sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарим муж улсын захирагчид болон үндсэн хууль судлаачидтай зөрчилдөж, өөрийгөө улс даяар тогтоосон хөл хориог цуцлах “бүрэн” эрхтэй гэж мэдэгджээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг гартаа авлаа” гэж Д.Трамп маргаанаар эхэлсэн даваа гаргийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр уг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй маргалдсан байна.
Америкийн зүүн болон баруун эргийн есөн мужийн эрх баригчид гэртээ байх хатуу дүрмийг цуцлахаар төлөвлөж байгаа ажээ. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, муж улсууд олон нийтийн дэг журмыг баримталж, аюулгүй байдлыг хангах эрхтэй юм. Үүний дагуу коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг хэзээ цуцлахыг шийдэх нь муж улсын захирагчдын үүрэг гэж хуулийн мэргэжилтнүүдийн үзэж байна. 
 
 
 
АНУ-д коронавирусний халдварын 682619 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар хамгийн их тархсан орнуудын хоёрдугаарт бичигдэж буй Испанийнхаас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Мөн АНУ-д халдварын улмаас 23829 хүн нас барсан нь нас баралтын үзүүлэлтээр хоёрдугаарт жагсаж буй Италийнхаас их байгаа юм.
 
 
Ерөнхийлөгч юу гэж мэдэгдсэн бэ?
 
Д.Трамп Цагаан ордонд даваа гарагт болсон коронавирусний талаарх өдөр тутмын мэдээллийн үеэр хэлэхдээ, манай засаг захиргаа АНУ-ын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг эцэслэн дуусгаж байна хэмээжээ.
 
 
Д.Трампаас сэтгүүлчид муж тус бүрт тогтоосон гэртээ байх дүрмийг цуцлах эрх түүнд байгаа эсэхийг лавлахад, “АНУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхтэй. Бүрэн. Үүнийг муж улсын захирагчид мэдэж байгаа” гэж хариулжээ. Мөн тэрбээр, бид муж улсуудтай хамтран ажиллана гэж нэмж хэлжээ.
Д.Трамп АНУ-ын Үндсэн хуулийн “олон заалтаар” өөрт нь ийм эрх олгогдсон хэмээн мэдэгдсэн боловч тэдгээрээс нэгийг нь ч дурдаагүй байна.
“BBC” сувгийн сэтгүүлч түүнээс коронавирусний хоёр дахь давлагааны улмаас эдийн засаг дахин зогсолтод орж болзошгүйд санаа зовниж буй эсэх талаар асуухад, “Би ийм юм болохгүй гэж найдаж байгаа боловч үүнд ихээхэн санаа зовниж байна” гэж хариулжээ. Мөн тэрбээр АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоон үзүүлэлт тогтворжиж байгааг “зайнаас харилцах” дүрэм үр дүнгээ өгч буй илрэл хэмээн тайлбарлажээ.
Хуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Ерөнхийлөгч муж улс эсвэл орон нутгийн түвшинд тогтоосон олон нийтийн эрүүл мэндийн хязгаарлалтыг цуцлах эрхгүй ажээ.  
 
Цагаан ордон зоогийн газрууд, онцын шаардлагагүй зорчих хөдөлгөөнөөс зайлсхийж, 10-аас олон хүн цуглахгүй байхыг америкчуудад зөвлөсөн бөгөөд энэхүү арга хэмжээ нь энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм.
Даваа гаргийн хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордноос үзүүлсэн дүрс бичлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилж, цар тахалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрүүдийг сайшааж, захирагчид Д.Трампын засаг захиргааг магтаж буй дүрсүүдийг харуулсан байна. Хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг хэсгийг тун хурдан тасдаж, байхгүй болгожээ.
 
 
Муж улсын захирагчид юу төлөвлөж байна вэ?
 
Муж улсын захирагчид Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг харгалзахгүйгээр эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх төлөвлөгөөнүүдийн талаар хэлэлцэж байгаа ажээ. Нью-Йорк, Нью-Жерси, Род-Айленд, Коннектикут, Делавэр, Пенсильвани муж улсын эрх баригчид “маш болгоомжтой” шийдвэр гаргахаа амласан боловч шийдвэр нь хэзээ гарах талаар мэдээлээгүй байна.
Нью-Йорк муж улсад халдварын 190 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 10 мянга гаруй хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.
Харин тус муж улсын захирагч Эндрью Куомо даваа гарагт мэдэгдэхдээ, манай муж улсын хувьд “хамгийн хүнд үе ард хоцорлоо” гэжээ. "Хэрвээ бид цаашид үргэлжлүүлэн ухаалаг хандаж чадвал хэвийн байдалдаа эргэн орж эхэлнэ гэж би үзэж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-ын баруун нутгийн Калифорни, Вашингтон, Орегон муж улс мөн эдийн засгаа сэргээх тухай нэгдмэл шийдвэрийг гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Ингэснээр АНУ-ын хүн амын дөрөвний нэг гаруй хувь нь амьдардаг дээр дурдсан муж улсуудад хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөнүүдийг боловсруулж байгаа гэсэн үг юм. АНУ-ын 40 гаруй муж улсад гэртээ байх дүрмийг дагаж мөрдөж байгаа билээ.
 
Бусад улс орон ямар стратегийг баримталж байна вэ?
 
Дэлхий даяар хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах өөр өөр хандлагуудыг баримталж байна.
Өнгөрсөн 12 дугаар сард халдвар анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод хоёр сар гаруйн дараа хөл хориог хэсэгчлэн цуцалжээ.
Испанид 300 мянга орчим ажилтныг ажилдаа эргэн орохыг зөвшөөрсөн байна.
Европын орнуудын дундаас халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан Италид энэ долоо хоногоос зарим бизнесийн үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрнө.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улс орон даяар тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 11 хүртэл сунгана гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Засгийн газар энэ долоо хоногт хөл хорионы хязгаарлалтуудад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж мэдэгджээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг