sonin.mn
“Times higher education world university rankings”-аас гаргасан 2020 оны үзүүлэлтээр Оксфордын их сургууль тэргүүлж, Калифорни, Массачусетсийн Технологийн институт, Кембридж болон Стэнфордын их сургууль эхний тавд эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтыг гаргахдаа дээрх байгууллага дэлхийн 92 орны 1400 их сургуулийг хамруулсан бөгөөд сургалт, судалгаа, мэдлэг дамжуулах арга, олон улсын хандлага, төгсөгчийн нийгэмд эзлэх байр суурь зэрэг 13 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлсэн байна. Энэхүү эрэмбэд Оксфордын их сургууль дөрвөн жил дараалан тэргүүлж байгаа ажээ. Түүнчлэн Стэнфорд, Массачусетс, Йел, Принстон, Харвард, Чикагогийн их сургууль, Лондон дахь Империал коллеж эхний аравт багтжээ. Харин эх газрын Хятадын Цинхуа болон Бээжингийн их сургууль 23, 24 дүгээр байрыг тус тус эзэлж Азийн шилдэг хоёр их сургууль болсон байна. Хятад улсын их, дээд сургуулиуд дэлхийн тавцанд өөрсдийн нөлөө, оролцоог өргөжүүлсээр байгаа аж. Дөрвөн жил дараалан дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа Оксфордын их сургууль Их Британийн хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг юм.Тус сургууль 900 гаруй жилийн түүхтэй эртний их сургууль төдийгүй дэлхийд алдартай шилдэг эрдэм шинжилгээний хүрээлэн билээ. Нийт 20 мянга гаруй оюутантай тус сургуулийн хувьд гадаадын оюутнууд нийт суралцагчийн 35 хувийг эзэлдэг байна. 
 
 
 
Оксфордын төгсөгчдийн 95 орчим хувь нь суралцаж дууссанаас хойш зургаан сарын дотор ажилтай болдог эсвэл аспирантурт суралцдаг аж. Жил бүр 3000 оюутан Оксфордын их сургуульд элсдэг бөгөөд дэлхийн 80 оронд өөрийн салбар хүрээлэнтэй юм. Эдгээр хүрээлэн нь Оксфордод элсэн орохыг хүсэгчдэд туслах гол зорилготой байдаг ажээ.
 
 
 
Тус их сургууль 38 бүрэлдэхүүн коллеж, хэд хэдэн тэнхимээс бүрдэх бөгөөд аль нэг коллежид элсэн орсон оюутан эхний жилд 1000 фунт стерлинг авдаг бол дараа жилүүдэд нь 500 фунт стерлинг авдаг байна. Тухайн оюутан сургуулиас авсан мөнгөө эргүүлж өгөх шаардлагагүй бөгөөд яаж зарцуулахаа өөрөө шийддэг аж.
 
 
 
Б.Насанцацрал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин