sonin.mn
Энэ дугаарынхаа зочны хойморт урлагийн залуу үеийн төлөөлөл УДЭТ-ын жүжигчин О.Майдарравжааг урилаа. Тэрээр “Хайрын виз”-ийн Цэнгэл, “Надтай үлдээч” жүжгийн Суугийгийн дүрд чадварлаг тоглосон юм.
 
Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Би 1991 онд Ховд аймагт төрсөн. Ховд аймагт төрсөн минь урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Бага байхаасаа л урлаг, спортын ямар л арга хэмжээ болно бүгдэд нь ордог байсан. Тийм болоод ч тэр үү, 2007 онд 9 дүгээр ангиа төгсөөд Соёлын коллежид элсэн 2 жил морин хуурч мэргэжлээр суралцаж, 2013 онд тус сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Мөн 2018 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Надад анх жүжигчний гол суурийг суулгасан хүн бол Б.Отгонбат багш маань. Би анх жүжигчин болно гэж зорилго тавьж байгаад дундуур нь хөгжим сураад түүндээ бас дурлаж явсан. Мөн хөөмий, сагсан бөмбөг гэх мэт олон зүйлийг сонирхон төөрөлдөж байсан. Эдгээр нь миний хувьд алдаа биш харин ч эсрэгээрээ жүжигчин болоход давуу тал болсон гэж боддог. Тэгээд нэг өдөр өөртэйгөө ярилцаж яг ямар мэргэжилтэй хүн болох вэ гэж асууж байгаад анх тавьсан зорилгоо биелүүлэхээр СУИС-д элсэн орсон. Энэ нь миний хувьд маш зөв шийдвэр болсон гэдэгт эргэлздэггүй.
 
УДЭТ-ын босго өндөр гэдэг. Та хэрхэн театртай холбогдсон бэ?
 
-Энэ байгууллагыг яг жүжигчний чиглэлээр Монгол Улсдаа хамгийн өндөр босго, шалгууртай нь гэж боддог. Манай театр хоёр жилд нэг удаагийн шалгалтаар цөөхөн хэдэн жүжигчин сонгож авдаг. Жилдээ хэдэн хүн жүжигчин мэргэжлээр төгсөж байгаа билээ, үүнээс хэд нь УДЭТ-т ажиллах хүсэлтэй, тэндээс хэдийг нь авдаг зэргээс энэ байгууллагын үнэ цэнийг харж болно. Энэ шалгуурт өөрийгөө сорино гэдэг нь бас хувь уран бүтээлчийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хэм хэмжүүр гэж болох байх. Би энэ том айлд орох гэж тодорхой хугацаанд бэлдэж тэнцсэн. Энэ нь надад маш их урам зориг, цаашдаа энэ мэргэжлээрээ илүү их хичээж ажиллах эрч хүчийг өгсөн.
 
 
Таны бүтээсэн анхны дүр ...
 
-Бүтээсэн гэхээсээ дүр дээр ажилласан гэвэл зохих байх. Яагаад гэвэл залуу уран бүтээлчид бид дүр дээр ажиллах арга ажиллагаанд суралцаж байгаа. УДЭТ-т ороод удаагүй байхад МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжиг шинэчлэн тоглогдсон. Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд ажилласан. 13 жилийн дараа шинэчлэн тавьсан тус жүжигт УДЭТ-ын студи ангид харьяалагдах П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, Г.Содбаяр гэсэн залуу жүжигчид болон МУГЖ Ж.Оюундарь эгч, МУСТА М.Түвшинхүү ахтай хамтран тоглосондоо маш их баяртай байдаг. Би тус жүжигт Цэнгэл гэдэг сэргэлэн, зальжин залуугийн дүр дээр ажилласан. Тухайн жүжгээс маш их зүйлийг сурч, туршлага хуримлуулж авсан гэж боддог. Жүжигт хэрхэн тоглосныг би биш үзэгчид дүгнэнэ шүү дээ.
 
Таныг жүжиг найруулсан гэж сонссон ...
 
-Энэ жил зохион байгуулагдах байсан боловч коронавирусийн хөл хорионоос болоод хойшлогдсон 15 дахь “Гэгээн Муза” наадмын хоёр хүний жүжгийн шинэ төрөлд өөрийн найруулсан уран бүтээлээр өрсөлдөх эрхээ авсан. Тухайн төрөлд өрсөлдөх эрх авахын тулд хоёр хүний жүжгийн улсын уралдаанд хоёр уран бүтээлээр оролцсон. Зохиолч нь үл мэдэгдэх Япон улсын алдарт зохиол “Торгон дэнлүү” сонгодог хэлбэрийн жүжгийг шинээр найруулсан. Маш том бүрэн хэмжээний жүжгээс гол утга санааг нь гарган хоёр хүний жүжиг болгоно гэдэг миний хувьд ахадсан ажил байсан. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийгөө голж болохгүй, мөн хэт биеэ тоож болохгүй гэсэн алтан дунджийг баримтлан ажилласан. Хамтран ажилласан хүмүүсийн дэмжлэгээр тус уралдаанд амжилттай оролцон “Гэгээн Муза” наадмын хоёр хүний жүжигт нэр дэвших уран бүтээл болгож чадсан. Найруулсан жүжгийн маань эрэгтэй гол дүрд театрын студи ангийн залуу жүжигчин Г.Ганбат, эмэгтэй гол дүрд Ц.Цэлмүүн нар тоглосон юм. Мундаг, сайн найруулагч нартай зэрэгцэн өөрийнхөө уран бүтээлээр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшинэ гэдэг миний хувьд маш том шагнал.
 
Таны бүтээхийг хүсдэг дүр юу вэ?
 
-Би өөрийгөө үндсэрхэг үзэлтэй хүн гэж боддог. Гэхдээ үндсэрхэг үзэлтэй гээд хэтэрхий туйлшраад ийш тийшээ давхиад байдаггүй. Тэрэндээ ч тулгуурлаад миний ажиллахыг хүсдэг, судалж ч байгаа дүр бол түүхэн жүжгийн Жамуха хаан. Гэхдээ жүжигчин хүн яг л баримлын шавар шиг байх ёстой. Ямар дүр ногдоно түүнийг тухайн түвшинд нь хүргэж бүтээхийг хичээдэг.
 
Гэр бүлийнхэнд тань урлагийн хүмүүс байдаг уу?
 
-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хань маань 2011 онд СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Миний аав МУСТА Ц.Батзандан Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажилладаг байсан. Мөн "UBS" телевизэд орчуулгын киноны уран бүтээлч, дуу оруулагч хийдэг байсан. Ерөнхийдөө өгүүлэхүйн урлагт өөрийн гэсэн хувь нэмэр, эзлэх байр суурьтай хүн гэж хэлж болно. Хүмүүс дуу хоолойгоор нь сайн таньдаг. Ном унших завгүй хүмүүст зориулан зууны шилдэг роман “Тунгалаг тамир” мөн “Хугараагүй ноён нуруу” романыг сонсох хэлбэрийн CD болгон бүтээсэн. Мөн шог найруулал, зохиол бичдэг тал бүрийн авьяастай байсан. Ээж маань тус театрт 16 настайгаасаа тэтгэвэрт гартлаа бүжигчнээр ажилласан МУСТА С.Оюунтунгалаг гэж хүн бий. Эгч маань сэтгүүлч мэргэжилтэй. Одоо бялдаржуулах төвд багш, эмэгтэй дүү маань жүжигчин мэргэжилтэй. Кино дэлгэцийн уран бүтээлээр түлхүү ажиллаж байгаа чөлөөт уран бүтээлч. Бага дүү маань БНСУ-д зураглаач мэргэжлээр сурдаг. Нэг сонин зүйл нь манай гэрийн хүргэн, бэрүүд ч урлагтай ойр хүмүүс. Хүргэн ах жүжигчин мэргэжилгүй ч хоёр клип, хоёр кинонд тоглосон байдаг. Дүүгийн нөхөр Ц.Мөнх-Од гэдэг жүжигчин залуу бий, хүмүүс "A-Cappella" хамтлагийн дуучин Доко гэдгээр нь сайн мэдэх байх. Бага дүүгийн маань найз охин Солонгос улсад жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа. Манай гэр бүл урлагаас яагаад ч хөндийрөхөөргүй хүмүүс.
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе ...
 
-Юуны өмнө эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж буй мөрдэстэй алба хаагчдадаа бүгдэд нь баярлаж явдгаа хэлье. Мөн ажил мэргэжлийг минь ойлгож хүндэлдэг, түшиг тулгуур болсон хань, гэр дүүрэн инээд бэлэглэсэн хоёр үрдээ хайртай шүү.
 
 
Ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Cоёмбо" сонин