sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотод коронавирусээр дотооддоо халдварласан шинэ тохиолдол сүүлийн 11 хоног дараалан хоёр орон тоогоор нэмэгдсэнтэй холбоотойгоор тус хотод халдварын томоохон голомт үүсэж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж эхэлжээ. Сөүлд нийт хүн амны дөрөвний нэг нь оршин суудаг юм.
Сөүлд энэ сарын 1-10-нд өдөрт халдварын 13-29 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг “Yonhap” агентлагийн мэдээлэл харуулсан бөгөөд пүрэв гарагт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНСУ-д халдвар тархсанаас хойш халдварын тохиолдол хамгийн олон хоногийн турш хоёр оронтой тоогоор нэмэгдэж буй нь энэ ажээ.
 
 
 
Өнгөрсөн гуравдугаар сард Сөүлийн баруун өмнөд хэсгийн Гуро дүүргийн дуудлагын төвд халдвар голомтлон тархах үед халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдэж байсан бөгөөд тавдугаар сард Итаевон дүүргийн шөнийн клубүүдэд халдвар тархах үед мөн дөрвөн өдөр дараалан ийм тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
 
 
Үүнээс гадна Сөүл хотын бүсэд хамаардаг, тус хотоос холгүй оршдог Инчеон хот, Гёнги мужид мөн халдвар голомтлон тархсан бөгөөд “Coupang” компанийн хүргэлтийн төв, жижиг сүмүүд, хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ, ширээний теннисийн клубтэй холбоотой халдварын тохиолдлууд сүүлд бүртгэгдсэн юм.
Засгийн газар халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор хүн ам шигүү суурьшдаг Сөүл болон тус хотын эргэн тойрны бүс нутагт зургадугаар сарын 14 хүртэл зайнаас харилцах арга хэмжээнүүдийг өнгөрсөн сард тогтоосон бөгөөд эрх баригчид уг хугацааг сунгах эсэхээ ойрын өдрүүдэд танилцуулах төлөвтэй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг