sonin.mn

Ямар ч байсан дэлхий сөнөөгүй болохоор бид ирээдүйгээ итгэлтээ харж, улирсанаа баяр гуниг зэрэгцүүлэн дүгнэж байна. 2012 онд болсон онцлох 12 үйл явдлыг ийн нэрлэж байна.

 

Санал тоолох автомат машинаар хийсэн сонголт

Монгол Улс анх удаагаа сонгуулийг холимог системээр явуулж, иргэдийн саналыг автомат санал тоологч машинаар авлаа. УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Сонгуулийн үр дүнд УИХ- д АН 31, МАН 27, “МАХН- МҮАН-ын Шударга ёс эвсэл” 11, ИЗНН хоёр суудалтай болсон. Бие даан нэрээ дэвшүүлсэн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сонгогчдын итгэлийг хүлээж чадлаа. Сонгуулийн энэ үр дүн зарим нам эвсэлд санал тоолох автомат машинд үл итгэх байдлыг авчирч зарим тойрогт одоо болтол маргаан үргэлжилсээр байна.


Оюутолгойн асуудлаар анх удаагаа олон нийтэд мэдээлэл өгсөн мэтгэлцээн

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ байгуулах үед Сангийн сайд асан, мөн гэрээнд гарын үсэг зурсан УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг мэтгэлцээнд дуудлаа. Мэтгэлцээн хэд хэдэн удаа хойшилсон ч 11 дүгээр сарын 23-ны өдөр МҮОНТ- ын 600-гийн студид болж хоёр гишүүн орон даяар шууд мэтгэлцлээ. Мэтгэлцээнд дуудагч С.Ганбаатар итгэл, зориг муутай оролцсон гэж ажиглагчид дүгнэж байгаа бол С.Баярцогтыг урьдчилж бэлтгэсэн “презинтаци”- аар мэтгэлцээнийг “удирдсан" гэж харж байгаа. Мэтгэлцэгч хоёр үр дүнг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа. Ямартаа ч тус мэтгэлцээнээс Монголын ард иргэд хэн нь илүү улс төрч вэ гэхээс илүү Оюутолгой гэж Монголын асар их хэмжээний баялаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм байна гэсэн тодорхой ойлголттой болж чадав.


Лондонгийн олимпоос Монголчууд таван медаль хүртэв

2012 оны Лондонгийн зуны XXX наадамд манай 29 тамирчин оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар амжилтаа ахиулж чадсан. Энэ нь хүн төрөлхтний спортын хамгийн том наадмаас авч буй манай улсын хамгийн олон медаль юм. Мөн Монгол Улсаас олимпийн хос медальтан төрсөн нь Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Лондонгийн дэвжээнээс мөнгө медапь хүртсэн явдал билээ. Лондонгийн олимпийн медалийн салхийг ОУХМ С.Ням-Очир хүрэл медалиар хагалсан бол У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар боксын рингээс мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн 22 жилийн турш тасраад байсан манай чөлөөт бөхийн буухиаг гавьяат тамирчин С.Батцэцэг үргэлжпүүлж хүрэл медалийн эзэн болсон юм.


Эзэн Чингисийнхээ төрсөн өдрийг тэмдэглэв

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын шийдвэрээр жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байхаар боллоо. Энэ оны 11 дүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэж бүх нийтээр амрав. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тодотгож байгаа юм.


Чингис бонд гаргаж арилжааллаа

Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээл дээр таван тэрбум ам.долларын дунд хугацааны бонд гарган арилжаалахаар шийдвэрлэв. Түүний 1,5 ам.долларын бондыг арилжаалж Төрийн сандаа хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлээд байна.


Туг ч барьдаг, тугал хариулахаас ч дорддог

Өнгөрсөн хаврын тэр нэг үүрээр хийсэн баривчлагаа монголчуудыг нойргүй хонуулав. Нэг хүн таг унтаж орхисон нь тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж гэсэн. АТГ-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэргээр баривчлах үед АТГ, Цагдаагийн албан хаагчид, тусгай хүчнийхний хүчийг Монголчууд мэдэрсэн.

 

Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал олон удаагийн хойшилсон олон тэрбум төгрөгийн авлига авсан, нийслэлийн өмчийн газрыг хувьдаа завшсан гэсэн хэргээр буруутгаж, дөрвөн жилийн хорих ял шийтгэсэн ч Улсын Дээд шүүхээс зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож, ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлсэн. Намын даргаа өмөөрсөн тэмцэлд амь хайргүй оролцсон зарим хүн УИХ-ын гишүүн болж чадлаа. Н.Энхбаярын хоригдох үйл ажиллагаа нь “Шударга ёс” эвслийн сонгуулийн хамгийн том сурталчилгаа болсон.


Ардчилсан төр ард түмнээсээ эмнэлэг булаав

ТТАХНЭ хэдийгээр тусгай статустай гэдэг ч Монгол улсад хараахан нэвтрээгүй оношилгооны хамгийн сүүлийн үеийн аппарат    хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай шинэхэн байрандаа ард түмэндээ үйлчилнэ хэмээн итгэж байсныг Шинэчлэлийн засгийн газар талаар болголоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хууль эрх зүйн салбарт хийх шинэчлэлд эмнэлгийн шинэ барилга өртжээ. Тэрээр цагдаа, хуулийн байгууллагынханд эмнэлгээс илүү тохилог шинэ оффис хэрэгтэй гэж үзэв. Гэтэл гэмтлийн болон хүүхдийн эмнэлгүүдийнх нь хонгилд хөл тавих ч зай алга. Энэ үйл явдлыг сонин хэвлэлүүд “Ардчилсан төрийн дарангуйлал” хэмээн нэрлэж байна.


Хүний амиар хэмжигдсэн барилгын хариуцлага

Гудамжинд явж байсан хүүхдийн дээрээс кран унаж амь насыг нь хохироосон хэрэг гарч тухайн барилгын компани, МХГ, барилга барих зөвшөөрөл өгдөг холбогдох байгууллагуудыг гэдсэндээ хөлөө хийлцэж байхад дахин ийм төрлийн хэрэг гарч олон нийтийг шоконд орууллаа. Үүнээс үүдэн нийслэлд зөвшөөрөлгүй барьж байгаа барилгыг буулгах, нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулахаар өгсөн зөвшөөрлийг цуцлах зэрэг шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргав.


Хүүхэд барьцаалсан хэрэг зөвхөн кинонд гардаггүй

Дархан-Уул аймагт бага насны хүүхдийг барьцаалж эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарлаа. Харамсалтай тус хэргийг үйлдэгч нь тус аймгийн “ТВ12” телевизийн захирал, мөн ээжийн талын хамаатан болж таарсан. Их хэмжээний өрөнд орсон учраас тус хэргийг үйлдсэн хэмээн барьцаалагч мэдүүлсэн байна.




Хамгийн том хулхидалт 6,0 хувийн орон сууцны зээл

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 6,0 хувийн хүүтэй зээл олгоно гэж МАН засгийн эрхэнд байхдаа хөтөлбөр гаргасан нь олон айлыг орон сууцтай болох горьдлого төрүүллээ. Зээл авахыг хүссэн иргэд хашаа, байшингаа ч зарж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар урт дараалал үүсгэн хэдэн цагаар дугаарлаж, барилгын компаниудыг хөл дарав. ОССК-д нийтдээ 10 мянга шахам хүн өргөдлөө өгснөөс 3000 гаруй нь банкны хатуу шалгуурыг давж зээл авахаар болсон ч мөнгө нь байсангүй. Өнөөдөр бага хүүтэй зээл авч орон гэртэй болох гэсэн хүмүүс хохирлоо барагдуулахаар тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход хүрээд байна.



12 дугаар сарын 21 -нд хотынхон зусландаа гарав

2012 хоёрдугаар сарын 21- нд дэлхий сөнөнө гэсэн цуурхалд монгол гэрт лаагаа бариад, галаа түлээд суувал амьд гарна гэсэн Монголын зөн билэгтнүүдийн “баталгаатай “ үнэн улам хүч нэмлээ. Монголчууд лаа, шүдэнз бэлтгэж, хөхөө өвлийн хүйтнээр зусландаа гарав. Энэ өдөр гудамж талбайд хөл хөдөлгөөн сийрэг, сургууль цэцэрлэг ирц бага өнжив


Эх сурвалж: “Хөдөлмөр”