Хот хүрээ газар хоггүй цэвэр цэмцгэр байх  нь хорооноос шалтгаална. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны анхан шатны нэгж болсон хорооны ажил сайн байж гэмээнэ дүүрэг, хорооны нутаг дэвсгэр цэвэр цэмцгэр байх учиртай. Гэхдээ орон сууцнуудын хувьд СӨХ-өөс их зүйл шалтгаалдаг. Сайн ажилладаг СӨХ-тэй байр цэвэрхэн, тохилог байхаас аргагүй. Орчин тойрон нь сайхан байдаг. Гэхдээ оршин суугчдаас их зүйл хамаардаг бололтой. Юутай ч СӨХ-ны ажилд учирдаг хүндрэл бэрхшээлийн талаар СХД-мйн 6 дугаар хорооны зургаан байрыг нэгтгэсэн “Гэрэлт цом” СӨХ-ны дарга

 Н.Ёндонжамцтай ярилцсан юм.

-Та энэ ажлыг хэзээ авсан бэ?

-Яг нэг жил болж байна даа. Манай энэ хавийн оршин сууцнууд намайг ирэхэд хогондоо дарагдчихсан, подваль нь бохироор дүүрчихсэн, ялаа батгана шавчихсан байсан. Айлууд нь СӨХ-ийн мөнгөө төлнө гэж байхгүй. Өр нь талийчихсан гээд асуудал их байлаа. Би ирээд подвалийг нь засахаас ажлаа эхэлсэн. Мөн орчны тохижилтод анхаарч ажилласан.

 

Өнгөрсөн намар л гэхэд хөөцөлдөж байж 50 орчим сая төгрөгийн төсөл нэвтрүүлж 58-А байрны хойд талбай дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн. Мөн байрнуудын гаднах талбайн гэрэлтүүлгийг хийсэн. Нийтдээ 100-гаад сая төгрөгийн төсөл нэвтрүүлсэн. Бас дулааны болон халуун хүйтэн усны шугамыг солих асуудлыг 2013 оны төсөвт суулгуулсан. Энэ намар “Баянхошуу ус” контороос төвийн дулааны шугамыг солих ажлыг хийсэн.


-Айлуудын СӨХ-ийн өр барагдаж байна уу?

-Намайг ажил авахад СӨХ 36 сая төгрөгийн хур өртэй байлаа. 92 айл хур өр үүсгэсэн байсан. Энэ өрийг барагдуулахад анхаарч ажилласан. Одоогоор 18 сая төгрөгийг л оршин суугчдаас авна.



-Подваль нь яагаад бохир усаар дүүрчихсэн юм бол?

-Орон гэргүй тэнэмэл хүмүүс хаалга цоожийг нь эвдэлж ороод цэвэр бохир усны шугам хоолойг нь хуга татаж аваад төмрийн хог дээр авиачаад тушаачихсан юм билээ. Цагдаа нарын хувьд бидний гомдлын дагуу тэднийг шалгадаг. Гэхдээ тэр хүмүүст хоёр чихнээс нь өөр авах юм байхгүй болохоор хэцүү л юм билээ. Ер нь орон гэргүйчүүд маш их хүндрэл учруулдаг.

 

Манай хороонд Амьдрах ухаан төв гэж байдаг. Очих газар, оочих аягагүй хүмүүс тэнд л хоног төөрүүлдэг юм билээ. Ихэнх нь зүгээр байна гэж байхгүй, заавал хог тарьж, юм эвдэж сүйтгэж явдаг юм. Хог ачаад өг. Мөнгө өгье гэхэд л хөдлөхгүй шүү дээ. Ажил хийснээс хогоо түүгээд явж байсан нь дээр гэж хээв нэг хэдэрлэдэг. Ийм хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт хийхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй дээ. Бид гэхдээ зүгээр суусангүй хэд хэдэн байрны подвалийг засч, хуучин хэвэнд нь оруулсан.


Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ”