sonin.mn
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоныхон баруун талаараа Хантайн нуруу, хойт талаараа Бүтээлийн нуруу, зүүн талд Бүрэнгийн нуруугаар хүрээлэгдэж, Сэлэнгэ мөрний сав газрыг эзэгнэнхэн төвхнөжээ. Эл тосгоныхон Хантайн нурууны ойн фондод түшиглэн байгуулагдаж, өнөөгийн Хөтөл, Дархан, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад оролцож, мод, модон бүтээгдэхүүнээр хангасан гавьяатай ард түмэн юм байна. Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багаар овоглогддог атлаа сумын төвөөсөө ч том, хүн амынхаа тоогоор ч хавь илүү санж. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр ийм л газарт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан үйл ажиллагаагаа явуулж байна. Зэвсэгт хүчиндээ төдийгүй Монгол Улсдаа цор ганц Гүүр, ус гатлалтын тусгай батальон гэдгээрээ алдартай тус ангид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар 8 дугаар сарын 22-ны өдөр ажиллалаа. Томилолтын эхэнд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү ангийн түүх, дайчин замнал, амжилт бүтээл, бэлэн байдлыг хангах хүрээнд явуулсан сургалт бэлтгэл, сургалтын материаллаг баазыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдал, төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, алба хаагчдын нийгмийн хамгаалал зэрэг өргөн хүрээнд танилцуулга хийсэн юм. Тус ангийн 40 жилийн ой ирэх онд тохиох ажээ. Түүхт ойг угтаж, хэд хэдэн бүтээн байгуулалт өрнүүлснээ танилцуулж, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хүрээнд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан албан тушаалын орон сууц болон спортын төвдөө бүрэн хэмжээний засвар, шинэчлэл хийж, шинээр зургаан айлын орон сууц барихаар төлөвлөж буйгаа ч дурдлаа. Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар усчин дайчдын штабын болон цэргийн байр, соёлын төв, уурын зуух, цэргийн халуун ус, номын сан, агуулахууд, спорт төв, цэргийн гал тогоо, зэвсэглэл, цэргийн техникийн хадгалалт, хамгаалалт, арчилгаа зэрэгтэй танилцаж, тэдний гол ашиглагддаг инженерийн багаж хэрэгслүүдийг нь үзэж сонирхон, шинээр төхөөрөмжлөн тохижуулж байгаа Сургалтын төвөөр зочилсон юм.
 
Эхлээд цэргийн байраар орлоо. Сувилагч бүсгүй энэ өдөр харуул, хоногийн манаанд гарах бүрэлдэхүүнийхээ даралтыг үзэж, заавар, зөвлөмж өгч байв. Их эмч нь БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа учир арыг нь сувилагч Д.Цэцэгсүрэн дааж яваа нь энэ ажээ. Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны их сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн энэ бүсгүй оюутны ширээнээс гараад л тус ангид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хялганат тосгондоо ээж Д.Цэндхүүгийн хамт амьдардаг гэнэ. Цаашдаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй, хамт олон нь томилогдож ирснээс нь өнөөг хүртэл халуун сэтгэлээр дэмжин тусалдагт нь талархаж явдаг, ажил гүйцэтгэхэд дутагдаж гачигдах зүйлгүй гэлээ.
 
ГЭРЭЭТ ЦЭРГҮҮД АХЛАГЧ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ
 
 
Албаныхан үргэлжлүүлээд “Инженерийн хотхон” буюу сургалтад ашиглагдаж буй дэлгэгдсэн гүүр дээр очлоо. Ахлах дэслэгч Б.Маралхүү нарын алба хаагчид цэргийн гэрээт алба хаагчдадаа гүүр дэлгэгдсэн үед хэрхэн үүрэг гүйцэтгэх талаар хичээл зааж байв. Хошууч генерал Д.Ганзориг гэрээт цэргүүдээс “Цэргийн албанд ямар байна вэ?” гэж асуухад бүгд “Бахархмаар байна” гэлээ. Тус ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү “Орон нутагтаа цэргийн албыг сурталчилсан өдөрлөг, уулзалт, ярилцлагуудыг шат дараатай зохион байгуулдаг. Энэ үеэр орон нутгийн залуус цэргийн гэрээт албанд элсэх хүсэлтээ ихээр илэрхийлж байна. Манай залуусын олонх нь Булган, Орхон аймгийнх” хэмээн нэмж тодотгов.
 
Хугацаат цэргийн албыг хамтдаа хаасан залуус ч тэдний дунд байсан нь байлдагч Б.Батзаяа, С.Соёл-Эрдэнэ нар. Хоёул 2018 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байна. Цэргийн алба хаагч болохоо хоорондоо ярилцаагүй, санаандгүй тохиолдлоор дахин таарсан нь тэдний нөхөрлөлийг улам бататгаж чадсан гэнэ.
 
Байлдагч Б.Батзаяагийн хувьд цэргийн алба хаагчдаас хамгийн залуу нь бөгөөд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийг дүүргээд хугацаат цэргийн алба хаажээ. Халагдаж ирээд ердөө гуравхан сарын дараа тус ангид цэргийн гэрээт алба хаагчаар элсэж, гүүр дэлгэх, усан саад гатлах техник, гамшиг, ослын үед хүн, мал, техникийг авран хамгаалах, тусламж үзүүлэх арга ухаанаар суралцаж эхэлсэн аж. Цаашдаа ахлагч болон улирах мөрөөдөлтэй яваа гэнэ. Тэр бас цэргийн гэрээт алба хаагчийн ажиллаж амьдрах байнгын бүрэлдэхүүнээс дутахааргүй нөхцөл боломж нь сайжирсанд сэтгэл хангалуун буйгаа ч илэрхийлэв. Байлдагч Б.Батзаяа удахгүй ээлжийн амралтаа аваад эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах төлөвлөгөөтэй ажээ.
Харин байлдагч С.Соёл-Эрдэнэ Булган аймгийн Сэлэнгэ сумынх. Цэргийн алба түүнд эх орноо хайрлах сэтгэл, өөртөө итгэх итгэл, дайчин чанар, сурч мэдэж, дадлагажих их хүсэл тэмүүллээр цэнэглэж буйг хамгийн эхэнд онцлов. Аав Ё.Сонгууль, ээж Д.Буянбадрах нартаа хайртай шүү гээд “Эх орон, аав, ээж гурвыгаа яг адилхан хайрладаг” гэлээ. Тэрээр бусад нөхдийн адил ахлагч болон улирах хүсэлтэй.
Байлдагч О.Бямбацогт, Д.Бат-Эрдэнэ нар ч мөн ялгаагүй Монгол Улсдаа цор ганц Гүүр, ус гатлалтын тусгай батальонд үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байдаг. Усчин дайчдын нэгэн эд эс нь болж байгаа минь их хувь заяа гэцгээв. Байлдагч О.Бямбацогт Булган аймгийн Баян-Агт сумынх бөгөөд спортоор хичээллэх дуртай. Цэргийн гэрээт алба хаагч байнгын бүрэлдэхүүн шиг ажлын найман цагаар ажиллаж, оройд гэртээ харьдаг, дотоод сургалт, дадлагууд болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гээд албаныхаа тухай магтана лээ. Тэдний гурван ч онжав өдгөө БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Хамгийн холоос буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас цэргийн гэрээт албанд ирсэн байлдагч Д.Бат-Эрдэнэ аав Дамдинсүрэн, ээж Халтархүү нартаа “Хүү нь сайн байгаа. Хүсэл мөрөөдлөөрөө яваа учир алзахгүй ээ” гэж дамжуулсан. “Манай Баагийгийн аав нь аймгийн аварга малчин хүн байдаг гэсэн. Тэр багаасаа малын захад өссөн болохоор морь сургахдаа эрэмгий юм билээ. Бас их тусч, өрөвч, төлөв томоотой” гэж бусад нөхөд нь түүнийг магтаж байсан юм.
 
ЭНГИЙН АЖИЛТНУУД ИЖИЛ ХУВЦСААР ЖИГДЭРЧЭЭ
 
 
Усчин дайчдын ялгарах бас нэг онцлог нь энгийн ажилтан албан хаагчид нь гүйцэтгэж буй ажил, үүргээсээ хамааран ижил төрлийн хувцсаар жигдэрсэн байх агаад энэ нь жагсаал дунд тун цэгцтэй харагдаж байв.
Уурын зуухныхан гэхэд ажлын хувцсаар жигдэрчихсэн ЗХЖШ-ын даргаа ажлын талбар дээрээ хүлээн зогсож байлаа. Уурын зуухны механикч Г.Лхагвасүрэн гуайн өгсөн мэдээллээр уурын зуух нь өвөлдөө ангийн районыг бүхэлд нь халаадаг ба нүүрсээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Баян тээг” нүүрсний ордоос татдаг байна. Энэ хамт олон дөрвөн слесарь, 12 галчтай. Одоогоор зарим галч нь түлшний модоо бэлтгэхээр хөдөө явсан, уурын зуухандаа жил бүр их, бага засваруудыг тогтмол явуулдгаа ч тэр ярилаа.
Тус ангид ажиллаад 25 жил болж байгаа түүнийг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хамт олных нь өмнө индэр дээр дуудаад “Манай Лхагваа хамт олноо дулаахан өвөлжихөд нь олон жил идэвх санаачилгатай зүтгэж яваа ажилтан. Уурын зуухаа элэгдэл ихтэй байна гэхгүйгээр үр хүүхэд шигээ арчилж, тордож явдагт нь баярлалаа” хэмээн дурсгалын зүйл гардуулсан юм. Командлагчаас дурсгалын зүйл гардсан өөр нэг алба хаагч нь ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Д.Оргилсайхан. 2008 онд Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас ажлын гараагаа эхэлсэн байна. Энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн туршлагатай, хань, охины хамт амьдардаг бөгөөд энэ жил албан тушаалын “Ахлагч” хотхоныг засварлахад ихээхэн үүрэгтэй оролцжээ.
 
Мөн усчин дайчдын ус гатлах, шумбахад болон тэсэрч дэлбэрэх бодис, саад арилгахад хэрэглэгддэг инженерийн багаж хэрэгслүүд, хийлдэг завийг тус ангийн ажиллагааны офицер, ахмад А.Энхжин албаны хүмүүст танилцуулж, тайлбарлав.
 
Ахмад А.Энхжин 2014 онд ҮБХИС-ийг цэргийн инженер мэргэжлээр дүүргээд тус ангидаа салааны захирагчаар ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр хамт олныхоо тухай “Манай анги Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүүр, ус гатлалтын тусламжийг олон аймгийн иргэдэд үзүүлж ирсэн хамт олон. Үндсэн үүргийнхээ хажуугаар төмөр замын бүтээн байгуулалтад ч цөөнгүй алба хаагч маань оролцож байна. Энхийг дэмжих ажиллагаанд офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын 80 гаруй хувь нь үүрэг гүйцэтгэсэн туршлагатай.
 
 
 
Аливаа ажилд бүтээлчээр ханддаг эвсэг, найрсаг хөдөлмөрч хамт олон. Энэ жил бид сургалтын материаллаг баазыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах ажлыг ч мөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна” хэмээв. Цэгцтэй, тодорхой ярьдаг ахмад залуугаас усан саад гатлах болон шумбахад хэрэглэгддэг багаж хэрэгслийнх нь тухай тодруулахад “Ихэнх нь ЗХУ-ын үед үйлдвэрлэгдсэн багаж хэрэгслүүд. Гэхдээ үүрэг гүйцэтгэхэд түүртэх зүйлгүй, боломжтой” гэв.
 
 
 
СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ САЙЖРУУЛЖЭЭ
 
 
Тус ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүүгийн хэлснээр усчин дайчид энэ жил сургалтын материаллаг баазыг дээшлүүлэх чиглэлд хэд хэдэн ажлыг өрнүүлсэн байна. Тухайлбал, Сургалтын төвөө төхөөрөмжлөн тохижуулж, спортын төвөө бүрэн шинэчилж, соёлын төв, буудлагын болон саадын зурвасууддаа засвар, шинэчлэл хийжээ. Мөн алба хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд офицер, ахлагчийн орон сууцнуудад их засвар оруулж, ая тухтай болгон өнгө төрхийг нь өөрчилсөн байна. Түүнчлэн хөгжмийн салаатай болж, ЗХЖШ-ын дарга болон Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхний тусламж дэмжлэгээр хөгжмийн зэмсэгтэй болсон байна. Цаашдаа хөгжмийн салаагаа байрлуулах байр болоод бусад бүтээн байгуулалтын ажлууд хүлээж байгаа хэмээн дэд хурандаа Ц.Батхүү онцолж байсан юм.
Үргэлжлүүлээд номын сан, цэргийн халуун ус, агуулахуудаар зочиллоо. Номын санчаар Ж.Дулмаа гэдэг эмэгтэй ажилладаг. Тэрээр тус ангид ажиллаад 24 жил болж байгаа гэнэ. Анх нягтлан бодогчоор ажиллаж байгаад 14 жилийн өмнөөс номын санчаар томилогджээ. Номын санд нь 1200 гаруй бүтээл байгаа бөгөөд бие бүрэлдэхүүний уншилтын тоо өндөр, сар бүр “Номтой нөхөрлөе” арга хэмжээг зохион байгуулдаг байна. Залуустай интернет орчноос биш номоос мэдлэг олж авахыг ч үргэлж уриалж, идэвхтэн уншигчдынхаа тоог нэмж ирсэн тухайгаа тэр хуучилна лээ.
 
Харин хангалтын нярав П.Цэнд цэргийн хүний гэргийн ёсоор нөхрөө дагаж олон аймаг дамжиж ажилласан эмэгтэй ажээ. Тэрээр байгалийн үзэсгэлэн төгөлдөр Хялганат тосгон болон ажилсаг бүтээлч хамт олноо магтаад “Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд манай ангид ажиллаж, бидний ажил байдалтай танилцаж байгаад их баяртай байна. Цаг үеэ олж ирлээ. Ирэх жил 40 жилийнхээ ойтой золгох манай хамт олон бүтээлч ажлын ард хамтдаа гарах болно” гэлээ. 
 
САХИЛГА, ХАРИУЦЛАГАА БҮХ ТҮВШИНДЭЭ ДЭЭШЛҮҮЛ ГЭВ
 
Албаныхан томилолтын төгсгөлд тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Зэвсэгт хүчнээс хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, баримталж буй бодлогын талаар мэдээлэл хүргэв. Хошууч генерал Д.Ганзориг "Төмөр замын бүтээн байгуулалтад цөөнгүй алба хаагчид оролцож байгаа ч хүн, хүчээр дутлаа гэхгүйгээр ангидаа бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, сургалт бэлтгэлээ улам чамбайруулж буй та бүхнээр бахархаж байна. Ирэх жил орчин цагийн Зэвсэгт хүчний 100, тус ангийн түүхт 40 жилийн ой болно. Түүхт ойнуудаа угтаж олон ажил, арга хэмжээг зохион байгуулж явуулна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь сахилга, хариуцлагаа улам сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх сургалт, бэлтгэлүүдийг түлхүү явуулах хэрэгтэй. Та бүхэн бусад нэгтгэл, ангиудыг бодвол мод, модон бүтээгдэхүүнтэй ойрхон анги, хамт олон. Энэхүү боломжоо ашиглан орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаарай. Бүтээлч, санаачилга, дэг журамтай газар ажил урагшилдаг учир цэргийн гэрээт албаны байлдагчаасаа эхлээд захирагч хүртлээ анги, байгууллагаа улам сайхан өнгө төрхтэй болгож, бэлэн байдал, бэлтгэлжилтээ дээшлүүлэхэд анхаар. Цэргийн энгийн гэлтгүй хичээ. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрдөж ажилла" гэв.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарыг тус ангид ажиллах үеэр Булган аймгийн Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ирж уулзсан бөгөөд тэрээр "Зэвсэгт хүчний 234 дүгээр анги нь орон нутагтаа дэмтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажилд хүн, хүчний тусламж үзүүлж ирсэн. Орон нутагтаа цэргийн албыг өөрсдөөрөө үлгэрлэж чаддаг хамт олон. 2017 оноос хойш жил бүрийн наадмын өмнө Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаалыг Булган аймагт зохион байгуулж байгаа. Бидний хувьд үйл ажиллагааг нь үргэлж дэмжиж, тусалж яваа” гэсэн юм.
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин