sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо Италийнхыг давжээ. Ингэснээр АНУ халдвараар хамгийн олон хүн нас барсан улс орнуудын нэгдүгээрт бичигдэж эхэлсэн байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдварын улмаас 20 мянга гаруй хүн нас баржээ. АНУ өдөрт хамгийн олон буюу 2000 нас баралт бүртгэгдсэн анхны улс болсны дараахан хамгийн олон хүн нас барсан орон болжээ.
 
 
 
Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо баасан гарагт мэдээлэхдээ, манай муж улсад өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо тогтворжиж байна гэжээ. Тэрбээр сүүлийн 24 цагийн хугацаанд 783 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлээд, сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн тоон үзүүлэлтүүд хоорондоо ойролцоо байгааг онцолжээ.
 
 
 
“Хэдийгээр энэхүү үзүүлэлт нь өдийг хүртэл бүртгэгдсэн хамгийн өндөр нь бишээс гадна тоон үзүүлэлтүүд ямар нэгэн байдлаар тогтворжиж байгаа нь харагдаж байгаа боловч “аймшигтай” түвшинд тогтворжиж байна” гэж Э.Куомо хэлсэн байна.
АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 520 мянга давсан бол тус улс дахь халдварын голомт болох Нью-Йорк муж улсад 180 мянга гаруй хүн халдвар авчээ. 
 
 
 
АНУ-д бямба гарагт ямар үйл явдлууд болов?
 
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээс үзэхэд бямба гаргийн байдлаар АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 20506 болсон нь Италийн /19468/ ижил үзүүлэлтийг давжээ. АНУ даяар халдварын 527111 тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-ын халдварт өвчин судлаач, доктор Энтони Фаучи, манай улсад халдварын тохиолдол, нас баралтын тоо тогтворжиж, буурах хандлага ажиглагдаж эхэллээ гэж мэдэгдсэн боловч зайнаас харилцах гэх мэт арга хэмжээг үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэй гэж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зайнаас харилцах зөвлөмжийн хэрэгжих хугацааг өмнө нь энэ сарын 30 хүртэл сунгасан билээ. АНУ-д халдварын тархалтын улмаас хамгийн багадаа 16 сая ажлын байр ойрын хэдэн долоо хоногт үгүй болох төлөвтэй байгаа аж.
 
 
 
Д.Трамп ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулах бизнес, анагаах ухааны салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн шинэ зөвлөл арга хэмжээнүүдийг хэзээ сулруулах талаарх хамгийн чухал шийдвэрийг гаргахад надад тусална гэж баасан гарагт мэдэгджээ. 
 
 
 
Конгресс халдвар дэгдсэнтэй холбогдуулан дахин санхүүгийн тусламж үзүүлэх асуудлаар санал зөрөлдөж байгаа энэ үед тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Ардчилсан намынхан жижиг бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлж, эмнэлгүүд, орон нутгийн Засгийн газруудад нэмэлт санхүүжилт олгох 250 тэрбум ам.долларын хуулийн төслийг санаачилсан бол Конгрессийн Бүгд найрамдах намын нэр хүнд бүхий хоёр гишүүн уг саналыг бямба гарагт эсэргүүцжээ.
 
 
 
Бусад улс оронд юу болов?
 
Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо өдөрт 917-гоор нэмэгдэж, 9875-д хүрсэн байна. Хатан хаан Улаан өндөгний баярыг тохиолдуулан үг хэлэх үеэрээ, коронавирус биднийг ялан дийлж чадахгүй гэж мэдэгджээ.
Испанийн Эрүүл мэндийн яам халдварын улмаас 510 хүн нас барсныг мэдээлсэн нь тус улсад сүүлийн гурван долоо хоног орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн цөөн үзүүлэлт болсон байна.
Франц, Италид нас баралтын тоо нэмэгдсэн боловч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо дахин буурчээ.
 
 
 
Энэтхэгийн Ерөнхий сайд хөл хорионы арга хэмжээг сунгахаар тохиролцсон талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
 
 
 
 
БНХАУ-д өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр анх дэгдсэн халдварын улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг