмын үг хайрласан нь маш сайхан үйл ажиллагаа болсон. Эх орны хүү, эр цэрэг болно гэдэг ямар сайхан болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм.
 
ЦАЛИНГААРАА ШИНЭ ГЭР ХУДАЛДАЖ АВНА
 
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч Э.Дэмбэрэлсайхан:
 
 
-Баянхонгор аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Манай гэр бүлийнхэн малчин хүмүүс бөгөөд миний аав гурван жил цэргийн алба хаасан хүн бий. Тийм болохоор ааваасаа цэргийн албаны талаарх дурсамжийг олонтоо сонссон. Мөн “Тусгай салаа” олон ангит уран сайхны киног үзээд цэргийн алба хаах нь зүйтэй юм байна гэж бодох болсон. Зорилгоо ч биелүүллээ. Үнэхээр миний бодсоноор цэрэгт ирээд би олон найз нөхөдтэй болж, өөртөө шинэ боломжуудыг нээсэн. Тэр дундаа нийслэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Ажил нь тийм ч хүнд байсангүй. Гэхдээ Улаанбаатар хотын иргэдийг утаагүй түлшээр хангахаар хүмүүс ямар их хүч хөдөлмөр шингээн байж ажилладгийг би тэнд байхдаа ойлгосон. Цэргүүд бид ажилласан дөрвөн сар гаруй хугацаандаа нийт 9500 орчим тонн шахмал түлшийг шуудайлж бэлтгэсэн. Энэ хугацаанд ажилласан цалингаа халагдахдаа авна. Цалингаараа шинэ гэр худалдаж аваад орон нутагтаа очиж малаа маллах бодолтой байгаа.
 
НАДАД ИЙМ БОЛОМЖ ОЛГОСОН ЗЭВСЭГТ ХҮЧИНДЭЭ БАЯРЛАЛАА
 
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн түрүүч Г.Болд-Эрдэнэ:
 
 
-Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг төгсөөд 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан. ЗХЖШ-ын даргын тушаалаар “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлш боловсруулах үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Өмнө нь ийм ажил ерөөсөө хийж үзээгүй миний хувьд үнэхээр сонирхолтой байлаа. Бид өглөө бүр ажилд гарахын өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавартай танилцаж, гарын үсэг зурдаг байсан. “Таван толгой түлш” ХХК-аас дулаан хүрэм, өмд, гутал, малгай, бээлий, каск, амны хаалт гээд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр бүрэн хангадаг байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Мөн нийт ажилчдад өдөрт хоёр удаа хор саармагжуулах бүтээгдэхүүн болох аарц, аньс, чацарганын шүүс өгдөг. Нэг цэрэг өдөрт дунджаар 130 шуудай сайжруулсан шахмал түлшийг савладаг байсан. Хотыг цэвэр агаартай болгох ийм сайхан үйлсэд иргэн хүнийхээ хувьд, цэргийн алба хаагчийнхаа хувьд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Түүнчлэн их сургуульд суралцах төлбөрөө хугацаат цэргийн алба хаах хугацаандаа олж авлаа. Надад ийм боломж олгосон Зэвсэгт хүчиндээ баярлалаа.
 
ХҮҮ МААНЬ ЭХ ОРНЫ ХҮҮ БОЛЖЭЭ
Түрүүч Э.Цогтбаатарын аав Б.Энхбаяр:
-Миний хүү Баянгол дүүргээс 2019 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан. Нэгэн орой хүүтэйгээ цэргийн албаны талаар ярилцаад “Миний хүү цэрэгт яваад ирвэл яасан юм бэ. Эр хүн болж төрсний нэгэн хэрэг чинь эх орондоо тангараг өргөх юм шүү” гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь миний хүү цэргийн зарлан дуудах хуудсаа барьчихсан “Ааваа, таны хэлснээр хүү нь цэрэгт явна аа” гэсэн юм. Тэгэхээр нь би ээжид нь хэлчихвэл хүүгээ явуулахгүй гээд уурлаж магадгүй гэж бодоод цэрэгт татагдсан хойно нь эхнэртээ хэлсэн. Ээж нь ч их гайхсан, “Хүүг минь надад хэлэхгүй явууллаа” гээд. Арга ч үгүй биз, хүүдээ санаа зовсон нь илт байсан. Харин одоо Цогтбаатарыг ямар сайхан жавхаалаг эр болсныг хараад ээж нь ч бус гэр бүлийнхэн нь бүгдээрээ хүүгээрээ бахархаж байгаа. Цэргийн алба хаагаад зогсохгүй Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, цалинтай халагдана гэдэг бол цэргийн алба хааж байгаа залуусын хувьд ховор боломж юм. Хүү маань анх шахмал түлш боловсруулах үйлдвэрт ажиллахаар томилогдсон гэж хэлэхээр нь санаа зовж л байлаа. Гэхдээ хувцас, хэрэглэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд 100 хувь хангагдсан гэдгийг нь сонсоод санаа амарсан. Хүү маань эх орны хүү болжээ.
 
ХОТЫН ИРГЭД НҮҮРСНИЙ ҮНЭРЭЭ МАРТСАН
 
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Т.Энхтайван:
 
-Шахмал түлшний илч болоод үнэхээр утаагүй шатдаг эсэхэд нь миний хувьд эхлээд эргэлзэж байсан. 11 дүгээр сараас хойш хэрэглэж байна. Үр дүн нь ч бидний нүдэнд тод харагдлаа. Хот үнэхээр утаагүй өвөлжсөн. Засгийн газрын хэрэгжүүлсэн шийдвэртэй алхмыг иргэд бид дэмжиж ажилласандаа баяртай байна. Шахмал түлшийг тойрсон сайн, муу асуудлууд энэ өвөлжингөө л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Мэдээж алдаа дутагдалгүй, төгс зүйл гэж юу байх вэ. Цаашдаа жилээс жилд түлшний чанар улам сайжраад явна биз дээ. Би өөрөө тээврийн жолооч учраас хөдөө, орон нутагт очиж ажиллах нь элбэг. Өмнө нь хөдөөгийн иргэд Улаанбаатар хотод ирэхдээ “Бохир агаартай байна, хоолой гашуун оргиод байна” гэдэг байсан бол одоо хотын бид томоохон аймгийн төвд очихоороо тэр үгийг хэлмээр санагддаг болсон байна шүү. Хүн гэдэг амьтан аливаа зүйлд хурдан дасдаг. Аймгийн төв орохоор нүүрсний үнэр содон санагддаг болсон. Тэгэхээр хотын хүмүүс ямартаа ч нүүрсний үнэрээ мартсан гэсэн үг. Ажил маань үүрийн 06.00 цагаас эхэлдэг. Өмнө нь үүрийн харанхуйд утаан дунд эргэн тойрны орчин хязгаарлагдмал нөхцөлд замын хөдөлгөөнд оролцож, ажил руугаа явах үнэхээр хүндрэлтэй байсан. Гэтэл энэ өвөл надад тийм асуудал тулгарсангүй. Энэ бол Улаанбаатар хотын жирийн иргэн хүний хувьд мэдрэгдэж байгаа үр дүн юм. Мөн шахмал түлш түгээх ажилд цэргүүд оролцсоныг сонсоод үнэхээр сайн ажил болж гэж бодсон. Үүгээр ч зогсохгүй эх орны бүтээн байгуулалтад цэргүүд оролцож, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь маш зөв. Би 1999 онд Хилийн цэрэгт алба хаасан. Намайг алба хааж байх үед ийм боломж гарсан бол мөн сайхан сан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр цэргийн алба олон талаар хөгжиж байна.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин