sonin.mn
Ц.Батзориг сангийн үүсгэн байгуулагч, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин, Соёл урлагийн их сургуулийн гэрэл зургийн багш Дэлгэржаргалын ДАВААНЯМТАЙ ярилцлаа.
 
Сонин содон түүхэн үйл явдлын зураг авахаас гадна гэрэл зургийн аппаратууд цуглуулдаг талаар сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
 
-Би өөрөө гэрэл зургийн халуун тогоонд буцалж байгаа учраас түүхийн нэгээхэн хэсгийг алдаж болохгүй гэж боддог. 1990-2000 онд гадаад орнуудад зарим гэрэл зургийн аппаратууд гарсан гэж ах нараасаа сонсоод их харамссан. Тэдгээр гэрэл зургийн аппаратуудыг хэн ашиглаж байсан, ямар хийц, загварын аппарат байсныг нь хэн ч мэдэхгүй. Тийм учраас боломжит хэмжээгээр нь цуглуулах ёстойг ухаарч цуглуулж эхэлсэн.
 
Цуглуулгын эхлэлээ хэрхэн тавьсан бэ?
 
-2006 оноос хойш цуглуулж байгаа. Анх хальсны камерыг ашиглаж зураг бүтээх процесс их сонирхолтой санагддаг байлаа. Цагаан цаасан дээр тодрон гарч ирэх процесс нь их хачирхалтай. Хамгийн анх дээрээс нь өнгийж хардаг, дөрвөлжин аппаратыг ангийнхаа хүүхдээс худалдан авч байсан. Тухайн үед сонирхолтой хэлбэр, хэмжээтэй байсан учраас шууд авсан. Дараа нь “Зенит” гэх аппаратыг худалдаж авсан. Ийнхүү цуглуулж явсаар 10, 20 болоод цаашид хобби болгон цуглуулсаар өдий хүрсэн.
 
Монголд хэр их хүн гэрэл зургийн аппарат цуглуулдаг юм бол. Та тэр хүмүүсийн талаар мэдэх үү?
 
Монголд цөөхөн хүн байдаг. Сонирхол нэг учир хоорондоо холбоотой байж цуглуулгынхаа талаар ярих үе ч бас байдаг. Сонин содон цуглуулгатай хүмүүс бий. Тэдгээр хүмүүст миний цуглуулгад байхгүй өвөрмөц аппаратууд олон байдаг.
 
Цуглуулгаасаа хамгийн содон түүхтэй олдсон аппаратыг онцолбол?
 
-Аппарат болгон өөрийн гэсэн түүхийг агуулж байдаг. Саяхан өгсөн ярилцлагын дараа хүмүүс холбогдон өвөөгөөс минь ирсэн аппаратыг таны цуглуулгад нэмэрлэмээр байна гэсэн санал тавьсан. Ийнхүү өв залгамжлагдсан өнө эртний түүх, дурсамж агуулсан учраас хамгийн сонирхолтой олдсон цуглуулгын хэсэг болдог юм.
 
Танд нийт хэдэн ширхэг аппарат байгаа вэ?
 
-Нарийн тоолж үзээгүй ээ. Ойролцоогоор 100 гаруй бий.
 
Хамгийн үнэтэй цуглуулга тань юу вэ?
 
- Цуглуулгаа үнэлнэ гэдэг байж боломгүй зүйл. Мэдээж таарсан болгоноо худалдаж авахад маш их бэрхшээл тулгардаг. Хуучны "Фотокор" гээд модон аппаратаас эхлээд үнэ цэнтэй аппаратууд байдаг. Өөрийнхөө дуртай зүйлд мөнгөө зарж байгаа учраас хэзээ ч харамсаж байгаагүй. Энэ мэдрэмж л хүний сонирхол, хобби юм даа.
 
Цуглуулгаа хэрхэн хадгалдаг вэ?
 
-Анх албатай юм шиг л худалдан аваад хадгалдаг байсан. Хадгалах газар байгаагүй учраас уутлаад л далд хийчихдэг байсан. Ил тавиур дээр тавихад хулгайд алдах тохиолдол гарсан учир төмөр утсаар ишнээс нь уяад ханан дээрээ тогтоодог байлаа. Нэгэнт цуглуулж эхэлсэн учир өөртөө болоод өрөөлд таашаал өгөх зорилгоор шилэн хоргонд хадгалдаг болсон.
 
Таны хэтийн зорилго юу вэ?
 
-Ирээдүйд музей болгох зорилготой байгаа. Аппарат болгоны мэдээллийг хадгалсан учир илүү нарийн судалж ажиллахаар зэхэж байгаа. Мөн гаднын олон орнуудаар яваад ажиглахад гэрэл зургийн аппаратаар дагнасан галерей музейтэй байдаг. Тиймээс би яагаад өөрийн улсад хуучин гэрэл зургийн аппаратын музейг байгуулж болохгүй гэсэн санаа төрсөн.
 
Та ихэвчлэн ямар төрлийн зураг авдаг вэ?
 
-Баримтат гэрэл зураг авахыг илүүд үздэг. Мөн өнөөгийн нийгмийн асуудлуудыг хөндөж зураг авдаг. Гудамжинд тасраад уначихсан хүн, ядуу зүдүү хүмүүсийн зураг бус илүү хувь хүний түүх, сэдэв санааг авч, түүгээр дамжуулан энэ нийгэмд болохгүй байгаа зүйлсийг гэрэл зургаар илэрхийлэхийг хүсдэг.
 
Та цэргийн алба хаасан уу?
 
-Хаагаагүй. Гэхдээ хоёрдугаар ангидаа Баян-Өлгий аймаг дахь Хилийн заставын ойролцоо амьдардаг байсан. Тэнд байхад аав ээжийн шавь нар нь ирээд намайг авч явдаг бөгөөд Хилийн цэргийн ангиудад очдог байсан дурсамж бий. Өглөө цэргүүд дунд босож, оройн тоо хийхэд нь хамт жагсаж, буу задалж, угсрах зэрэг эрдэмд бага балчраасаа суралцсан.
 
“Батзориг сан”-ийн талаар...
 
-2013 онд "Баримтат гэрэл зургийн сан" нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Ц.Батзориг анх баримтат гэрэл зургийн “Гамма” агентлагийг үүсгэн байгуулсан бөгөөд 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг таниулах зорилгоор Увс аймгийн Малчин сумыг зорьж "МИ-8" нисдэг тэрэгний ослоор ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар нас барсан. 2013 оноос тус байгууллагыг “Ц.Батзориг сан” хэмээн нэрийдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Батзориг агсанд маань хийж бүтээх, зорьсон ажил олон байсан. Тэрхүү зорилго, зорилтыг нь биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа юм. Энэ сан маань залуу гэрэл зурагчдыг дэмжих, баримтат гэрэл зургийг өөрийн эх оронд хөгжүүлэх зорилгоор үүссэн байгууллага юм.
 
 
Оюутан А.ДОРЖХАНД
Эх сурвалж: "Соёмбо" сонин