sonin.mn
“Монголын нууц товчоо” бол Чингис хааны сүнс юм.
 
Жак Уэтерфорд
 
Дээд тэнгэрээс заяат төрсөн... Энэ бол үзэл суртлын баримтлал. Хэлсэн хэлбэр нь үзэл суртлын мэдэгдэл, түүх ба ялах ялагдахын нууц нь үзэл суртал. Ялахын нууц нь нууц байлгахыг дотроо хадгалсан юм. Гучин жилийн өмнө Хэнтий аймгийн хэдэн сэхээтэн “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойг тэмдэглэх тухай асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичсэнийг тэр үед “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, сэтгүүлч, зохиолч Т.Мандир нар дэмжиж олон арван уншигчийн санал хүсэлтийг нийтэлж, ард түмний оюун санаанд “тэсрэлт” өгсөн билээ. Ингээд тухайн үеийн төр, засаг энэ санал санаачилгыг дэмжиж, “Монголын нууц товчоо”-нд зориулсан гэрэлт хөшөөг Хэрлэнгийн хөдөө аралд босгон, Монголчуудын эв нэгдлийн их баярыг зохион байгуулсан нь ард түмний гүн талархлыг хүлээсэн юм. Энэ наадам Монголчууд үнэт зүйлээрээ нэгдэж чадвал юуг ч бүтээж болохыг үзүүлсэн үйл хэрэг байлаа.Наадмын хөтөлбөрийн хүрээнд “Монголын нууц товчоо"-ны тухай яруу найргийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, “Монголын нууц товчоо” судлалыг хэдэн алхам урагш ахиулан Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн нь угтах он жилүүдийн эхлэл, ард түмний билгийн нүдийг нээсэн түүхэн үйл явдал болсныг тухайн үеийн ард олон мэднэ. 
 
 
 
“Монголын нууц товчоо”-ны түүхэн ойг тэмдэглэсэн нь ард түмний оюун санаанд хүчтэй нөлөөлж, 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа хамтын үзэл санаагаа нэгтгэн боловсруулж батлахад эв нэгдлийн их хүчийг өгсөн юм.
 
 
 
Энэ түүхэн үйл явдлаас хойш 30 жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд “Монголын нууц товчоо” судлал хөгжиж, доктор Э.Пүрэвжавын ажлын үр дүнд “Монголын нууц товчоо”-ны 13 эх судалгааны эргэлтэд орсон байна. 1990 оноос хойш “Монголын нууц товчоо”-ны судлалаар доктор Б.Сумъяабаатар, судлаач Д.Цэрэнбалтав, Ш.Чоймаа, Ж.Лувсандорж, Л.Дашням, Э.Пунсаг, Д.Пүрэвдорж, Т.Баасансүрэн, Б.Өлзийсүрэн, Д.Дагдан, Г.Аюурзана, Т.Намжил, А.Цанжид нарын бүтээл туурвил уншигчдын хүртээл болжээ.
 
“Монголын нууц товчоо” зохиолын статистик
 
1. “Монголын нууц товчоо" зохиол 8144 үгтэй /доктор Б.Сумъяабаатар/
2. “Монголын нууц товчоо" зохиол 4328,5 мөртэй /Ч.Эрдэнэ эрдэмтэн багш/, Т.Дашцэдэнгийн эхийн үндэслэлийг гаргасан/.
3. “Монголын нууц товчоо” зохиолын үйл явдал 17 орны 215 газар нутагт өрнөсөн. О.Сүхбаатар, Ш.Шагдар нарын судалгаа.
4. “Монголын нууц товчоо” зохиолд 446-455 хүний үйл амьдралыг өгүүлжээ. /доктор Б.Өлзийсүрэн Д.Дагдан нарын судалгаа/
5. “Монголын нууц товчоо” зохиолд 2800 гаруй үйл явдал болж өнгөрсөн байна. /залуу судлаач Э.Далайн судалгаа/ зэргээс дүгнэлт хийж үзвэл “Монголын нууц товчоо” аугаа туурвил юм.
 
“Монголын нууц товчоо” нь аман зохиол, уран зохиол, түүх, эрх зүй, философи, хэл, зан заншил, эдийн засаг, анагаах ухаан, одон орон судлал, хүн судлал, сэтгүүл зүй, ардын сурган хүмүүжүүлэх ухаан, технологи, далд ухааны судлагдахуунуудыг агуулсан бүтээл юм.
 
“Монголын нууц товчоо”-ны агуулга, үзэл санаанд нэвтрэн орж, танин мэдэхүйн ач холбогдол яндашгүй их учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 оны хоёрдугаар сарын 18-нд зарлиг гаргаж “Монголын нууц товчоо”-г дээдлэн хүндэтгэж, иргэн бүхэн судлахыг уриалснаас хойш энэхүү хөлгөн судрыг судлах ард түмэн, нийгмийн идэвх өрнөсөн билээ. 2012 онд МҮОНТ-ээс “Монголын нууц товчооны нууцад нэвтэрхүй” теле уралдааныг зохион байгуулж, улсын хэмжээнд бүх насныхан уг зохиолыг судлах, цээжилж тогтоох, үйл явдлуудын учир шалтгааныг танин мэдэх тэмцээнийг зарласан юм. Энэ уралдаанд Чингис хааны нэрэмжит “Их Засаг” ОУИС-ийн оюутан Э.Далай тэргүүн байрт шалгарч, олон шилдэг залуу байр эзэлснийг бид мэднэ. Энэ нь солонгос судлаач Ким Жон Рэгийн онож үнэлснээр манай ард түмэн “Монголын түүх, нууц товчооноосоо дахин төржээ”. Энэ уралдаанд тэргүүн байр эзэлсэн Э.Далай судалгаагаа гүнзгийрүүлж “Монголын нууц товчооны нууцад нэвтрэхүй 1” бүтээл туурвисан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн үзэл санааг хэрэгжүүлэх ажил бүх шатны сургуулиудад өрнөсөөр байна. Энэ онд монгол үндэстэн хүн төрөлхтний оюун санааг баяжуулсан их туурвил “Монголын нууц товчоо” бүтээлийн 780 жилийн ой тохиож байна. Бид 2019 онд тохиосон Хамаг Монгол улс байгуулагдсаны 830 жилийн ойн талаар ганц ч үг дуугаралгүй өнгөрлөө.  Хамаг Монгол Улсын түүх бол Их Монгол Улсын түүхийн тулгын чулуу нь байсныг бид мартаж болохгүй бөгөөд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрхний хөх нуурын орчим дурсгалын цогцолбор байгуулж, Монгол Улсын түүхэнд хүндэтгэл үзүүлж байх ирээдүй хойчийнхонд их түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх, гадаадын улс орнуудад Монголоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой билээ. Тэгвэл энэ жил тохиож буй “Монголын нууц товчоо”-ны 780 жилийг ойг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх вэ?
 
Нэгэн зүйл: Монголын Улсын Ерөнхийлөгч.
-ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Ельцин, Казахстан улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Назарбаев нарын туршлагаар “Монголын түүхийн 10 жил”-ийг 2020-2030 онд зохион байгуулахыг зарлиглаж, ард түмний түүхийн ухамсар, мэдлэгийг сэргээх их ажил өрнүүлэх.
 
Нэгэн зүйл: Монгол Улсын Засгийн газар.
 
1. “Монголын нууц товчоо’’-ны түүхт газруудад бүтээн босгож байгаа цогцолбор, Чингис хааны музейг барьж байгуулах ажлаа эрчимжүүлэх, ард түмний дунд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн өрнүүлэх. 2020 онд тохиох Бодончир богдын мэндэлсний ойг тэмдэглэхийн тулд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Балжийн аралд тахилгын сүм байгуулах төсөл хэрэгжүүлэх.
2. Боловсролын төрийн төв байгууллага санаачлан “Монголын нууц товчоо-780” хөтөлбөр боловсруулж, Монголын их түүх, “Монголын нууц товчоо”-г таниулах өргөн далайцтай ажлыг зохион байгуулж, мэдээллийн хэрэгслээр сурталчлах. “Монголын нууц товчоонд нэвтрэхүй” теле уралдааныг үзэгч, сонирхогчдын дунд насны ангиллаар зохион байгуулах.
 
3. Монголын нийгмийг ёс суртахууны танин мэдэхүйн нийгэм болгохын тулд бүх ард түмний дунд ялангуяа дэлхийн болон Монголын түүхийн ном унших хөдөлгөөн өрнүүлж, хамгийн олон ном уншсан баг, сум, хороо дүүрэг, аймаг, байгууллагыг шалгаруулах. Энэ ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоох.
 
 
 
Нэг хүн хэдэн ном уншиж байгаагаар нь байгууллага хамт олныг шалгаруулж байх. Ийм туршлага дэлхий дахинд буй. Тухайлбал, Израйль улсын хувьд иргэдийнх нь ном уншсан үзүүлэлтийг харахад нэг хүнд 68 ном ногддогоороо дэлхийд тэргүүлдэг. Тиймээс хамгийн олон ном уншсан үндэстэн гэж хүндлүүлдэг.
 
 
 
4. Хүүхэд залуучуудыг АНУ-ын Харбортын их сургуулийн туршлагаар сурагч, оюутан бүрийг “Явдаг ном” болгох хөдөлгөөн өрнүүлж, жил бүр дүгнэдэг тогтолцоог бий болгох. Энд хувийн, төрийн бүх шатны байгууллага, сургуулийг хамруулах.
 
Нэгэн зүйл: Шинжлэх ухааны байгууллагууд.
 
1. “Монголын нууц товчоо-780” дэлхийн Монголч эрдэмтдийн их хурал зохион байгуулж, дэлхий дахиныг төвхнүүлсэн эзэн Чингис хааны үзэл, онолын ач холбогдлыг сурталчлах, дэлхий дахиныг оюунаар холбож “Pax Mongolia 21” үзэл санаанд нэгдэх арга замыг олох, үнэт зүйлийг дэлхийн эрдэмтдийн анхааралд толилуулах.
 
Нэгэн зүйл: Мэргэжлийн эвлэл, холбоод.
 
1. Бүх уран бүтээлчийн дунд “Монголын нууц" товчоо”-ны баатруудын түүхэн хувь заяаг нээж яруу найраг, богино өгүүллэг, тууж бичих болон уран зургийн уралдаан зарлаж дүгнэх
 
Нэгэн зүйл: Хэвлэл мэдээллийг байгууллагууд.
 
1. Монголын их түүх “Монголын нууц товчоо”- ны агуулга, үзэл санаагаар хийсэн шилдэг контент, бүтээлийг сурталчлах.
2. Сонин, сэтгүүлийн редакцууд сэтгүүл, сониныхоо 1-5 хуудсыг “Монголын нууц товчоо”-г сурталчлахад зориулах зэрэг үр бүтээлтэй зарим ажлыг зохион байгуулж, энэ жилээс эхлэн Монголын ард түмний дунд соён гэгээрүүлэх их ажпыг эхлүүлж, сэтгэлгээний болон соёлын хувьсгалыг өрнүүлэн, “Өнгөрсөн түүхээ зөв ухаарвал ирээдүй улам гэгээтэй болно” гэсэн мэргэдийг үгийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2020 он бол түүхч Б.Балжинням нарын судалж тогтоосноор Монголын сэргэн мандалтын 800 жилийн түүх давтагдаж буй чухал цаг үе. Бидний хайртай багш Ш.Гаадамбын захиснаар Монгол үндэстний сэргэн мандах өлзий учрал бүрдсэн цаг ирвээс “Монголын нууц товчоо” нууцаа өөрөө тайлна хэмээснийг санацгаая.
“Монголын нууц товчоо”- ны агуу үзэл санаа биднийг дуудаж байна. Сэрэгтүн! Бодогтун! Бүтээгтүн!
 
“Их Засаг” олон улсын их сургуулийн багш, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.НЯМАА
“Их Засаг” олон улсын их сургуулийн багш, судлаач Р.АМАРЖАРГАЛ