sonin.mn
Дэлхий нийтийг хамарч, олон хүний амь насыг авч одож буй “Ковид-19”-ын халдвар Монгол Улсад 11 тохиолдол илрээд буй. Гэхдээ бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тул халдварыг тархахаас сэргийлж чадсан бөгөөд өвдсөн хүмүүст эмчилгээ хийж, эхнээсээ эдгэрч байгаа билээ.
Анх 2019 оны арванхоёрдугаар сард манай урд хөрш БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавурис илэрч, азийн орнуудад тархаж эхлэх үед манай Засгийн газар урдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авснаар монголчууд бид өнөөдрийг хүртэл халдварт өртөлгүй чамбай суугаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар зөвлөгөөг чанд сахиж, өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээ сонсож, маскаа зүүн, гараа ариутгаж, олон нийтийн газраар явахгүй, баяр ёслол тэмдэглэхгүй хүн бүр дор бүрнээ хичээсээр л байна.
Улс орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сүүлийн 2-3 сарын турш цаг наргүй ажиллаж буй олон хүний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлж, хүндэлж, магтан урамшуулсаар буй. Гэтэл өчигдөр /03.26/ ээлжит 11:00 цагийн мэдээллээрээ албаны эх сурвалжууд маань зөрүүтэй мэдээлэл өгч байх юм.
 
 
 
Тухайлбал, “ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 416.686 тохиолдол бүртгэгдэж, 18589 хүн нас барж, сүүлийн гурав хоногт 121.000 тохиолдлоор нэмэгдэж, европын бүсэнд долоо хоногт гурав дахин, Америкийн бүсэд 12 дахин нэмэгдэж дэгдэлтийн цөм болоод байна. Итали, Испани улс нас баралтын тоогоороо БНХАУ-ын дараагаар орж байна” гэж мэдээлэв.  
 
 
 
Үнэндээ сүүлийн өдрүүдэд европт халдвар эрчимтэй бүртгэгдэж, нас баралт Итали/7503/, Испани/3647/ болж нас баралтаараа БНХАУ/3287/-ын өмнө гарчихсан байна. БНХАУ шинэ тохиолдлын болон нас баралтын тоо нь буурч, энэ өвчнийг хяналтдаа аваад байгаа билээ. 
Иймэрхүү анзаарга болгоомжгүй алдаа гаргаж, мэдээлэл түгээх нь өдөр бүр мэдээлэл авч, санаа зовниж, халдварын болоод нас баралт, эдгэрэлтийн тоог анхаарч буй иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Тиймээс ийм өндөр хариуцлагатай үед ЭМЯ-наас өдөр бүр өгдөг мэдээллээ сайтар нягталж, магтаал сайшаалд бялууралгүй мэдээллээ үнэн зөв өгөхөд анхаараарай.
 
 
 
М.Зүйр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин