sonin.mn
“Зууны мэдээ” сонин хүүхдийн аюулгүй байдлын талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа эцэг эхчүүд хүүхдэдээ дугуй унуулахдаа юуг анхаарах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хүргэж байна.
Манай улсад унадаг дугуйн зам хангалтгүй ч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний замаар, замгүй хэсэгт зорчих хэсгийн баруун захаар хөдөлгөөндөө аюулгүй байдлаа ханган оролцох хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
 
Хүүхэд, залуус чөлөөт цаг, эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг болсны нэг илрэл нь унадаг дугуй юм. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хотын гудамж, талбайд унадаг дугуйтай хүмүүс цөөнгүй харагдах боллоо. Харин тэд өөрсдийн аюулгүй байдлаа хэрхэн хангадаг бол. Дөрөвдүгээр сараас хойш унадаг дугуйтай холбоотой зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Ялангуяа, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцдог. Бага насны хүүхдээ дугуй унуулахдаа зориулалтын тохойвч, өвдөгний хамгаалалт, малгай өмсүүлэхээс гадна эцэг эхчүүд замын хөдөлгөөний дүрмийг унших хэрэгтэй байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр явган хүний зам дээр, 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэсэн унадаг дугуйн зам дээр унаж хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг. Харин 14-өөс дээш насныхан замын хөдөлгөөнд оролцох боломжтойгоос гадна зориулалтын зам, эгнээ байхгүй тохиолдолд зорчих хэсгийнхээ баруун захаар нь явна. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага гэсэн заалт бий. Хөдөлгөөнд оролцож буй унадаг дугуйтай бага насны хүүхэд гэхээс илүү насанд хүрсэн хүмүүс энэ талаар судалдаггүй, мэддэггүй учраас унадаг дугуйгаар зорчих хэсэг дээгүүр хөдөлгөөнд оролцдог. Үүнээс болж зам тээврийн хэрэгт холбогдох зөрчил их байдаг талаар Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байсан.
 
Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Г.Нарансүрэн: Хүүхдүүд дугуй унахад хүндрэлтэй байна
 
-Манай охин долоон настай, чөлөөт цагаараа дугуй унах дуртай. Монголын нөхцөлд бага насны хүүхдүүд дугуй унахад хүндрэлтэй санагддаг. Манай гэр Найман шаргад байдаг болохоор гэрээсээ Сүхбаатарын талбайд ирэхийн тулд хүүхдээ дугуйнаас нь олон удаа буулгаж, суулгаж байж ирдэг. Учир нь дугуйн замгүйгээс машин зам руу орох мөн том унадаг дугуй гарч ирээд мөргөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хажуунаас нь хараагаа салгахгүй байнга хамт гарч, дугуйны бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хийлдэг. Үүнээс гадна хамгаалалтын хэрэгслүүдийг өмсүүлж хэвшиж байгаа гэв. Түүнээс Замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуй унах заалт байдгийг мэдэх үү гэж асуухад үгүй гэж хариулсан юм.
 
Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Б.Итгэл: Өдрийн цагаар аюул багатай
 
 
 
-Би 14 настай. Унадаг дугуйг тээврийн хэрэгсэлд тооцдогийг мэднэ. Олон хүнтэй замаар унадаг дугуйтай явахдаа өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хурдаа сааруулж эсвэл дугуйгаа түрж гардаг. Байнга түрээд явах боломжгүй тул ихэнхдээ анхаарлаа өөр зүйлд хандуулахгүйгээр урд болон хоёр хажуу талаа анхаарч боломжтой газраар явдаг. Өдрийн цагаар унадаг дугуйтай явахад аюул арай багатай санагддаг.
 
Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн М.Наранцацрал: Харж байгаад боломжтой газраар явдаг
 
-Замын хөдөлгөөний дүрмийн дугуйн заалтыг сайн мэдэхгүй. Анх унаж сурч байхдаа хамгаалалтын хэрэгсэл тогтмол өмсдөг байсан. Одоо арай туршлагатай болсон хэдий ч гэмтэл авч болзошгүй учраас толгойн хамгаалалт зүүж байгаа. Харин аюулгүй байдлаа хангахын тулд унадаг дугуйнд шаардлагатай зүйлсээ судалдаг. Орой болгон гэртээ орсныхоо дараа дугуйгаа хардаг. Дугуйн зам бага болохоор холоос харж байгаад боломжтой газраар явдаг.  
 
Энэ оны эхний таван сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой нийт есөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс долоо нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, хоёр нь тээврийн хэрэгслийг өөрөө очиж мөргөсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйг унаж буй хүн нь жолооч гэж тооцогдохоос гадна унадаг дугуйг тээврийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Энгийн хэллэгээр иргэдийн дунд унадаг дугуй, бага насны хүүхдийн хувьд тоглоом мэт боловч хүний булчингийн хүчээр ажилладаг хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл гэж явдаг. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн үүргээ биелүүлэх нь чухал.
 
 
 
Тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож буй жолооч гэж өөрийгөө ойлгон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Жолооч зам тээврийн осол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцогдоно” гэсэн юм.
 
 
 
Тухайлбал, өнгөрсөн онд унадаг дугуйтай иргэн замын хөдөлгөөнд оролцох үедээ гарцан дээр явж байсан явган зорчигчийг мөргөж зугтаасан. Үүнийг цагдаагийн байгууллага камерын бичлэг шүүн эрэн сурвалжлах ажиллагааг явуулж зугтсан хүнийг олсон. Тухайн иргэн зам тээврийн осол гаргаад санаатай орхиж явсан. Хоёрдугаарт, унадаг дугуйнд мөргүүлсэн явган зорчигч толгойн тус газраа хүнд бэртэл авсаныг цагдаагийн байгууллага шалган унадаг дугуйг унаж явсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноож арга хэмжээ авсан хэрэг гарч байжээ.
 
 
 
Тиймээс унаж буй унадаг дугуйны хонх ажиллагаатай, шөнө оройн цагаар цацруулагч, гэрэлтүүлэгч, тормозтой, жолоо нь хэвийн бүрэн бүтэн байдлыг хангасан, урд талдаа цагаан, ардаа улаан, хоёр хажуу талдаа улаан, улбар шар өнгийн гэрэл ойлгуур, цацруулагчтай байх ёстой гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн анхаарууллаа. 
 
 
 
2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч явган хүний гарцаар гарахдаа унадаг дугуйгаа түрж гарах ёстой гэж заасан. Нийслэлд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож буй иргэдийг харахад ихэвчлэн явган хүний гарцаар гарахдаа унадаг дугуйгаа унаж гардаг. Үүнээс гадна чихэвч хийн, жолоодлогоо нэг гараараа барьсан байдалтай явдаг.
 
 
Ш.Номиндэлгэр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин