sonin.mn
БНХАУ-ын эрх баригчид Вашингтоны засаг захиргааг дэлхийн хэмжээнд тагнуулын ажиллагаа явуулдаг гэж шүүмжиллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдэлдээ "БНХАУ-ыг гүтгэж, шахалт үзүүлэхийн тулд АНУ-ын хууль сахиулах байгууллагууд довтолж эхэллээ. Ингэхдээ тэд "Хятадын тагнуулын хэрэг" гэх зохиомол хэргийг гаргаж ирсэн. Үнэндээ АНУ дэлхийн даяар тагнуулын үйл ажиллагаа явуулдгийг батлах бодит нотолгоо бидэнд бий. Тэр ч бүү хэл холбоотнуудаа хянадаг" хэмээн онцоллоо.
 
 
 
БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн үзэж байгаагаар Вашингтон Хятадын нэр хүндийг гутаахын тулд тагнуулын сэдвийг хөнджээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас Сингапурын иргэн И Жун Вэйг АНУ-ын цэрэг, улс төрийн мэдээлэл цуглуулах зорилгоор Хятадын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгаж байна. Шүүхэд ирүүлсэн бичиг баримтад түүнийг 2015 онд Бээжингийн тусгай албаныхан элсүүлсэн тухай дурджээ.
 
 
 
И Жун Вэйг Засгийн газрын байгууллагуудтай харилцахдаа АНУ-ын зөвлөх фирмүүдийн нэрийг ашигласан, Linked In платформоор дамжуулан АНУ-ын Засгийн газар, цэргийн байгууллагын ажилтнуудаас 400 орчим асуулга авсан хэрэгт буруутгажээ. Түүнийг олж авсан мэдээллүүдээ БНХАУ-аас ирсэн кураторуудад дамжуулсан гэж Вашингтоны мэдэгдэлд онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-д ирэхдээ Пентагоны ажилтантай холбоо тогтоохыг завдсан тул Холбооны мөрдөх товчооныхон баривчилжээ.
 
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин