sonin.mn
Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний байр суурийг хүргэе. 
 
-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр боллоо. Үүнтэй холбог­дуулан ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? 
 
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тасралтгүй чанартай боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх  шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ үе шаттайгаар зохион байгуулалтыг хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд нарт үүрэг даалгавар болгосон. Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан танхимын болон танхимын бус сургалтын хэлбэрийг ашиглахаар болсон. Үүний хүрээнд танхимын сургалтын эхлэх хугацааг мөн өөрчилсөн. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл  14, их, дээд сургууль, коллежийн хичээл аравдугаар сарын 5-ны өдрөөс эхэлнэ. Танхимын хичээл гурван өдөр орно. Энэ хугацаанд зөвхөн багш нар анги сэлгэж хичээлээ заана. Мөн нэг ангид 20 хүүхэд  байх тооцоолол гарсан. Харин танхимын бус буюу онлайн, цахим хичээл албан ёсоор есдүгээр сарын 1-нээс эхлэнэ. 
 
-Хөдөө, орон нутагт ямар зохицуулалт хийх вэ?
 
-Сум, багын суурин сургуулиудын хувьд нэг ангийн дүүргэлт өмнөх шигээ хэвийн тоотой байна. Харин аймгийн төв, нийслэлийн сургуулиуд ачаалал ихтэй байдаг учраас нэг ангид суралцах хүүхдийн тоонд хязгаар тогтоож өгсөн. 
 
-ЕБС-иудад танхимаар орох хичээлийн тоонд өөрчлөлт орох уу?
 
-Танхимд судлах хичээлийн тоог багасгаж байгаа. Монгол хэл, математикийн хичээл бүх ангид орно. Дунд ангид байгалийн ухааны хичээлүүд танхимаар орно. Ахлах ангийн сонгох хичээлийг танхимаар оруулна. Энэ горимоор явах хугацаанд элдэв асуудал эрсдэлт байдал үүсэхгүй бол хичээлийн тоог нэмнэ. 
 
-Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн. Сургалтыг яаж олгох вэ? 
 
-Сургуулийн өмнөх боловсролыг чанартай олгохын тулд таван настнуудыг бүрэн цэцэрлэгт хамруулна. Ингэхдээ мөн адил нэг бүлэгт 20 хүүхэд байна. Анги танхимын хүрэлцээнээс хамаарч 3-4 настнуудын 60 хувь нь хамрагдаж магадгүй гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоёр настнуудыг энэ жил цэцэрлэгт хамруулахгүй. Хувийн өмчийн цэцэрлэгүүд мөн адил хоёр настнуудыг хүлээн авахгүй байхаар төлөвлөж байгаа. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цахимаар бүртгэж авна.
 
 
 
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 309670 хүүхэд байна. Эндээс 77235 нь хоёр настнууд. Судалгаагаар 0-3 насны хүүхдүүд дунд гэдэсний болон амьсгалын замын өвчин өндөр байдаг. Тиймээс хамгийн өвчлөмтгий байдаг нь хоёр настнууд учир эцэг эхийн асаргаанд тэдний тусламжтайгаар теле хичээлдээ хамрагдах нь аюулгүй гэж үзсэн. 
 
 
 
-Их дээд сургуулийн төлбөр болон хувийн өмчийн боловсролын байгууллагын төлбөрт өөрчлөлт орох уу?
 
-Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд төлбөрөө авахдаа сараар, улирлаар авах уян хатан зохицуулалтыг хийж байгаа.
 
 
 
Харин их дээд сургуулийн төлбөр энэ жил нэмэгдэхгүй. 
 
 
 
-Сургууль, цэцэрлэгүү­дэд ариутгал хийж эхэлсэн үү?
 
-Анги танхимын ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Хичээл эхлэхээс өмнө дор хаяж гурван удаа ариутгал хийх болно. Мөн хүүхэд хоорондын зайг ягштал бариулж, амны хаалт хэрэглэх, гарыг хоёр цаг тутам угаалгах зэрэгт  шаардлага хяналт тавина.
 
 
Б.Баярчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин