sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д гарган авсан, “COVID-19”-ийн дөрвөн вакцины эмнэлзүйн гуравдугаар шатны олон улсын туршилт эхэлсэн гэж тус улсын Төрийн зөвлөл мэдээлэв.
Тэдгээр туршилтын заримынх нь вакцинжуулалтын эхний үе шат ирэх есдүгээр сарын эхээр дуусаж, 11 дүгээр сарын эхээр урьдчилсан дүнг танилцуулах төлөвтэй байгаа ажээ.
 
 
 
Эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтаар вакцины аюулгүй хийгээд үр дүнтэй байдлыг баталгаажуулдаг бөгөөд олон мянган хүнийг оролцуулдаг байна. Энэхүү үе шат нь зөвшөөрөл авахад чухал ач холбогдолтой юм.
 
 
 
БНХАУ-д цар тахлыг хяналтад авсантай холбоотойгоор өргөн хүрээг хамарсан эмнэлзүйн туршилт явуулах нөхцөл байхгүй байгаа тул гуравдугаар шатны бүх туршилтыг хилийн чанадад явуулж байгаа ажээ.
“Хятадын Үндэсний биотехнологийн группийн /CNBG/ гарган авсан хоёр идэвхгүй вакцины гуравдугаар шатны туршилтыг Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд явуулахыг зөвшөөрсөн бөгөөд 30 мянга гаруй хүн оролцож байна” гэж “CNBG”-ийн захирал Ян Шяомин мэдээлжээ.
Мөн “Sinovac” биотехнологийн компанийн бүтээсэн идэвхгүй вакцины гуравдугаар шатны туршилт Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн зарим оронд үргэлжилж байна гэж тус компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Инь Вэйдун мэдээлжээ.
Үүнээс гадна аденовирусний векторын вакцины гуравдугаар шатны туршилт явагдаж байгаа юм байна.
Үндэсний эмийн бүтээгдэхүүний удирдах газраас саяхан гаргасан, “COVID-19”-ийн вакцинуудын эмнэлзүйн үнэлгээний удирдамжид дурдсанаар, аливаа вакцин хамгийн багадаа зургаан сар, боломжтой бол нэг жил гаруйн дархлаа тогтоох шаардлагатай ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг