sonin.mn
Адал явдалт аяллын хаан гэгддэг Чарли Уокер Хятадаас Монгол Улс хүртэл говь цөлөөр ганцаараа 1000 миль аялсан тэмдэглэлээ “The Sun” сонинд нийтлүүлжээ. Тэрбээр Европ, Ази, Африк тивээр 43 мянган миль газрыг унадаг дугуйгаар туулсан аяллынхаа тухай “Цас ба элс” номоо хэвлүүлсэн байна. Чарли энэ жил Папуа Шинэ Гвиней улсаар аялах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулжээ. Өдгөө тэрбээр Лондонд амьдарч байгаа аж. “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа Чарли “Би сүүлийн арван жилийн турш дэлхийн хамгийн алслагдсан газруудаар аялсан. Энэ бол миний хувьд ер бусын амар тайван цаг үе байлаа.
 
 
 
Хэн хүнд танил бус оршихуй нь надад ертөнцийг өөрөөр харахад тус болсон. Цар тахлын нөхцөл байдалд дасан зохицох нь эрүүл мэнд, оюун санааны хувьд чухал ач холбогдолтой. Би уйтгартай нэгэн хэвийн амьдралаас зайлсхийхийн тулд завгүй байхыг хичээдэг. Говьд ганцаараа олон долоо хоногийг өнгөрүүлэхдээ их зүйлийг танин мэдсэн.
 
 
 
Миний аяллын зорилго бол Монголын өргөн уудам газар нутгийг хөндлөн туулах явдал байв. Монгол орноор аялах хөтөлбөрөө удаан бодож, төлөвлөсөн. “Өглөөний цай уух, хоёр цаг алхах, зууш идэх, хоёр цаг алхах, өдрийн хоол идэх, хоёр цаг алхах, зууш идэх, хоёр цаг алхах, оройн хоол идэх, унтах” гэсэн хөтөлбөртэй байв. Би аяллынхаа үеэр зураг зурсан юм.
 
 
 
Миний зургийн ихэнхэд нь морийг дүрсэлсэн. Өдөртөө 40 хэм хүртэл халдаг Монголын говь, талыг туулахдаа би ганцаараа байсан. Гар утас, хөгжим тоглуулагчгүй алхахдаа ганцаардлыг мэдрэх нь гайхамшиг.
 
 
 
Хүмүүс олуулаа байхыг хүсдэг. Олон нийтийн газар завгүй амьдрал дунд бид орон зай, амар амгаланг мэдэрч чаддаггүй. Монгол бол дэлхийн хамгийн цөөн хүн амтай атлаа уудам газар нутагтай улс. Хүнтэй тааралдахгүйгээр олон өдөр алхахдаа дотоод ертөнцтэйгөө л ярилцдаг байв. Үнэндээ би ганцаараа ч эдгээр өдрийн аз жаргалтай өнгөрүүлж, амьдралаа дүгнэж, ирээдүйнхээ төлөвлөгөөг гаргасан юм. Хүслээ биелүүлж, амьдралын жижиг, энгийн зүйлээс таашаал авч болдгийг энэхүү аяллаас ойлгосон. Ертөнцийг ойлгож, Монголын тал нутгийг туулсан аялал минь хоёр сар үргэлжилсэн хэмээн хуучилжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин