sonin.mn
XXI ЗУУНЫ ЁС СУРТАХУУН-5
 
Чилийн философич Дарио Салам Соммер ёс суртахуун, түүний үнэт зүйлс, зан суртахуунт нийгмийн мөн чанар, ач холбогдлыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, хүн төрөлхтний дотоод ертөнц болох ухамсар, сэтгэлийн хувьсал өөрчлөлт, хөгжил дэвшилд 50 гаруй жилийн амьдралаа зориулж яваа нэгэн. Тэрээр сэтгэл судлал, анагаах ухаан, биофизик, түүнчлэн квантын физикийн шинжлэх ухаануудын онцлогийг судалж, олон тооны судалгаа шинжилгээний ажил хийсний дүнд хүн төрөлхтөн Байгаль-Эхийн хуульд захирагдан, ёс суртахуунд тулгуурлан дотоод ертөнцөө өөрчлөх шаардлагатай байгааг шинжлэх ухаанчаар баталсан. Түүний үзэл санааг дэмжигчид дэлхийн олон оронд бий болсон аж. Хүмүүс бид хөгжиж дэвших, ухамсар, сэтгэлээ хувьсган өөрчилж, боловсрохыг хүсвэл юутай тэмцэх ёстой вэ? Энэ бүхнийг хийхэд саад учруулж байгаа зүйлтэй тэмцэнэ. Саад учруулж байгаа тэр зүйл нь бидний өөрсдийн дутагдлууд.
 
Бидний дутагдлууд бол биднийг эзлэн түрэмгийлж, эзэмдэн цаламдаж, удирдан залж, ухамсар, сэтгэлээ хувьсан өөрчлөхөд саад тотгор учруулж байгаа сөрөг муу хүч-бидний доторх араатан юм. Хүн дутагдлаа даван туулна гэдэг нь доторх араатнаа дарж авна гэсэн үг гэж Дарио Салам Соммер өгүүлжээ.
 
Олон хүн ёс суртахууны үнэт зүйлсийн талаар буруу ойлголттой байдгаас өөрт ая тухтай санагдаж, таалагдаж буй бүхнийг “сайн”, харин өөрийг нь зовоож, өвтгөж байгаа болгоныг “муу” гэж үнэлж байна. Ингэж хандаж байгаа тохиолдолд ёс суртахууны тухай ухагдахууныг зан үйлтэй холбон авч үзэх учиргүй. Субъективизм (субъект үнэт зүйлсийг зөвхөн өөрийнхөөрөө ойлгох, хандах явдлыг зөвтгөдөг үзэл-Б.О) хүний амьтан шинжийг түлхэн гаргуулдаг хамгийн болхи, эгэл хүсэл тачаалаа үлдээлгүй хангахыг зөвтгөдөг, хүслээ хэрэгжүүлснээр өөрт таатай л байвал ер нь санаа зовох, ичих, гэмших шаардлагагүй гэж үздэг. Өөрт таатай сайхан байна гээд ухаангүй болтлоо согтож, гэр бүлийнхэндээ харгис хэрцгий авирлаж, бүр хүүхдүүдээ хүчирхийлэх нь байдаг. Төрүүлсэн охиноо хүчиндсэн согтуу эцэг цөөнгүй, тэд үүндээ гэмшдэггүй. Янхануудын бие цогцсыг мөчлөн хувааж таашаал авдаг байсан Жек-потрошитель (Жек- потрошитель нь Английн нийслэл Лондон хотын Уайтчепеле болон бусад дүүрэгт 1888 оны II хагасад дараалсан аллага үйлдсэн алуурчин-Б.О)-ийн яргачны үйлдлийг субъективист үзлийн үүднээс ёс суртахуунгүй гэж үзэж болохгүй аж. Дэлбэлэх ажиллагаа явуулсан алан хядагч өөрийгөө тун чухал, жинхэнэ “сайн” хүн гэж бодож байвал түүний үйлдлийг мөн л ёс суртахуунгүй гэж тооцохгүй нь ээ. Ёс суртахууны тухай ярьж л байдаг ч харамсалтай нь ёс суртахууны үнэт зүйлсийн талаарх буруу ойлголт, хандлага хүмүүсийн дунд хамгийн түгээмэл зуршил болжээ. Ийм болоход ёс суртахууныг сахин мөрдөх нь хувь хүний сонголт, түүний хүсэл зоргын хэрэг гэж үзсээр ирсэн явдал нөлөөлсөн.
Бертран Артур Уильям Рассел (1872-1970 онд амьдарч байсан Английн гүн ухаантан, математикч, нийгмийн зүтгэлтэн-Б.О) үнэт зүйлсийн талаарх буруу ойлголт, хандлагын тухай онолдоо “хоёр хүн үнэт зүйлсийг ялгаатай үнэлж байгаа нь тэдний үнэний талаарх үзэл бодол нийцэхгүй байна гэсэн үг биш, ердөө л таалдаг зүйлс нь өөр байгаа хэрэг” гэсэн байдаг. Түүний үзсэнээр “нүгэл” буюу гэм зэм хэмээх ухагдахуун байхгүй болох нь.
 
“Үйлдэл нэг хүнд муу, харин нөгөөд нь сайн үйл байж болно, иймээс тамыг нүгэлтнүүдийг шийтгэх газар гэж үзэх нь оновчтой биш" гэж Рассел бичиж байж. Иймэрхүү хандлагууд ёс суртахуунгүй үр дагавартай гэдэг нь илт, тийм ч учраас эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсгүй болсон өнөөгийн бид ёс суртахуунгүйн хавдраар өвчлөн зовж байна. 
 
Бид настангуудыг хүндлэхээ больж буй. Гэр бүл зохиоход хүргэдэг байсан үнэнч сайхан дурлалыг эр, эмийн явдал төдийгөөр сольж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн шиг болгосон. Нэр төр бол бараг л өнгөрсөн цагийн үлдэгдэл болж. Эх орноо хайрлах үзлийг өмнөх үеийнхэн шиг үнэлэхээ ч байж байна. Хачин этгээд бүтээл, хөгийн зохиол урлаг, соёлын ертөнцийг дүүргэв. Өмнө нь харилцааны учрыг олох хэрэгсэл халз тулаан байсан бол өнөө цагт үй олноор хөнөөх зэвсэг болов. Харамж харахгүй тусалдаг эмч ховордсоор. Гэр бүлүүдийн оюун санааны зөвлөх нь болдог байсан гэр бүлийн эмч аль хэдийн байхгүй болсон. Хотуудын хүн амын нягтрал ихээхэн нэмэгдсэн ч хөрш айл өрхүүдийн нөхөрсөг харилцаа үгүй болжээ. Хөгжил дорой орнуудын иргэдийн өвчнийг эмчлэх эм тариаг үйлдвэрлэхгүй байна.
Үүний шалтгаан худалдан авах хөрөнгө мөнгө тэдэнд байхгүй явдал. Хүнсний бүтээгдэхүүн элбэг дэлбэг байгаа ч дэлхий дээр өдөр бүр мянга мянган хүн өлсөж үхсээр. Шүүх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртэх нь олон орны хөрөнгө чинээгүй, ядуу зүдүү хүмүүсийн хувьд алганыхаа хонхорхойг хазахтай адил хэцүү болж буй. Байнга дайтах болсон манай ертөнцөд “иргэншлийн” тухай ярьж байгаа хэрнээ бараг л дайрч доромжлох нь холгүй байх тохиолдол гардаг. Дэвшил гэж нэрлээд байгаа зүйл маань ёс суртахуунгүй байх нь бий. Иймээс биеэ зөв авч явахыг хүмүүсээс шаардахад түвэг учирдаг. Өөрийн хүсэл зоригоор биш, зөвхөн шийтгүүлэхээс айсандаа биеэ ёс суртахууны шаардлагад нийцүүлэн авч явдаг хүн цөөнгүй. Нэгдүгээр сарын нэгний өдөр гэмт хэрэг үйлдвэл өршөөл үзүүлнэ гэж урьдчилан зарлаж тунхагласан хууль гаргалаа гэж төсөөлье. Үр дагавар нь тун аймшигтай байх вий. Ял шийтгэл үгүй үед хүмүүсийн олонх ердөө л зөн совиндоо сохроор хөтлөгдөх болно. Их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан янз бүрийн улс орны Ерөнхийлөгч, албан тушаалаа хортойгоор урвуулан ашигласан улстөрчид, авлига, хээл хахууль авсан төрийн түшмэлүүд, мөнгө төлсөн хүнд үйлчилдэг хөлсний цагдаа, ахиу ихийг өгсөнийг л хамгаалдаг худалдагдсан шүүгчдийн тухай бид байнга сонсож байдаг болсон.
Венесуэлийн сэтгүүлч Уильям Охеда “Шүүгч ямар үнэ өртөгтэй вэ?” номдоо Чилийн шүүх байгууллагынхны албан тушаалаа хортойгоор урвуулан ашигласан үйлдлүүдийн тухай өгүүлсэн. Түүний үзэл бодолтой санал нийлэхгүй байж болно. Энд төрийн албаны үйл ажиллагааг сэтгүүлч ил тод болгосон нь тун сайшаалтай. Ардчилсан бусад улс оронд иймэрхүү мөрдлөгийг чөлөөтэй хийдэг, үр дүн нь улс төрийн нууц шүүлтэд өртөн дарагдчихдагүй бол мөн сайн сан. Ёс суртахууны хууль зөрчдөг хүмүүсийн хэн нь ч өөрийгөө муу хүн гэж үздэггүй байх. Ийм хүмүүс бусдын адил аз жаргал, сайн сайханд тэмүүлдэг ч буруу газарт эрэн хайж алдаа гаргадаг. Ухамсраа хөгжүүлж чадаагүй байгаа хүмүүс ёс суртахуун гэж юу болохыг ойлгуулахын оронд энэ сэдвийг улам бүр төөрөгдүүлдэг манан будан шиг бүдэг бадаг хийгээд хэцүү түвэгтэй элдэв маргаанд будилж, бүх нийтийн ёс суртахууныг эрж хайсаар байх болно. Хөгжиж дэвшихийг бид өөрсдөө үнэхээр хүсвэл ёс суртахуун резин шиг биш, харин бат бөх гантиг шиг байх болно. Хүн ёс суртахууны хэм хэмжээг мөрдөхөө больж, тэр байдалдаа нэгэнт дасаж эхэлсэн л бол өөрийгөө эргүүлж чаддаггүй. Уйгагүй хөдөлмөр, шаргуу зан, нэр төр, сайн үйл, өөрийгөө бусдад зориулахад бэлэн байх чадвар, гэр бүлийнхний нэгдэл, тэвчээр, сайхан сэтгэл шударга ёс, үерхэл нөхөрлөл, эв эе, хайр зэрэг хүн төрөлхтний уламжлалт үнэт зүйлсийг буцаан авч ирэх шаардлагатай байна. 
 
 
 
Аливаа дутагдал, гэм буруу, завхай явдал, ёс суртахуунгүй үйлдэл хүнээс ямар ч хүчин чармайлт шаарддаггүй “налуу хавтгайн дагуу” хийгддэг хөдөлгөөн тул хүн төрөлхтөн тэдгээр мууд тун амархан татагдаж, автаж дагадаг. Ёс суртахууны доройтол хүний мөн чанар, сайн сайхан шинжүүдийг огт анзаарагдахгүйгээр үгүй хийдэг муу зам мөр юм. Энэ замд орсноор хүн дахиад дөрвөн хөллөн явж эхлэх ба юу болсныг ухаарч ойлгохоос нь өмнө түүнд бүр сүүл, туурай бий болно.
 
 
 
Францын жижиг хотод хирснүүд ар араасаа бий болж байгаа тухай өгүүлдэг Эжен Ионеско (1909-1994 онд амьдарч байсан Румын гаралтай Францын жүжгийн зохиолч, Румын, Францын Академийн гишүүн-Б.О)-гийн абсурд театрын хурц тод жүжгийг дурсан саная. Жүжигт хотын иргэд амьтад болон хувирснаар дүрсэлдэг. Ёс суртахууны релятивизм (ёс суртахууны хэм хэмжээ байх ёсгүй гэж үзэж, түүнийг эсэргүүцдэг чиг хандлага-Б.О)-ын хүн бүр ёс суртахууны өөр өөрийн хэм хэмжээтэй байдаг гэж баталдаг нь Аристотелийн үзэл санаанаас эхтэй. Тэрээр “Хүн бүрт өөрийн өвөрмөц ёс суртахуун бий. Бид ёс суртахууны тухай ярихдаа түүнийг Бурхадад, амьтдад огт хүртээлгүй, харин зөвхөн хүнд л хамаатай гэдгийг үргэлж хэлж байдаг” гэсэн байдаг. Энэ явдал өнөө цагт ёс суртахууны ач холбогдлыг бууруулах арга заль, ёс суртахууныг өмчилж авсан хүмүүс бидний өөрсдийгөө зөвтгөх хэрэгсэл болон хувирч байна.
Релятивизм нь хүнийг хоёр хязгаарын дунд, завсрын байдалд байнга байлгахыг эрмэлздэг үзэл. Ницше (1844-1900 онд амьдарч байсан Германы сэтгэгч, яруу найрагч, хөгжлийн зохиолч, амьдралын философийн онол үндэслэгч-Б.О) энэ талаар “Хүн нь амьтан, дээд хүн хоёрын хооронд оршин буй татлага олс, хүн бол гүүр” гэж бичиж байж. Ницшегийн уг санааг арай өөр утгаар ойлгож болох юм. Минийхээр дээд хүн бол хувьсан өөрчлөгдсөн хүн болохоос биш арьсны үзлийн бэлгэ тэмдэг биш. Хувьсан өөрчлөгдөх, хөгжиж дэвших зам бүх хүнд нээлттэй. “Сайн” нь тодорхой түвшингийн хүмүүст л хамаатай гэдэг Аристотелийн үзэл санааг олон философич, сэтгэгч шагшин магтдаг явдал нь цөөнгүй жил хүчин чармайлт гарган өөрийгөө хөгжүүлж боловсруулахыг шаарддаг дээд сайн сайханд хүрэх тэрхүү хүнд хэцүү хөдөлмөрөөс өөрсдийгөө чөлөөлөх гэсэн хүслээс нь үүдэлтэй байж мэднэ. Мэдээж хүн Бурхан биш, гэхдээ “хүн-гүүр” болж үлдэхийг хүсэхгүй байгаа, хөгжилд тэмүүлж, дээд хүн болохыг зорьж байгаа хүмүүст хувьсан өөрчлөгдөж, дэвших боломж үлдээцгээе. Хэрхэхээ хүн өөрөө шийдэх учиртай. Зарим хүн газар луу, нөгөө зарим нь тэнгэрийн хаяа руу, цөөн хэд нь тэнгэр лүү харах дуртай байдаг. Тахиа доошоо, газар луу, харин бүргэд үргэлж дээшээ, тэнгэр лүү харж байдаг шиг. Хүмүүс сайн сайханд хүрч чадахгүй үедээ өөрт байгаагаар сэтгэлээ цатган амьдардаг.
 
Туйлын сайн хүн ямар байх ёстойг тайлбарлавал одоо мөрдөж буй хэм хэмжээнүүдийн талаар буруу бодолтой хүмүүсийн нүдийг нээж мэднэ. Ёс суртахуун нь эрхэм дээд үнэт зүйлсийн тогтолцооны хэлбэр. 
 
“Эрхэм дээд үнэт зүйл" хэмээх нэр томьёоны утга санааг түүхийн тодорхой цаг үед зориудаар гуйвуулан гажуудуулж, утга учрыг нь алдагдуулж байж. Эрхэм дээд үнэт зүйлсийн нэг нь оюунд биш, харин хүний дотоод агуулга буюу мөн чанар, сэтгэлд тулгуурлан бий болсон дээд ухамсар. Эрхэм дээд үнэт зүйл бол хүний үйлддэг хамгийн сайн үйлүүд юм. Дээд үнэт зүйлсийг голдуу авхаалж самбаа, сайн хөгжим, нарийн урлагтай л холбон бодож, метафизик үзэл (юмс үзэгдлийг хувирч өөрчлөгддөггүй, хоорондоо уялдаа холбоогүй гэж үздэг идеалист гүн ухааны үзэл баримтлал-Б.О)-ийн үүднээс ханддаг. Үнэт зүйлсийн талаарх ийм ойлголт “гүүр байхаа болих", дээд хүн болох зорилго тавьсан хүний сахих ёстой өндөр шаардлага бүхий сахилга баттай огт тохирч нийцэхгүй.
Өөрийгөө хувьсган өөрчилж, боловсрох зам хүн бүрт нээлттэй байдаг тул “дээд хүн” хэмээх ухагдахууныг бүх төрлийн арьсны үзлээс ангид байлгах нь тун чухал. Иисус Христос хар арьстан байсан гэж хэлэхэд ихээхэн дургүйцэх хүмүүс гарна. Хүн ямар арьстай байх нь тийм чухал гэж үү? Хар, цагаан, эсвэл шар арьстай байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь дээд хүний амьдрал хүмүүсийг арьсных нь өнгөөр хуваах явдалтай ямар ч хамааралгүй.
Өнөөгийн залуус хэнээс үлгэр дуурайл авч байна вэ? Тэд Пифагор, Сократ, Конфуций (Күн-з), Микеланжело, Леонардо да Винчи, Августин, Шекспир, Сервантесээр бахархана гэж үү. Мэдээж, үгүй. Залуучууд нийгмийн төлөө юү ч хийдэггүй, сул дорой, эр эмийн бэлгэгүй, өөртөө болон бусдад итгэдэггүй, хийрхүү, оюуны хийгээд сэтгэлийн үнэт зүйл гэх юмгүй болсон, нийгмийг мөлжигчдийг даган дуурайж байна. Өнөө цагт оюун, сэтгэлийн болон ёс суртахууны хувьд дээд зэргээр үлгэр дуурайл үзүүлэх хүмүүс байгаа юу? Тийм хүн тун цөөн. Манай нийгэм сонирхсон бүлэг хүмүүст ашиг орлого, хөрөнгө мөнгө авчирдаг хүнийг л үнэлдэг болсон тул дээд ухамсраа хөгжүүлэн боловсруулж чадсан цөөхөн хүнээ огт мэдэхгүй байсаар үлдэж буй. Нэр төр, баатарлаг явдал, сайн үйл зэрэг ухагдахууныг хэрэглээнээс гаргасан.
Дундад зуунд баатарлаг үйлстний жинхэнэ жишээ нь рыцарь хэмээх өөрт байдаг амьтны шинжээ хянан жолоодогчийн бэлгэдэл болсон морьтон байж. XIV зуунд, баатарлаг үйлстний үе дуусах дөхөж байх тэр цагт нэгэн бичгийн хүн “Чи рыцарь болохыг хүсэж байгаа бол амьдралаа шинээр эхлүүлэх, чин сэтгэлээсээ залбирах, жигшүүртэй муу үйл үйлдэх болон их зан гаргахаас зайлсхийх, сүм хийд хийгээд хүмүүсийг хамгаалах, бэлбэсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүдэд туслах, бусдын юмыгавахгүй, тун шаргуу, эрэлхэг зоригтой, үнэнч байх ёстой. Рыцарь үүрэгтээ үнэнч, замын холыг туулахад бэлэн, нэр төрөө байнга боддог, үйлээ даруухан гуйцэтгэдэг байх ёстой. Рыцарь хүн биеэ ингэж л авч явах учиртай” гэж рыцарийн шинжийг тодорхойлон бичсэн байдаг.
 
 
 
Манай гаригийн хамгийн гайхамшигтай, оюун, сэтгэл, ухамсрын хөгжил дэвшлийн дээд түвшинд хүрсэн, ёстой бахархаж байгууштай хүмүүсээ бид мэдэхгүй байгаа юм. Тэдний үзэл бодол хүнийг дуулгавартай хэрэглэгч байлгахыг хүсдэг хүмүүсийнхтэй таарч тохирдоггүй. Тэднийг хэзээч юм бэ нэгэн цагт мэддэг болох нь ч тун эргэлзээтэй, ер нь магадлал тун бага.
 
 
 
Эртний Грекийн философич Сократ “дэндүү их ярьсныхаа” төлөө цээрлэл амссан бол үнэнийг хэлж чадаагүйд тооцогдсон эртний Ромын философич Сенека гэсгээгдсэн. Цаг цагийн ухамсар дорой, харанхуй хүмүүс үнэнийг огт тэвчдэггүй байж. Тийм завхарсан хүмүүс баг өмсөж, сайн үйлтний дүр эсгэн жинхэнэ бошго үзүүлэгчдийг эрт, орой хэзээ нэгэн цагт устган үгүй хийж, эсвэл гүтгэн харлуулсаар иржээ. Ёc суртахууныг дээд зэргээр сахин мөрдөх явдал нь хүн өөрөө бие даан хийж гүйцэтгэх шаардлагатай хэцүү түвэгтэй ажил тул амар хялбар биш гэдгийг тэмдэглэх ёстой. Ухамсар, сэтгэлээ боловсруулан төгөлдөржүүлэхийг чин үнэнчээр эрмэлзэн тэмүүлж байгаа хүн л үүнийг хийж чадна. Сайн үйл үйлдэх явдал л ганц зөв зам гэдгийг ойлгох нь чухал. Энэ замд орж чадахгүй байгаа, эсвэл уг замаас гарсан хүмүүсийг амьдрал цээрлүүлэн зовлон зүдгүүр амсуулж, зорилгоос нь улам бүр холдуулдаг. Тэд хүсдэг аз жаргал, ая тухыг олж авч чадахгүйд хүрч урьд нь огт хийж байгаагүй сайн үйлийг хэзээ нэгэн цагт заавал хийнэ дээ гэсэн ганц найдвартай үлдэнэ. Сэтгэлээ гомдол, эргэлзээ, үл итгэх атгаг үзлээр дүүргэсэн хүмүүс ихээхэн зовлонд унана.
Шашин шүтэхийн оронд дээд үнэт зүйлсийг эрхэмлэх явдлыг сонгосон нөгөө цөөн хэдхэн хүнд нийгэм эргэлзэж харддаг нь хачирхалтай. Материаллаг ашиг хонжоо олох, амин хувийн эрх ашгаа хангах зорилгогүй үйлдлийг хүмүүс ойлгохоо больсоор. Жишээ болгон чулуучдын нийгэмлэгийг эргэн санацгаая. Тэд барилгын уламжлалт багаж хэрэгслүүдийг ёс суртахууны төгөлдөржилтийн бэлгэ тэмдэг болгож ирсэн. Энд франкмасончууд (франкмасончууд нь XVIII зууны үед Англид үүсэж, дараа нь Европын бусад улс оронд бий болсон шашны философийн нийгэмлэгийн гишүүд-Б.О)-ын тухай өгүүлж буй. Масончууд урьд цагт жинхэнэ мэдлэг эзэмшигчид байсан бол өнөө үед тэдэнд онол, бэлгэ тэмдэгүүд л үлдсэн. Тэд булан хэмжигч, алх, гортиг, эгц хажуу гадаргуу хэмжигч зэрэг энгийн багажийг “бартаг чулуу”-г шоо дөрвөлжин хэлбэртэй болгоход ашиглаж, хүн төрөлхтөн хөгжил дэвшлээр дутмаг байгаагийн бэлгэ тэмдэг болгодог байв. Тэдгээр багаж ёс суртахуун тогтворгүй, хувирамтгай биш, Сансар огторгуйн бодит хуулиас урган гарсан хэм хэмжээнүүдтэй тохирч нийцэх ёстойг хэлж, хүн жинхэнэ ёс суртахуунтай болох, ухамсар, сэтгэлээ хувьсган өөрчлөх арга хэрэгслийг бэлгэддэг байсан аж. Өөр нэг жишээ бол хүсэл тачаалаа эзэмдэж, сайн үйл үйлддэг болоход чиглэсэн хүн өөрийн дотоодод хийх ажлын үлгэр болсон Игнатий де Лойола (1491-1556 онд амьдарч байсан Испанийн католиксүмийн хутагт- Б.О)-гийн ухамсар, сэтгэлийн дасгалууд юм.
 
 
Доктор, профессор Б.Оюунчимэг