sonin.mn
ТОКИО. /NHK/. Япон БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тус улсад шахалт үзүүлсэн хэвээр байхыг БНСУ-д мягмар гарагт уриалжээ. Японоос БНСУ-д суугаа элчин сайд Томита Кожи БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайдын албан тушаалыг өнгөрсөн долоодугаар сараас хашиж эхэлсэн Ли Ин Ёнтой уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. БНСУ-ын хувьд БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа юм.
“Манай улс БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, хоёр Солонгосын харилцан солилцоог хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэж Ли Ин Ён хэлээд, эдгээр нь хориг арга хэмжээний дэглэмтэй зөрчилдөхгүй байна гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр БНСУ-ын хүчин чармайлтад өгөөмөр сэтгэлээр дэмжлэг үзүүлэхийг Японы талаас хүссэн байна.
 
 
 
Томита Кожи үүний хариуд, Япон, БНСУ-ын аль аль нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг цогцлоохыг эрмэлздэг хэмээн хэлээд, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухалыг онцолжээ.
 
 
 
Мөн Ерөнхий сайд Абэ Шинзо огцрохоор төлөвлөж байгаа талаараа саяхан мэдэгдэх үеэрээ БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдтэй холбоотой асуудлуудыг шийдэж чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлснийг дамжуулжээ. Элчин сайд мөн Токиогийн засаг захиргаа уг асуудлаар БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй хэвээр байгааг онцлон хэлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг