sonin.mn
Энэ дугаарын зочноор “МОНЦАМЭ” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабалыг урьж ярилцлаа. Тэрээр хэвлэлийн гэрэл зургийг хөгжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулж буй гэрэл зурагчин юм.
 
Анх хэзээнээс зураг авч эхэлсэн бэ?
 
-1989 онд ээж минь ОХУ-д очиж Байгаль далайд амарчхаад ирэхдээ надад "Смена" гэдэг гэрэл зургийн аппарат авчирч өгсөн юм. Тэр үеэс л хүүхэд насны сониуч зангаар гэрэл зурагт хорхойсож, найзуудтайгаа өөрсдийнхөө зургийг авдаг байлаа. Тухайн үед ах нараар заалгаад, метрлэж байгаад л зураг авдаг, түүнийгээ боловсруулах гэж ширээн доогуураа ороод орныхоо бүтээлгээр бүтээж байгаад угаадаг байсан минь одоо ч санаанаас гардаггүй юм. Б.Баатар ах маань 1995 онд хэвлэл, гэрэл зургийн “Позитив” компани байгуулах үед би гэрэл зургийн студид нь ажиллаж байсан юм. Тухайн үед гэрэл зургийн студи цөөхнөөс гадна ихэвчлэн гэрэл зургийн материалын худалдаа хийдэг байсан. Тийм ч учраас манай студиэр зурагчид их орж, гардаг байлаа. Тэднээс л их зүйл сурсан даа. Одоо ч мөн Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ныхоо хамтран зүтгэгчид, найз нөхдөөсөө суралцсаар л байна.
 
Хамгийн сүүлд гэрэл зургийн хальсандаа ямар зураг буулгав ...
 
-Дэлхий нийтэд коронавирус гэх аюулт өвчин тархаад байгаа энэ үед иргэдийг амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгахад уриалсан гэрэл зураг авч, цахим орчинд нийтэлж байгаа. Коронавирусийн халдвараар дэлхийд дээгүүрт орж байгаа БНЭУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн ламхай нарын зургийг авсан.
 
 
 
Миний хувьд гэрэл зураг авахдаа түүх болж үлдэнэ гэсэн сэтгэлээр ханддаг учраас нэг ч зураг устгадаггүй, архив болгон хадгалдаг. Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид цаг наргүй ажиллаж үйл явдлын халуун цэгээс сурвалжилдаг. Тийм ч учраас маш их мэдрэмж, бүх төрлийн сэдвээр зураг авах чадварт суралцсан байхыг шаарддаг.
 
 
 
Ямар камер ашиглаж байгаа вэ?
 
-Одоо “NikonD5” маркын аппаратыг ашиглаж байна. Хамгийн анх “Смена”, дараа нь “Зенит-22” “Практик”, “Пентагон”, “Minolta” болон “Canon” гээд нэлээд олон зургийн аппарат, дуран, хэрэгслийг элээсэн дээ. Мэдээж техник, технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хоцорчихгүйн тулд ойр ойрхон гэрэл зургийн аппарат, техник хэрэгслээ шинэчлэх шаардлага гардаг. Хөрөнгө, санхүүгээсээ хамаараад таван жилд багтаад шинэчлэхийг боддог. Манай “МОНЦАМЭ” агентлагийн удирдлагууд гэрэл зурагчид бидний ажлыг маш сайн ойлгож, байнга техникийн шинэчлэл хийдэгт баярладаг.
 
Нийт авсан зургийн багтаамжаа тооцоолбол ойролцоогоор ямар тоо гарах бол ...
 
-Би авсан зургуудаа сайн муу, сайхан муухай гэж ялгаж устгадаггүй. Яагаад гэвэл гэрэл зураг гэдэг мэдээллийн хэрэгсэл, тухайн зураг хожмоо түүх болон үлддэг учраас хадгалдаг. Ямартаа ч найман терабайтийн дөрвөн хард дикс дүүрэн зураг, цөөн хэдэн жилийн хальс бий. Мөн хуучны зургийн аппарат, гэрэл зураг цуглуулдаг ба миний хамгийн үнэт зүйлүүдийн нэг юм.
 
Мэргэжил нэгтнүүдийнхээ талаарх таны бодол ...
 
-Монголд гэрэл зураг маш олон төрөл жанраар хөгжиж байгаад баярладаг. Гэрэл зураг ямар ч хүнд шууд хүрдэг мэдээллийн хүчтэй хэрэгсэл. Энэ ч утгаараа та бидний байнга үзэж, хардаг мэдээллүүд бүгд гэрэл зурагтайгаа нийтлэгддэг. Энэ ажлыг хийдэг цөөн хэдэн хэвлэл мэдээллийн гэрэл зурагчидтайгаа мөр зэрэгцэн ажилладгаараа бахархдаг юм. Энэ салбарт цаг хугацаатай уралдан зүрх сэтгэл, амьдралаа зориулж яваа хэвлэлийн гэрэл зурагчдаа дэмжих, гэрэл зургийн урлагийг сурталчлан таниулах зорилгоор бидний хэсэг нөхөд жил бүр “Mongolian press photo” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргадаг. Энэхүү үзэсгэлэн маань бидний ажлын тайлан болж үлддэг гэж хэлж болно.
 
 
 
Хэвлэлийн гэрэл зурагчид үйл явдал дунд маш хурдан хугацаанд сэтгэн бодож, зөв өнцгөөс оновчтой, өгүүлэмжтэй зураг авч олон нийтэд түргэн шуурхай хүргэхийг зорьдгоороо бусад зурагчдаас ялгаатай.
 
 
 
Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?
 
-Хоёр зүйлийг онцолъё. Нэгдүгээрт, монгол цэргүүд энхийн үйлсэд оролцох болсныг. Яагаад гэж та асуух байх. Учир нь монгол цэргийн алба хаагчид цэргийн сургуулиас олж авсан мэдлэгээ бататгаж энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор хүмүүжил, төлөвшил, цагийн байдлыг үнэлэх, захирах, захирагдах ёс болон цэргийн хүн ямар байх ёстой гэдэгт улам суралцан чадавхаждаг. Дэлхийн халуун цэгт үүргээ гүйцэтгээд ирсэн залуус эх орноо хайрлах, түүний үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг болов уу. Энэ нь гэр бүлийн орчинд ч эергээр тусдаг байх. Адаглаад үр хүүхдүүддээ эх орны үнэ цэнийг мэдрүүлэх, хамгийн чадвартай хүмүүс цэргийн алба хаагчид гэдгийг ойлгуулж бахархах сэтгэлийг нь төрүүлдэг. Мөн амьдралд нь маш том хөрөнгө оруулалт болдог гэдгийг гээж болохгүй. Хоёрдугаарт, “Оюутолгой”-д ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны дүрэм, журмыг яс барьдаг зарчим нь надад таалагддаг. Хэн нэгэн нь мартаад аюулгүйн бүсээ зүүгээгүй байхад нөгөө нь түүнийг анзаарч, сануулж, шаардлага тавьж зүүлгэх жишээтэй. Тэд гэртээ амрахаар ирэхдээ машиныхаа суудлын бүсийг зүүж, хүүхдүүдээ тусгай зориулалтын суудалд суулгаж, бусад зорчигчдодоо шаардлага тавьж, ажиллах, амрах цагаа яс барьдаг юм билээ.
 
Баярлалаа. Амжилт хүсье.
 
Ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Соёмбо" сонин