sonin.mn
БЕРЛИН. /DW/. Хонконг, Нидерланд, Бельгид “COVID-19”-өөр халдварласан хүмүүсээс олон сарын дараа дахин “SARS-CoV-2” вирус илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Халдвар аваад эдгэрсний дараа дархлаа тогтдоггүй юу?
Цар тахлын үед дахин халдвар авах тохиолдол гарсан талаар эмч нар мэдээлж байсан. Гэсэн хэдий ч тэд оношлох явцад алдаа гарсан, хариу буруу гарсан эсвэл эхний халдварын үлдэц эсэхийн аль нь болохыг тодорхойлж чадаагүй юм.
Харин одоо Хонконг, Нидерланд, Бельгид дахин халдвар авсан тохиолдол илрээд байна. Тэдгээр тохиолдлуудын хувьд “COVID-19”-өөр халдварлаад хэдийн эдгэрсэн өвчтөнүүд хэдэн сарын дараа “SARS-CoV-2” вирусний мутацид орсон хувилбараар халдварлажээ.
 
Өөр тохиолдол, ижил хариу
 
Хонконгт 33 настай эрэгтэйд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур “COVID-19”-ийн хөнгөн шинж тэмдгүүд илэрч, гуравдугаар сарын 26-нд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 14-нд давтан шинжилгээний хариу нь сөрөг гарах хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уг эрэгтэй Испанид бизнес аялал хийх үеэрээ хоёр дахь удаагаа халдвар авчээ. Түүний наймдугаар сарын 15-нд Хонконгийн нисэх буудал дээр өгсөн шинжилгээний хариу эерэг гарчээ. Хэдийгээр түүнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй боловч урьдчилан сэргийлэх үүднээс дахин эмнэлэгт хүргэсэн байна.
Генетикийн задлан шинжилгээгээр уг эрэгтэйг вирусний мутацид орсон хувилбараар халдварласныг тогтоожээ. Эрдэмтэд “SARS-CoV-2 ” вирус цар тахлын үед хэд хэдэн удаа мутацид орсныг хэдийн мэдээлсэн юм.
Судлаачдын хувьд энэ тохиолдлыг шинээр халдварласан гэдэг нь тодорхой байна хэмээн үзэж байгаа ажээ. “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн ч гэсэн “SARS-CoV-2”-ын өөр хэлбэрээр халдварлах боломжтой гэдгийг энэ тохиолдол харуулжээ. Ийнхүү дахин халдварлах нь улирлын ханиадны бусад вирусээр үүсгэгддэг өвчин туссан хүмүүст түгээмэл тохиолддог гэж Хонконгийн судлаачид мэдээлжээ.
 
 
 
Европт бүртгэгдсэн хоёр тохиолдлын тухайд
 
Нидерландад дахин халдвар авсан өвчтөний тохиолдлыг судлахад хоёр дахь халдварын генетикийн код эхнийхээс маш өөр байсан гэж вирус судлаач, Данийн засгийн газрын зөвлөх Марион Купманс мэдээлжээ. Уг өвчтөн нь дархлааны тогтолцоо сул, өндөр настай хүн юм байна.
М.Купмансын хэлснээр, “COVID-19” тусаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах нь гайхах зүйл биш ажээ. “Аливаа халдварт өвчин туссанаар насан туршийн дархлаа тогтохгүй гэдгийг бид мэднэ. Бид “COVID-19”-өөс ийм зүйлийг хүлээхгүй байгаа” гэж тэрбээр Данийг нэгэн радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Гэсэн хэдий ч дахин халдварлах тохиолдол түгээмэл тохиолддог уу, ховор тохиолддог уу гэдгийг тодруулан судлах хэрэгтэй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Мөн Бельгид нэгэн өвчтөн гурван сарын дараа дахин өвдсөн бөгөөд генетикийн задлан шинжилгээгээр мөн вирус мутацид орсон болохыг тогтоожээ. “Энэ бол сайн зүйл биш” гэж вирус судлаач Марк Ван Ранст Бельгийн “VTM” сувагт мэдээлжээ.
 
Тодорхойгүй зүйл олон байна
 
 
 
“SARS-CoV-2” вирусээр дахин халдварласан тохиолдлууд бүргтгэгдсэнээс үзэхэд уг өвчний дархлаа удаан үргэлжилдэггүй бололтой байна. Мөн “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн өвчтөнүүдийн заримд нь л хэсэгчилсэн хамгаалалт үүсэж байгаа бөгөөд бүгдэд нь эсрэг биет үүсэхгүй байгаа ажээ.
 
 
 
Үүнээс гадна цар тахал дэгдсэнээс хойш найман сарын хугацаа өнгөрөөд байгаа боловч хариултыг нь олж чадаагүй асуултууд байсаар байна. Мөн Нидерланд, Бельгид бүртгэгдсэн тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Хонконгийн тохиолдлын талаар “South China Morning Post” сонинд нийтэлсэн мэдээлэл байгаа боловч тэдгээр үр дүнг хараахан нарийвчлан судлаагүй байна.
 
Вакцины судалгаанд хэрхэн нөлөөлөх вэ?
 
Дэлхий даяар “SARS-CoV-2” вирусний эсрэг 150 гаруй вакциныг гарган авахаар ажиллаж байна. ОХУ саяхан “Спутник V” вакциныг бүртгэсэн бөгөөд өөр долоон вакцин эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатандаа явж байна.
Хэрэв уг вирусээр дахин халдварладаг болох нь баттай тогтоогдвол сүргийн дархлаа тогтоосноор вирус алга болохгүй бололтой байна. Мөн одоо бүтээж буй вакцинууд түрэмгий коронавирусний эсрэг удаан хамгаалалт үүсгэж чадахгүй гэсэн үг ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг