sonin.mn
1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бол монгол түмний хувьд хэзээ ч мартагдахааргүй түүхэн өдөр билээ. Энэ өдөр Монгол Улсын сансрын нисгэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогдон долоо хоног, 20 цаг, 42 минутыг өнгөрүүлэн дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Нэг удаа 12 дугаар ангийн сурагчаас “Монгол хүн хэдэн онд сансарт ниссэн бэ?” гэж асуухад “Мэдэхгүй” гэж хариулсан. Мэдээж би өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн хэдэн хувь нь монгол хүн сансарт ниссэн тухай мэдэж байгааг хэлж чадахгүй. Ямартаа ч өнөөдрийн залуу үе маань ХХ зуунд тохиосон монголчуудын түүхэн үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг төдийлөн сонирхохгүй байна гэж бодох болов. Тиймээс энэ талын түүх, мэдлэг, мэдээллийг байнга түгээн дэлгэрүүлдэг нэгэн байгууллагад очиж уншигчдад мэдээлэл хүргэхийн хамт үйл ажиллагааг нь сурталчилъя гэж бодлоо. Энэ бол Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд буюу Г.К.Жуковын музейн хойно байрладаг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хубилай хааны нэрэмжит Сансар, од эрхсийн хүрээлэн /Астропарк/ юм.
 
 
Тус хүрээлэн нь сансар судлал буюу космологийн шинжлэх ухааны мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залууст энэ талын мэдлэг, мэдээллийн ач тус, нийгэмд эзлэх байр суурь, ач холбогдлыг ойлгуулах, соён гэгээрүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага ажээ. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн төвтэй хамтран санаачилж энэхүү ордонг босгосон бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийж байжээ. Астропарк нь Сансар танхим, 3D танхим, Оддын театр гэсэн гурван хэсгээс бүрддэг. Сансар танхимын үүдээр орох төдийд л тэр чигээрээ сансрын хөлөгт суусан мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд хаалганыхаа дугаараас эхлээд л монгол хүн сансарт ниссэн түүхийг өгүүлэх мэт. Хаалга нь 101 гэсэн /Ж.Гүррагчаа нь дэлхийн 101 дэх, Ази тивийн хоёр дахь сансрын нисгэгч юм/ тооттой байх ажээ. Сансар танхимын эхний хэсэгт 1957 онд анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн "Спутник" пуужингаас эхлээд Оросын сансрын пуужингуудын хөгжлийг харуулсан макет байх юм. Түүний дээр хүн төрөлхтний сансар судлалд эргэлт хийсэн дэлхийн алдартай эрдэмтдийн зургийг байгуулсан гавьяатай нь бичжээ. Тэр дундаа Галилео Галилей, Николай Коперник, Исаак Ньютон, Алберт Эйнштейн зэрэг эрдэмтэдтэй хамт Хубилай хаан байх нь нүдэнд ихэд содон харагдана. Энэ талаар тус ордны эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал тайлбарлахдаа “Бээжингийн Одон орон судалгааны төв гэж сансар, од эрхсийн судлалаар Азидаа гэлтгүй дэлхийд дээгүүрт ордог байгууллага бий. Тус байгууллагыг анх Хубилай хаан Юань улсын ид сэргэн мандалтын үед байгуулсан бөгөөд тухайн үедээ 28 мужийн хамгийн шилдэг одон оронч, зурхайчдыг цуглуулан өндөр цалин, пүнлүү өгч, судалгаа, шинжилгээ хийлгэж байсан түүхтэй. Иймээс манай байгууллага нь Хубилай хааны нэрэмжит болсон юм” гэв.
 
Цааш явбал хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Ю.Гагаринаас эхлээд үе үеийн сансрын нисгэгчдийн байгуулсан гавьяа, түүхийг харуулсан зурагт самбар байх аж. Тэдгээр зураг дунд 1965 онд “Восход-2” хөлгөөс анх задгай сансарт гарсан А.А.Леоновоос эхлээд “Союз-19” хөлгөөр дэлхийг хамгийн олон удаа тойрсон Казахстаны сансрын нисгэгч Малеченко Мусабаевын амжилтын талаар өгүүлжээ. Сонирхуулахад тэр бээр 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нисэж, дэлхийг 1993 удаа бүтэн тойрч, 125 хоног, 22 цаг сансарт ажиллажээ.
 
 
 
Сансар танхимын хамгийн үнэтэй үзмэр нь Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын эх дэлхийдээ газардсан “Союз-39” хөлгийн буугч аппарат байлаа. “Союз-39” хөлгийн хүн байрлах хэсэг нь 8 метр урт бөгөөд түүний гол хэсэгт нь энэхүү буугч аппарат байрладаг байжээ. Их бие болон гадаргууг хөнгөн цагаан, хайлш, цэвэр ган төмрөөр хийсэн бөгөөд гадаргууг нь 2000 хэмийн халуунд тэсвэртэй тусгай материалаар бүрсэн аж. 210 см өндөр, 220 см өргөн, 2900 килограмм жинтэй, капсул хэлбэртэй уг аппарат нь анх 1981 оны 5 дугаар сарын 5-ны өдөр манай улсад ирсэн бөгөөд өмнө нь Тээврийн музейд олон жил хадгалагджээ. Дараа нь тус музейг хаагдахад Ж.Гүррагчаа авч, зуслангийнхаа байшинд 10 гаруй жил хадгалсны эцэст энэхүү ордонг нээгдэхэд хүлээлгэн өгсөн байна. Үнэхээр л явж, явж, байх ёстой газраа ирсэн гэж хэлмээр. Тус ордонд сансрын нисгэгч В.Жанибеков гурван удаа зочилсон бөгөөд сүүлд ирэхдээ хажуу бөөрөн дээр нь тэртээ 1981 онд шохойгоор бичиж байсан “Спасибо” гэсэн үгээ дахин тодруулж дурсгал болгон үлдээсэн гэнэ. Бас нэгэн содон үзмэр нь “Союз-39” хөлгөөр хөөрөх, буух үед сансрын нисгэгчийн өмсдөг скафандр буюу сансрын нисгэгчийн өмсгөл байлаа. Тус хувцасны дундаж үнэ нь ойролцоогоор 1,5 сая ам.доллар бөгөөд зөвхөн “А” хуулбар нь гэхэд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Харин энэхүү хувцсыг тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал урласан бөгөөд бодит байдалтай нь тун ойртуулж хийсэн байна. Тус өмсгөлийг резин шингээсэн даавуугаар хийдэг байна. Задгай сансарт дэлхийн нартай, сүүдэртэй талаас хамаарч хэдэн зуун хэмийн халуун, хүйтний ялгаа гардаг. Тиймээс температурын болон нарны хэт ягаан туяанаас хүний биеийг хамгаалах нь энэхүү хувцасны гол үүрэг юм. Мөн хажуу талдаа хүчилтөрөгч, цэвэр ус зэргийг хүний бие рүү шахдаг тусгай хоолойгоор тоноглогдсон байдаг ажээ.
 
 
Дараагийн хэсэгт зөвхөн сансрын нисгэгчдэд зориулан олгодог медаль, тэмдгүүдийг байрлуулсан байв. Тэр дунд зөвхөн “Союз” сансрын хөлгөөр ниссэн хүмүүст олгодог В.М.Камаровын алтан медаль ч байх юм. В.М.Камаров нь сансарт хоёр удаа ниссэн дэлхийн хамгийн анхны хүн. Анх 1964 онд “Восход-1” сансрын хөлгөөр амжилттай ниссэн тэр бээр хоёр дахь удаагаа “Союз-1” хөлгөөр сансарт нисээд эх дэлхийдээ буух замдаа хөлгийн буугч аппаратын шүхэр нь дэлгэгдээгүйгээс харамсалтайгаар амиа алджээ. Тэр бээр сансарт нисээд дэлхийдээ эргэж ирээгүй анхны хүн бөгөөд түүний гэгээн дурсгалд зориулан энэхүү медалийг бий болгожээ.
 
Цааш явбал сансрын нисгэгчдийн гарын үсэгтэй ил захидал, тэдний ууж, иддэг хүнсний бүтээгдэхүүнүүд, одон, медаль, тэмдгүүд шилэн хорго дотор гялалзан харагдана. Тэр дундаас сансрын орчинд ажилладаг үзэг миний анхаарлыг их татсан.
 
Уг үзгийг 1967 оноос АНУ-д үйлдвэрлэж эхэлсэн ба -40 хэмээс +120 хэмд гардаг. Мөн жингүйдлийн орчинд болон өндөр даралтын үед ч ажилладаг сонирхолтой үзэг байв. Өнөөдөр ч гэсэн тус үзгийг дэлхийн олон орны сансрын нисгэгчид ашигладаг гэнэ. Харин Оддын театрт хүүхэд, залууст одон орон судлалын талаар ойлголт өгөх зорилготой планетариумын танхимыг байгуулжээ. Энэ нь тус ордны бөмбөгөр оройд “Minolta-MS-8” тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар гэрлийн хугарлыг ашиглаж оддыг бий болгодог юм.
 
 
Энэ мэт тус ордонд байх үзмэр, танхим бүрийн онцлогийг тайлбарлан бичье гэвэл сонины зай, талбай хүрэлцэхгүй биз ээ. Ямартаа ч Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг шинжлэх ухаанчаар хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх үйлсийг эрхэлж байгаа тус байгууллагын хамт олны гавьяа, зүтгэлийн ачаар энэ бүхэн бий болсон гэдэг нь ойлгомжтой. Аливаа улсын хөгжил нь шинжлэх ухааны салбартаа суурилдаг шүү дээ. Тиймээс Монголын “ирээдүйг” шинжлэх ухаанчаар хүмүүжүүлэх ийм төрлийн олон байгууллага бий болоосой гэж хүснэм.
 
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин