sonin.mn
Бүжиг бүжиглэхийн ач тус хэмжээлшгүй их ажээ. Хэдийгээр бүжиглэж чаддаггүй гэдэг ч хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Тиймээс энэ удаа бид “Огторгуйн биелгээ” сургалтын төвийн захирал, багш Ш.Номин-Эрдэнээс хүүхэд, залуусын хамгийн их сонирхож буй зарим мэдээллийг тодруулсан юм.  
 
-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Огторгуйн биелгээ” биелэх давалгаа олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ challenge-ийг эхлүүлэх болсон шалтгаан тань юу вэ?
 
-“Тоохуу нэгэн гос” бүжгийн бичлэг анх зургадугаар сарын 1-нд хийгдсэн. Гудамжинд явж байгаа хүүхдүүдээр биелгээ хийлгэж, видео контент бэлтгэх гэж байгаад цаг үеийн байдлаас болоод өөрсдөө биелгээ хийж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бусдыг уриалсан юм. Энэ бичлэг маань олон хүнд хүрсэн болохоор дараа нь монгол бүжгийн хэмнэл, хөдөлгөөн зэргийг илүү ойлгомжтой байдлаар харуулсан биелгээний бичлэгээ оруулсан.  Манай “Огторгуйн биелгээ” сургалтын төвд үндсэн зургаан ястаны биелгээ заадаг. Хичээл язгуур чиглэлээр явагддаг бөгөөд биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан байдлаар видео контент бэлтгэдэг юм.  Тиймээс бид биелгээг зүгээр заагаад өнгөрөх биш хөдөлгөөн болгоных нь утга учир, мөн чанарыг нь тайлбарлаж далд чанар луу нь чиглүүлдэг гэдгээрээ онцлог.  Тухайн биелгээг сурахдаа хүний бие организмд яаж нөлөөлж байгаа дээрээс нь ямар утга агуулгыг илэрхийлж байгаа вэ гэдгийг нь хүүхэд залуустаа ойлгуулахыг  хичээдэг.
 
-Та хэзээнээс монгол бүжгээр хичээллэж эхэлсэн бэ?
 
-Би цэцэрлэгт байхаасаа монгол бүжиг бүжиглэдэг байсан. Хөгжим бүжгийн коллежийг сонгодог бүжгээр төгсөөд СУИС-д бүжиг найруулагчаар ажилласан. Гурван жилийн өмнө сургалтынхаа төвийг байгуулан ажиллаж байна. Одоо манай төв надаас гадна дөрвөн багштай. Насанд хүрэгчдийн дөрвөн ээлж, хүүхдийн нэг ээлжийн анги хичээллүүлдэг.
 
-Биелгээг хэр хугацаанд сурдаг вэ. Монгол бүжиг, тэр тусмаа бий биелгээ биелэхийн ач тус юу вэ?
 
 
 
-Биелгээ биелэхийн ач тус юу гэвэл олон зүйлийг дурдаж болно. Жишээ нь, хамгийн эхлээд бүжгийн хөдөлгөөнөө зөв сурах хэрэгтэй. Ингэснээр  бие махбодь эрүүлжиж, таван цул эрхтэн цэвэрлэгдэж, бие галбирждаг. Түүнчлэн хүний биеийн хамгийн ариун тунгалаг энерги шууд ялгарч эхэлдэг болохоор аура цэвэрлэгдэж дотроосоо ариусдаг. Мөн монгол бүжиг тэр дундаа бий биелгээний хөдөлгөөнүүд хүний баруун, зүүн тархийг ажиллуулдаг гээд олон давуу талтай.
 
 
 
 
Бүжгийн сургалт маань нэг сар үргэлжилдэг. Энэ хугацаанд анхан шатнаас эхлээд биелгээ сурах хүртэл программын дагуу хичээл ордог. Нэг сарын хугацаанд биелгээний суурьтай болох бүрэн боломжтой. Хэрэв хүсвэл цааш нь гүнзгийрүүлээд хичээллэж болно. Манай сургалтын төвд ихэвчлэн хүүхэд залуус, 30-50 насны хүмүүс бүртгүүлдэг. Сошиал орчинд санаачилсан challenge-д маань нэгдэх хүсэлтэй хүүхэд, залуус их ирж бүртгүүлдэг болсон.  Олон нийтийн сүлжээнд монгол бүжиг, бий биелгээний гоо сайхан байдлыг харуулж чадсандаа манай хамт олон их баяртай байгаа. 
 
Т.Намуун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин