sonin.mn

Австрийн армийн чөлөөнд гарсан хурандаа, 71 настай М.Мартиныг төрийн нууц задруулсан, цэргийн нууцыг Оросын талд ашигтайгаар зориуд илчилсэн хэмээн гурван жилийн хорих ял оноолоо. Зальцбург хотын шүүхэд нээлттэй болсон хурлын шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байна. Шүүгдэгч уг шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн бол өмгөөлөгч нь давж заалдахыг хүсчээ. Гэхдээ төрийн нууцад хамаарах тагнуул хийсэн байж болзошгүй хэргийг шүүх хурал хаалттай болсон байна. Шүүх хуралд 19 иргэнийг гэрчээр дуудсан ч шинэ коронавирусийн улмаас оролцуулаагүй юм.

 

 

Зальцбургийн прокурорын газраас Мартиныг 25 жилийн турш тагнуулын үйл ажиллагаа явуулж, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий газарт төрийн нууцыг задруулсан нь Австри улсын эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж 10 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Яллах дүгнэлтэд дурдсанаар, Австрийн хурандаа 1993 оноос хойш Оросын цэргийн тагнуулын албанд ажиллаж, улсынхаа зэвсгийн систем, газрын болон агаарын цэргийн хүчний талаар мэдээлэл өгч, 300 мянган евро авчээ.

 

 

Шүүхийн албан ёсны төлөөлөгч Питер Эггерийн хэлснээр гурван жилийн хорих ялд шийтгүүлэгчийн 2018 оны арваннэгдүгээр сард баривчлагдсанаас хойших нэг жил хагасын хугацааг багтаасан болно. Мартины өмгөөлөгч "Тэрээр жил хагасын хугацаанд шоронд суусан тул хугацаанаас нь өмнө суллах үндэслэлтэй" гэж үзжээ. Шүүхийн төлөөлөгчийн хэлснээр прокурорын байгууллага хорих хугацааг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байна. Түүний өмгөөлөгч шүүгдэгч нь төрийн нууцыг задруулаагүй, зөвхөн нээлттэй эх сурвалж, интернэт, сонин хэвлэлээс мэдээлэл цуглуулж, найз нөхдөдөө дамжуулсан гэжээ. 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин