sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын томоохон сүмтэй холбоотой “COVID-19” халдварын 13 тохиолдол бүртгэгджээ. Сөүл хотын бүсэд халдварын хоёр дахь давлагаа дэгдээд буй энэ үед халдварын томоохон голомт үүсэж болзошгүйд олон нийт санаа зовниж эхэлжээ.
 
 
 
"Халдвар илэрсэн хүмүүс нь "Вансунг" сүмийн гишүүд бөгөөд шинжилгээ өгөхөөсөө өмнө найрал дуу болон сүмийн шөнө зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцсон" гэж Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлжээ. Эхний өвчтөн болох 31 настай эмэгтэйг халдвар авсныг лхагва гарагт тогтоожээ. Үүний дараа пүрэв гарагт долоон хүнээс, баасан гарагт таван хүнээс халдвар илэрсэн байна.
 
 
 
Сөүлийн засаг захиргаа, Эрүүл мэндийн байгууллагууд одоогийн байдлаар сүмийн 41 гишүүн болон тэдэнтэй ойр байсан хүмүүсийг шалгаж байна. Түүнчлэн халдвар илэрсэн хүмүүсийн дунд ахлах сургуулийн багш, хотын төвд байрладаг “Four Seasons” зочид буудлын ажилтан байгаа тул халдвар авсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа ажээ. Хотын эрх баригчид уг сүмийг түр хааж, халдваргүйжүүлсэн бөгөөд сүмийн харьяа цэцэрлэгт ижил арга хэмжээг авчээ. Мөн ням гаргийн үйл ажиллагаанд оролцсон сурагчдад сургуульдаа явахгүй байхыг зөвлөсөн байна.
БНСУ-д пүрэв гарагт халдварын 39 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 12602-т хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь дотоод халдварласны 16 нь Сөүлд, хоёр нь Гёнги мужид бүртгэгджээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг