sonin.mn
Бид Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын ажил үйлс, ололт, амжилтыг сурвалжлан хүргэсээр байгаа билээ. Саглагар ногоон модод, ургамалтай, саруул тохилог орчныг бүрдүүлсэн нэгэн хорооны талаар энд өгүүлэхийг зорилоо. Тодруулбал, АЦХЭЯ-ны сайдын 1967 онд “Армийн химээс хамгаалах тусгай батальон” нэртэйгээр анх байгуулагдсан Зэвсэгт хүчний 119 дүгээр хорооны талаар өгүүлэх болно. Тус хороог Зэвсэгт хүчиндээ хамгийн хамгийн ч гэж тодотгож болно.
Өнгөрсөн хугацаанд эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ мадаггүй сайн гүйцэтгэж ирсэн гэдгийг олон үг нуршилгүйгээр, дараах амжилтуудаар гэрчилж болно. Тухайлбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны зарлигийг үндэслэн БХЯ-ны сайдын 1968 оны тушаалаар оройн дээд болсон Байлдааны тугаа хүлээн авсан тэр цагаас хойш найман удаа “Онц”, 14 удаа “Тэргүүн”-ий ангийн болзлыг хангаснаас гадна “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан нь түүхийн хуудсанд тодоос тод үлджээ.
 
 
Хүн төрөлхтөнд шинэ сорилтыг авчирсан коронавирусийн цар тахалтай нүүр тулсан энэ үед тус хороо чухам ямар ажлыг хийж хэрэгжүүлж байгаа талаар юуны өмнө дурдах нь зөв байх. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын онцгой комисстой хамтарч долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоох зорилгоор түр шалган нэвтрүүлэх байрыг хоёр цэгт дэлгэн байрлуулж, зургаан цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгүүлсэн байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний алба хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэл хийх хөдөлгөөнт эмнэлгийн бүлэгт зарим цэргийн алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэдгээс гадна хээрийн халуун усны байраар тогтмол үйлчилж байгаа юм. Дээрх чиглэлээр үүрэг гүйцэтгэх боломжтой бусад техник, хэрэгсэлд засвар үйлчилгээг тогтмол хийж, бэлэн байдлыг нь ханган ажиллажээ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ
 
Хошууч Г.Дүнжингарав тус хорооны штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байна. Түүний хувьд өмнө ЗХЖШ, ХЗЦК-д химийн техникийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сард дээрх албан тушаалд томилогджээ. Хошууч Г.Дүнжингарав мэргэжлийн ангидаа ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гэдгээ илэрхийлээд зарим мэдээллийг хүргэв.
 
Тэрээр “2019-2020 оны сургуулийн жилд мэдлэг, ур чадвар, мэргэшил бүхий алба хаагчийг бэлтгэж үндсэн болон хуулиар хүлээсэн бусад үүргийг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг хангах зорилго дэвшүүлэн зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн бэлэн байдлыг хангах удирдамжийн дагуу бэлэн байдлыг шат дараалан хангаж байгаа бөгөөд удирдлагын байр болон хөдөлгөөнт удирдлагын байрыг төхөөрөмжлөх, сургалт бэлтгэлийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллалаа. Нэгдсэн команд штабын сургуулиар анги үүрэг гүйцэтгэх чадавхтай гэж дүгнэгдсэн. Коронавирусийн цар тахалтай холбогдуулан тус сургуулийг онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Цаашид химийн мэргэжлийн офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх болон бие бүрэлдэхүүнийг зэвсэглэл, техник багаж, хэрэгслийг ч сайтар эзэмшсэн байх талаар анхааран ажиллаж байна. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Тухайлбал, Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Химийн даргын нэрэмжит шалгалтад хороо амжилттай дүгнэгдсэн. Одоогоор “Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах заавар” шинэчлэгдэн батлагдсаны дагуу ажлын хэсэг гарч саналуудыг нэгтгэж байна. Мөн химийн цэргийн бусад заавар төслийн хэмжээнд явагдаж, тэр бүхэнд манай хорооны зүгээс үүрэг оролцоо өндөр байгаа. Баримт бичгүүд болон 1980-аад оноос хойш Зэвсэгт хүчинд ашиглагдаж байсан номуудыг шинэчлэх, заримыг нь электрон хэлбэрт шилжүүлэх, улам сайжруулах болон химийн цэргүүдийн хамтын ажиллагаа, сургалт, судалгаанд зориулсан гарын авлага бэлтгэх зэрэг ажилд гар бие оролцож байна” гэв.
 
Зэвсэгт хүчний 119 дүгээр хорооны байнгын бие бүрэлдэхүүний дийлэнх нь залуусаас бүрддэг аж. Ангийн удирдлагуудын зүгээс залуу боловсон хүчнээ дэмжих талаар ихээхэн анхаардаг тул офицер, ахлагч нараас тэдэнд хаягласан шинэ санал санаачилгууд багагүй ирдэг байна. Тэр бүхнийг нь нөөц бололцоондоо тулгуурлан аль болох нааштайгаар шийдэхийг эрмэлздэг аж. Гэхдээ залуусын зарим санал, санаачилга баригдаагүй спорт заалны өмнө тулж ирээд гацах нь бий. Гэхдээ биеийн тамирын хичээлээ гадаа явуулж, аливаа уралдаан тэмцээн, зарим урлаг соёлын арга хэмжээгээ Алтанбулаг сумыг түшиглэн зохион байгуулдаг болоод хэвшжээ. Мөн тус сум дахь албан тушаалын орон сууцны гаднах биеийн тамирын талбай ч бас одоогийн нөхцөл байдалд боломжийн бааз суурь болдог гэнэ. Хэрвээ хороо зориулалтын спорт заалтай болчихвол тэд хүсэж зорьсон нэг том ажлынхаа ард гарлаа гэсэн үг. Наад зах нь л гэхэд л биеийн жингийн зохистой харьцаагаа хадгалах, уралдаан тэмцээн, хичээл сургуулиа явуулахад цаг алдахгүй зэрэг ололттой зүйлс бий гэдгийг таарсан хүн бүр л ам уралдан хэлж байв.
 
ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛСЭН БОДИТ АЖЛУУД
 
Тус хороо сумын нутгийн удирдлага, ЗДТГ-тай иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр нягт уялдан ажилладаг. Хороо болон нутгийн удирдлагыг хооронд нь холбодог нэг гүүр нь иргэд. Жишээлбэл, тус сумаас 119 дүгээр хороонд 100 гаруй хүн ажиллаж, алба хаадаг. Нийгмийн хариуцлагаа сайжруулах хүрээнд сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан байж таарна. Мэдээж 100 гэдэг бага тоо бас биш. Тус сумын цагдаагийн хэсэг болон бусад байгууллагатай хамтран сургалт зохион байгуулж Зөрчлийн тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зэргийг судалж ирсний зэрэгцээ айл өрхийн гаднах өнгө үзэмжийг сайжруулах, орчныг тохижуулах ажилд хугацаат цэргийн алба хаагчид оролцсон нь иргэдээс ихээхэн талархал хүртсэн байна. Үүнийг батлах шиг “Манай цэргийнхэн түшигтэй” гэж хэлэх хүнтэй ч нэг бус удаа таарсан.
Бусад ажлын тухайд, цэргийн алба зохион байгуулах заавар шинэчлэгдсэнтэй холбогдуулан алба, тасгуудад үүрэг чиглэл өгч шинэ болон хуучин зааврыг нь харьцуулан сургалт явуулснаас гадна шинээр батлагдсан цэргийн дүрмийг нягт судлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэхээр зорьж зарим ажлыг санаачилсан байна. Түүнчлэн дээрх чиглэлээр хэд хэдэн тэмцээн уралдааныг явуулсан нь бие бүрэлдэхүүний онолын мэдлэгийг дээшлүүлэхэд их дөхөм болсноос гадна мэдлэгээ бататгах хамгийн тохиромжтой аргаар нэрлэгджээ. Нүдээ олсон өөр нэг ажил нь “Шилдэг сургалтын макет”-ын уралдаан. Энэхүү уралдаанаар цэргийн алба хаагч нар сургалтын орчин, материаллаг баазыг дээшлүүлж болох хэд хэдэн хувилбарыг дэвшүүлжээ. Мэдээж тийм ийм санал санаачилга байна гээд ярихаас илүүтэй хийж, бүтээж харуулах нь илүү үнэмшилтэй, бас үр дүнтэй арга хэлбэр. Мөн шинэ бүтэц орон тоонд шилжсэнээр баримт бичгүүдийг шинэчлэх , алба, тасгуудын ажил үүргийн хуваарь, төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг ажил ч өрнөсөн байгаа нь илт.
Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, ахмад Э.Баянмөнх хэлэхдээ “Цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба зохион байгуулах заавар, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас ирсэн тушаал, албан даалгавар, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Бэлэн байдлыг хангах хүрээнд томилгоот бүлгүүд заагдсан үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэж байна. Мөн хүн хүчний болон техникийн тодотголыг сар бүр хийж, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр ажил үүргийн хуваарь, томилгоо давхцахгүй, ажил хийдэхгүй байх онцлогтой. “Ангийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө”-нд сар бүр тодотгол оруулж байгаа. Дээрх төлөвлөгөөнд туссан ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Өөр нэг онцлох ажил нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, бэлэн байдлын үзлэгийн удирдамжийн дагуу сургалтын материаллаг баазыг өргөтгөх зорилгоор зоорийг далд командын байр болгон тохижуулсан. Одоогоор дулааны шугам татах, дотор засвар үйлчилгээг хийх зэрэг ажил явагдаж байна. Томилгоот бүлгүүдийн зэвсэг, техник, галт хэрэглэл, баг, хамгаалах хэрэгсэл, аранз, хатуу зөөлөн холбоо, түлхүүр, багаж, явах эд ангиудад үзлэг хийж, авто, хуягт техникүүдийн ажиллагааг шалган, бүлгийн үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангууллаа. Ерөнхийдөө 2019-2020 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэл болон бэлэн байдлыг хангах ажлууд төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна” гэв. Мөн тус хорооны сургалтын нэгдсэн төвийг түшиглэн явагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Өвлийн гурван төрөлт”-ийн тэмцээнд оролцсон цэргийн алба хаагчдаас зарим нь медаль хүртсэн бол бусад нь спортын зэргээ ахиулсан зэрэг богц дүүрэн амжилт үзүүлжээ.
 
ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТРООСОО ХАНГАХААР ЗОРЬЖ БАЙНА
 
2019-2020 он тус хорооны хувьд туслах аж ахуйг хөгжүүлсэн жил гэдгээрээ бас онцлог байна. Захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч, хошууч О.Шинэбаатар энэ талаар “Ангийн байрлалд нэг га газарт төмс, хүнсний ногоо, чацаргана, үхрийн нүд, монос гэсэн гурван нэр төрлийн жимс, жимсгэнийн 260 гаруй модыг тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Цаашид өвлийн хүлэмжтэй болохоор зорьж байна. Ямартаа ч хүнсний ногооныхоо хэрэгцээг хангадаг, хөнгөлөлттэй үнээр алба хаагч, ажилтнууддаа худалдаалдаг болчихвол санхүүгийн бодитой хэмнэлт үүснэ гэж бодож байна. Урьдчилсан байдлаар гурван тонн төмс, нэг тонн нарийн ногоо хурааж авна гэсэн тооцоо байна. 300 гаруй толгой бог, бод мал бий. Түүгээрээ бүрэн дүүрэн биш ч гэлээ махны хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангадаг. 2019-2020 оны сургуулийн жилд шаардлагатай ар талын хангалт, ангийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан сургалтын төвийн хашааг блоклосон” гээд зарим ажлын тухайд ч товч танилцууллаа. Тухайлбал, ангийн хашааны өнгө үзэмжийг сайжруулахаар блок үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнээс гадна ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл бие бүрэлдэхүүнийг өөрсдийн оёсон амны хаалтаар хангадаг болсон аж.
 
АВЬЯАСЫН УНДАРГА ТЭРГҮҮН АХЛАГЧ
 
Урын сандаа 10 хол давсан шүлэгтэй энэ эрхэм бол ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл. Ажлынхаа гарааг анх энэ хорооны салааны захирагчаар эхлүүлж байсан тэрбээр Баянхонгор, Дорнод зэрэг аймагт томилогдон ажиллаж байсан аж. Бууриа сэлгэсэн ч анх байсан ангидаа эргээд ажиллах болсондоо их баярладаг гэнэ. Түүний хувьд ахлагч нарын сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлж ажиллах үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд нэлээд ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа гэлээ. Зарим ажлаас нь онцолъё. Тэргүүн ахлагч О.Алтангэрэлийн санаачилсан 3D гранатын талбайн ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү талбайг түшиглэн сургалт бэлтгэл явуулснаар Зэвсэгт хүчний марш, тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах болон бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохиогддог тэмцээнүүдэд тус хорооны офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид ч илүү идэвхтэй хамрагдаж оролцох юм. Ийм учраас дээрх ажилд хүн нэг бүр ихээхэн ач холбогдол өгч байгаа юм билээ. Дараагийн дугаарт радио хичээлийг сургалтад нэвтрүүлсэн байна. Тухайлбал, холбоо, хими, ар тал, техникийн чиглэлээр ойр ойрын давтамжтайгаар сургалтыг явуулж эхэлсэн аж. Зөвхөн сургалт бэлтгэл гэлтгүй бусад чиглэлээр анхаарч ажилладаг юм байна. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ахлагч нарынхаа гэр бүлтэй байнгын холбоо харилцаатай байж, шаардлагатай зүйлээр туслан, дэмжлэг үзүүлдэг. Энэ нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй ахлагч нараа албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, сэтгэлээ чилээхгүй байхад тус нэмэртэй байдаг гэдгийг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн төлөөллүүд нь гэрчилж байв.
 
 
Ахлагч нарынхаа санал санаачилгыг үндэслэн “Нэг хүн нэг ном” аяныг зохиож номын сандаа баяжилт хийснээс гадна орон нутгийн иргэдийн түлшний хэрэгцээг хангахад ч тодорхой дэмжлэг үзүүлсэн зарим ажлыг ч нэрлэж байлаа. Тэрээр шүлэг бичихээс гадна сонин, сэтгүүлийн хайчилбар цуглуулдаг бөгөөд “Соёмбо” сониных зонхилно. Түүнчлэн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид байхдаа өөрийн шүлгээ ангийн сүлд дуу болгон мөнхжүүлсэн гавьяатай аж. Мөн “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тайзнаа гарч байсан зэргээс нь аргагүй л ахлагч нараа тэргүүлсэн ажилсаг, авьяаслаг нэгэн юм гэсэн бодол төрснийг нуух юун.
Удахгүй гавьяаныхаа амралтад гарахаар зэхэж буй Д.Алтанзул тус хороонд номын санчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр энэхүү түүхт хороонд ажилладгаараа бахархдаг. “Цэргийн хүний гэргий болоод ч тэр үү төрөл бүрийн албан тушаалд хөрвөн ажиллаж сурлаа. Миний хань бэлтгэл дэд хурандаа Ч.Энхтөр. Миний амьдрал Зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой” гэж ярих Д.Алтанзул гавьяаныхаа амралтад гарахаасаа өмнө ангидаа ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхээр шийджээ. Ингээд тэрээр өөрийнхөө хамгийн сайн чадах ажил буюу амин чухал хэрэгцээтэй 1000 гаруй номын тавиурыг хийж хүлээлгэн өгсөн нь түүнийг ангидаа, Зэвсэгт хүчиндээ ямар элэгтэй хүн болохыг эрх биш харуулах биз.
 
 
Ер нь хүн бүр л аливаа ажлыг санаачилж түүнийхээ үр дүнг үзэх гээд мэрийдэг, гүрийдэг махруу зантай болох нь ажиглагдсан шүү.
Уншигч танд дээрх сурвалжилгаас тус хорооны алба хаагч, ажилтнуудын албандаа хандах хоёргүй сэтгэл, шинийг санаачлагч, ажил хэрэгч байдал бага ч атугай мэдрэгдсэн гэдэгт итгэлтэй байна.
 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин