sonin.mn
Тэрээр Европын киноны гурван гол их наадмын шагнал хүртсэн хэдий ч төрөлх Иранд нь түүний киног зөвхөн нууцаар л үздэг. Стивен Спилберг, Мартин Скорсезе, Роберт де Ниро и Жюльет Бинош нар түүнийг өмөөрч үг дуугарсан хэдий ч арван жил улс орноос гарч явахыг түүнд хоригложээ. Кино зураг авахыг хориглосон ч тэрээр яаж ийгээд дөрвийн дөрвөн кино бүтээжээ. Түүнийг нэгмөсөн эргэж ирэхээргүйгээр явж одохыг төр засаг нь хүсдэг боловч Панахи Ирандаа амьдарч, ажилласаар л байна. Энэ хүний талаарх ТАСС-ын  нийтлэлийг орчуулан хүргэж байна. 
 
Үнэндээ бол төр засагтайгаа дайтахыг найруулагч огт хүсээгүй. Тэрээр аймшигт үйл явдал, улс төрийн гэмт хэрэг зэргийн талаар кино зураг авдаггүй, харин ч улс орныхоо өдөр тутмын амьдралын талаар байнга кино зураг авдаг, гэхдээ цорын ганц гэм буруу нь хийсэн ажлаа хянуулж шалгуулахаас татгалзсан явдал. Баримтат киногоор ажлаа эхэлсэн бөгөөд оршуулгын нууц ёс заншлын тухай ираны телевизэд зориулж хийсэн богино хэмжээний киног нь хоригложээ. Найруулагч Камбузьи Партовигийн тухай киноны зураг авалтын дараа Панахи түүний туслах болж, улмаар хэдэн жилийн дараагаас уран сайхны кинонд хүч үзэхээр шийджээ. Түүний бүтээсэн анхны богино хэмжээний кинонуудыг Ираны нэрт найруулагч Аббас Киаростами өндөр үнэлж урамшуулсан бөгөөд Панахи түүний туслах болж ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
 
 
Залуу найруулагчийг анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авахад нь чухамхүү Киаростами найруулагч л дэмжсэн. Эхэндээ Панахи “Цагаан бөмбөлөг” (“Белый шар”) хэмээх богино хэмжээний кино бүтээхээр төлөвлөж байсан ч Киаростами зохиолыг нь бүрэн хэмжээний кинонд зориулан өөрчилж бичжээ. Хяналт шалгалтыг давж гарахын тулд Панахи хүүхдийн тухай зураг авахаар шийдэв, ираны уламжлал ёсоор шинэ жилийн баяраар өөртөө алтан загас худалдаж авахаар дэлгүүр явж байгаад мөнгөө гээж байгаа бяцхан охины тухай уг кинонд өгүүлдэг. Найруулагчийн бодсон санаа бүтэж, хянагч нар киног нийтэд үзүүлэхийг үнэхээр зөвшөөрсөн бөгөөд яг үнэндээ бол Панахигийн сэтгэлийг олон жил шаналгасан асуудлыг кинонд хөнддөг. Тэр ираны киноны уламжлалыг үргэлжлүүлж, бүх киногоо баатруудынх нь хувьд адал явдалт тоглоом болгон хувиргажээ. Хүний хөл, хөдөлгөөн ихтэй гудамжаар баатруудаа даган бичлэг хийж, тэдний товчхон уулзалт, яриа хөөрөөнөөс нийт улс орны ерөнхий дүр зургийг Панахи гаргаж авдаг байв. 
“Цагаан бөмбөлөг” киногоор тэр Канны их наадмын шилдэг шинэ оролцогчдод олгодог “Алтан камер” шагнал хүртэв. Түүний дараагийн бүтээл болох “Толь” (“Зеркало”) кинонд сургуулиа тараад гэртээ харихаар Тегеран хотын түм түжигнэж, бум бужигнасан гудамжаар бүдчин яваа бяцхан охиныг бид бас дахин олж харах болно.
 
Панахи ямар нэг хэмжээгээр баримтат киночин байхаа больж, Ираны найруулагч нарын реализмыг шүтэх арга барилыг эцэст нь тултал хөгжүүлэв. Түүний бүтээсэн кинонууд бодит нөхцөл байдлыг уран сайхнаар эргэцүүлэн тунгааж, ялангуяа найруулагчийн сүүлийн бүтээлүүд бүр хуурамч дуураймал баримтат киноны (мокьюментари) шинжтэй болж ирэв. Иран найруулагч мэргэжлийн бус жүжигчидтэй ажиллах дуртай бөгөөд түүний камер баатруудтайгаа ямагт ойр байж, баатруудын үзэж харж байгааг л үзүүлэхийн хамт киноны үйл явдал аль болох бодит цаг хугацаанд ойрхон болж өрнөнө.
“Толь” ("Зеркало") кино нэг цаг хагас буюу Мина охин сургуулиасаа гэртээ хүрэх хугацаанд үргэлжилнэ. Хэсэгхэн мөчид мэргэжлийн бус жүжигчин маань ядарч цуцаад, камер луу эгц харж, залхаж байгаагаа хэлээд явж одно. Харин оператор түүнийг дагаж мөшгин нууцаар зураг авна.
Панахигийн анхны киноны баатрууд балчир бага насны охид хэдий ч эдгээр охидыг нийгэмд үндсэн суурь эрхгүй болгосон амаргүй хүнд бэрх ирээдүй хүлээж байгааг найруулагч нуугаагүй. Хүрээлэн буй орчныг уян зөөлөн болгож, үлгэрийн гоё сайхан мэдрэмж төрүүлдэг хүүхэд насны хил заагийг давж гармагц өнгө зүс цонхийн цайж, уур амьсгал хүнд бэрх болж, бүдгэрэн бараантана. “Тойрог” (“Круг”) кинондоо Панахи эрчүүдийн хавсарга болон зүтгэж байгаа Ираны эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд бас дахин анхаарал хандуулсан. Киноны гол баатар гурван бүсгүй шоронгоос суллагдаж, шинээр амьдрал эхлүүлэхийг хичээх боловч, тэд урьдын адил шоронд, тэгэхдээ цар хэмжээгээрээ бүр том шоронд үлдэж байгааг Панахи нэг бус удаа үзүүлдэг. Эр хүнгүй эмэгтэйчүүд бол, жишээлбэл, тамхи асаах, аль эсвэл автобусанд тасалбар худалдаж авах гэх мэт энгийн жижиг зүйлийг ч хийж чадахгүй. 
 
Эхэндээ айж балмагдсан ч итгэл огт алдраагүй цэл залуухан; дараа нь урам хугарч ядарч туйлдсан; нас биед хүрэх үедээ бүрмөсөн арга мухардаж, эцсийн бүлэгт нийгэмдээ адлагдаж, аргагүйн эрхэнд биеэ үнэлэгч болж байгаа зэрэг намтар түүх нь ээлжлэн солигдох киноны гол баатар бүсгүйчүүд бол янз бүрийн цаг хугацаанд амьдарч байгаа нэг л эмэгтэй гэдэг санааг найруулагч битүүхэн өгүүлдэг. Тойрог бол элдэв хориг саад бүхний золиос болсон эмэгтэйчүүдийг зүйрлэхийн хамт ээж нь охиноо төрсөн эсэхийг лавлаж мэдэхээр цонх тогшдог бол шоронгийн цагдаа мөн тийм цонхыг нээж байгаагаар төгсдөг киноны үйл явдлын эхний хийгээд сүүлийн дүрсийг ижилсүүлэх найруулагчийн арга барилын дуртай зохиомжийг ч мөн бидэнд илтгэж харуулдаг. Ираны эмэгтэйчүүд хувь тавилангаа олж мэдэхийн тулд ийнхүү байнга цонх тогшихоос өөр аргагүйд хүрдэг. Эрэгтэй хүн гол дүрд нь тоглодог Панахигийн цөөхөн киноны нэг болох “Цусанд будагдсан алт” (“Багровое золото”) хэмээх киноны эхэнд найруулагч үнэт эдлэлийн дэлгүүрийг тонон дээрэмдэж байгаа үзэгдлийг харуулаад нэлээд хожуу үүнд хүргэсэн нөхцөл байдлыг дэлгэн харуулдаг. Киноны төгсгөлд өнөөх дэлгүүрт киноны гол дүр болох пицца зөөгч Хуссейныг бид олж харах бөгөөд түүний мэдрэмж, санаа сэдлийн талаар үзэгчид аль хэдийнэ ихийг мэддэг болсон байна.
“Тойрог” киногоо Панахи Венецийн киноны их наадамд Засгийн газрынхаа зөвшөөрөлгүй илгээж, “Алтан арслан” шагнал хүртсэн. Иранд энэ киног үзүүлэхийг хориглов. “Цусанд будагдсан алт” (“Багровое золото”) кинонд мөн л ийм тавилан ногдсон бөгөөд найруулагч энэ киногоо Венец рүү биш Канны их наадамд илгээж, “Онцгой үзэл бодол” хэмээх салбарт шүүгчдийн тусгай шагнал хүртсэн. Энэ бүгдийн дараа найруулагчийг баривчилж, нэлээд хэдэн цаг цагдан хорьсны эцэст улс орноос гарч явахыг тулган шаардсан боловч тэр зөвшөөрөөгүй. Эх орноо орхиж явна гэдэг түүний хувьд ялагдсантай адил байв. 
 
 
 
Хүмүүст өөрийнхөө эрхийн төлөө тэмцэхэд элдэв хориг саад юу ч болохгүй, эрх чөлөөгүй бүгчим бөглүү орон зайд ч сайн сайхан зүйл төрдөг гэдгийг Панахи өөрийнхөө киногоор нотлохыг хүссэн. Тэрээр өөрийгөө эрх баригч төр засгийг шүүмжлэгч, улс төрийн идэвхтэн биш гэдгээ нэг бус удаа онцолсон. Нийгэмд оршиж байгаа хурц асуудалд анхаарал хандуулахыг чухалд үзсэн нийгмийн найруулагч хэмээн тэр өөрийгөө нэрлэсэн. Түүний кино бүхэнд Ираны ард түмнийг гүнээ хайрласан сэтгэл мэдрэгддэг. 
 
 
 
Панахи болж байгаа бодит үйл явдлыг хөөргөж дэвэргэлгүйгээр байнга сэтгэл хөдлөн хүлээж авдаг бөгөөд үзэгчдийг амьдралд аль болох ойр байлгаж, таниулж мэдүүлэхийг эрмэлздэг нэгэн билээ. “Отон тоглолт” (“Офсайд”) хэмээх кинонд хөлбөмбөг үзэхийн тулд стадион руу хууль бусаар (Иранд эмэгтэйчүүдэд хөлбөмбөгийн тэмцээнийг очиж үзэхийг хориглодог) нэвтэрч байгаа хэсэг хөгжөөн дэмжигч хүүхнүүдийн тухай өгүүлдэг. Панахигийн охин нэг удаа яг ийм маягаар стадионд очсон бөгөөд тэр мөчөөс өөрийнхөө дараагийн бүтээлийг хөгжөөн дэмжигч бүсгүйчүүлд зориулахаар шийджээ. Гол дүрд тэрээр жинхэнэ бодит шүтэн бишрэгчдийг (фанатууд) сонгож, хөгжөөн дэмжигчдийн дүрсийг харуулахын тулд киноны зургийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авчээ. Үүний тулд тоон камер ашигласан нь хөдөлгөөнт зураг ахиу авахад нэмэр болсноос гадна Соёлын яам болон Ираны лалын шашны чиг хандлагаас далдуур нууц ажиллахад нь түүнд тус дөхөмтэй байжээ. Түүний шинэ төсөл олон хүний таашаалд нийцэхгүйг мэдэж байсан тэрээр яам руу хуурамч зохиол явуулж, найруулагчаар нь өөрийнхөө туслахыг нэр заажээ. Гэсэн ч энэ бүхэн нэмэр болсонгүй, Панахи зөвшөөрөл хүлээлгүйгээр киноны зураг авалтаа эхлүүлсэн.
Бүсгүйчүүл, тэднийг саатуулж байгаа цэргүүдийн аль аль нь утга учиргүй энэхүү хоригийг тайлбарлаж чаддаггүй бөгөөд кинонд муу муухай зүйлд анхаарал хандуулалгүй, эсрэгээр саад бэрхшээл хүмүүсийг өөр хооронд нь салгаж холдуулахгүй, харин ч ойртуулж нэгтгэж байгаа тухай харуулж өгүүлдэг. Хүүхнүүд, цэргүүдийн аль аль нь нөхцөл байдлын золиос болж, эхэндээ тэд бие биедээ таагүй сөрөг ханддаг ч яваандаа харилцан бие биенээ ойлгож, ойр дотно болцгоодог. Киноны төгсгөлд Ираны багийн ялалтаар тэмцээн өндөрлөхөд тэд өөрсдийг нь голж гоочилсон эх орноороо бахдан баярлаж, улам бүр нэгдмэл цул болцгоодог. Ер нь Панахи аливаа хүнээс ямар нэг сайн зүйл олж болно гэж үздэг болохоор өөрийнхөө бүтээлүүдэд ганц ч сөрөг дүр байхгүй хэмээн онцлох дуртай. Түүний бүтээлүүдэд энэрэн хайрлах сэтгэл байнга гайхалтай хүчтэй мэдрэгддэг.
Энэ кино Берлиний кино наадмаас “Мөнгөн баавгай” шагнал хүртэж, харин найруулагч эрх баригчдын харилцаа нэгмөсөн муудав. “Офсайд” киног нийтэд үзүүлэхийг хориглосон хэдий ч Иран даяар киног нууцаар хуулбарласан байлаа. “Тойрог”-оос эхлэн Панахигийн ганц ч кино өргөн олны дэлгэцээр гараагүй. Ираны ард түмэнд зориулан бүтээсэн кинонууд эзэндээ очиж чадахгүй, зөвхөн нууц үзвэрийн ачаар тарж түгсэн билээ.
2010 онд найруулагчийг баривчилж, гурван сар шоронд саатуулав. Ойр дотных нь хүмүүсийн амь насанд заналхийлж, хатуу ширүүн харьцсаны улмаас найруулагч өлсгөлөн зарлаж, үр дүнд нь арга буюу түүнийг суллав. Панахиг зургаан жил гэрийн хорионд байлгах, 20 жил кино зураг авахыг хориглон шийтгэв. Гэсэн хэдий ч найруулагч энэхүү хоригийг зөрчиж, нэг жилийн дараа өөрийн шинэ бүтээл болох “Энэ бол кино биш” киногоо Канны их наадамд илгээдэг. Киноны төгсгөлд бялуунд нуусан флашаар киног хил давуулсан хэмээн өгүүлдэг. Хожим нь энэ бол наргиан байсан хэмээн тэр өөрөө хүлээн зөвшөөрч, киногоо өөр арга замаар Францад авчирсан ажээ. Тоон камер, гар утсаар зураг авсан киноны гол дүрд найруулагч өөрөө тоглож, ажил хэргээ урагшлуулахын тулд өдөр хоногийг эцэс төгсгөлгүй яриа хэлцэл хийж, шинэ мэдээ үзэж, бүтэлгүй болсон төслүүдийн талаар ярьж байгаа тухай харуулдаг. 
Панахи бол өөрийгөө тусгаарлахын зовлонг биднээс түрүүлж амссан хүн, хэдийгээр тэр зориг хатуужилтай хүн ч гэсэн түгжигдмэл орон зайн амьдрал, байнгын мөрдлөг мөшгилт түүний цөхрөнг барж эхэлжээ. Хаалттай хөшиг бүхий орон байранд үйл явдал өрнөдөг “Хаалттай хөшиг” (“Закрытый занавес”) кино тоталитар дэглэм бүхий улс орны галзуу солиотой уур амьсгалыг илтгэн харуулдаг. Төр улс нь хүнээ жижигхэн шоронгоос суллаж эрх чөлөөтэй болгож байгаа боловч үнэндээ бол ажиллаж хөдөлмөрлөх, хүн зонтой уулзаж ярилцах, дэлхий ертөнцөөр чөлөөтэй зорчих зэрэг бүгдийг хааж хорьсон өөр нэгэн шоронд хийж байгаа тухай өгүүлнэ.
Панахи найруулагч бол хотын хүн. Түүний кинонд хот бүхэл бүтэн гол дүр болж гардаг: түүний камер хотын гудамжаар нэвт шувт аялж, хүмүүсийн нүүр царайг дэлгэн харуулж, өдөр тутмын амьдралын нарийн ширийний гүнд нэвтэрдэг. Найруулагч харин энд ямар ч гарцгүй хаалттай битүү орчны хоригдол болно. Эцэг эхээсээ нуугдан зугтсан бүсгүй түүний гэрт гэнэт хүрч ирнэ, тэр бүсгүй чухамхүү эмэгтэй хүн учраас л гэрээс гадагш гарч чаддаггүй билээ. Эмэгтэйчүүд Иранд насан турш түгжигдмэл хорионд байдаг гэсэн санааг Панахи ёгтолж байгаа хэрэг юм.
Түүний хувь заяаны талаар нэр цуутай олон жүжигчин, найруулагч санаа зовниж, өмгөөллийн үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Панахид тохиолдсон хэрэг явдлыг Иран дахь хэлмэгдүүлэлтийн хурц тод жишээ болгож байсан. 2013 онд найруулагч хийгээд Ираны хүний эрхийн өмгөөлөгч Насрин Сатуде нар Сахаровын нэрэмжит “Үзэл бодлын эрх чөлөөний төлөө” шагнал хүртэж, 2015 онд Сатудег өөрийнхөө бүтээсэн “Такси” кинонд оруулж зураг авсан. Энэ кино “Хаалттай хөшиг” (“Закрытый занавес”) хэмээх бүрхэг бараан киног бодвол өөдрөг, өнгөлөг хөнгөхөн болж чадсан. Панахи үйлчлүүлэгч нараасаа мөнгө нэхэж шаарддаггүй таксины жолоочийн дүрд тоглон Тегеран хотынхоо хайртай гудамжинд эргэж ирнэ. Өөрийнхөө сүүлийн үеийн бүтээлийн нэг адил өгүүлэмжийг баримтат кинотой тун адилхан болгож, бүх зүйл бодит байдал дээр болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээсэн. “Такси” киногоор тэр Иран эх орон, ард түмэндээ жинхэнэ ёсоор хайртай гэдгээ илэрхийлсэн бөгөөд Берлиний их наадам түүнд гол шагналаа хүртээсэн.
 
Одоогоор улс орноос гарч явах, урьдын адил кино зураг авахыг найруулагчид хориглосон хэдий ч улс орноороо харин чөлөөтэй зорчих боломжтой. Панахи эдгээр хоригийг ямар нэг байдлаар тойрч гарахыг хичээсээр л байна. Уржнан жил Каннд түүний шинэ бүтээл “Гурван этгээд” хэмээх киног үзүүлсэн. Энэ кинонд Панахи жүжигчин бүсгүй Бехназ Жафаригийн хамт амиа хорлосон байж болзошгүй бүсгүйн эрэлд гардаг. Найруулагч Тегеранаас аажим аажмаар холдож, хөдөө тосгоны оршин суугчдын ёс заншлыг судалж эхэлсэн бөгөөд хуурамч дуураймал баримтат киноны хэв маягаа тууштай баримталсан хэвээр байсан. Энэ кино Канны их наадмын бас нэгэн шагнал  шилдэг зохиолын шагналыг түүнд авчирсан. Энэ жил Канны наадмыг цуцалсан, кино үйлдвэрлэл түр зогссон, гэхдээ хөл хорионоос айж сандраагүй хүн бол харин Жафар Панахи билээ. Зөвхөн ганц тэр төдийгүй, дэлхий тэр аяараа хязгаарлалтад байгаа хэдий ч найруулагч маань  ямар нэгэн шинэ төсөл дээр ажиллаж байгаа гэдгийг итгэлтэй хэлж болно.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин