sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд Хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Найжл Бэст, Юнити секторын командлагч, Бангладеш улсын Үндэсний ахлах төлөөлөгч, бригадын генерал Тэйф Юл Хаг, Юнити муж дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Норберт Ниёоду Сэнга, Хүчний штабын холбооны хэлтсийн дарга, дэд хурандаа О.Нацагдорж, Өмнөд секторын штабын дарга, Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, дэд хурандаа О.Батзаяа, Юнити секторын штабын дарга, дэд хурандаа Абдуллах Зунайд нарын зочид оролцов.
 
 
 
Энэ үеэр Юнити секторын командлагч, Бангладеш улсын Үндэсний ахлах төлөөлөгч, бригадын генерал Тэйф Юл Хаг Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох их үйлсэд монгол цэргүүдийн оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлт, хичээл зүтгэл хэмжээлшгүй бөгөөд мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, эр зоригоороо ямагт тэргүүн эгнээнд үлгэрлэн манлайлдаг гэдгийг та бүхэн батлан харууллаа. Та бүхний энх тайвны төлөө зориулсан хүчин чармайлт бүрээр би бахархаж байна. Цаг агаар, цагийн байдлын хүнд нөхцөлд эх орон, хайртай гэр бүлээсээ хол бүтэн жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг тийм ч хялбар ажил биш. Гэсэн хэдий ч та бүхэн “UNMISS” ажиллагааны мандатад заагдсан үндсэн үүргээ маш хариуцлагатайгаар амжилттай гүйцэтгэлээ. Газар оронд үүссэн цагийн байдлыг тогтворжуулах чиглэлээр явуулсан үйл ажиллагаа бүр тань маш үр дүнтэй байдагт бид үргэлж бахархдаг. Тухайлбал, та бүхний үйлдсэн шөнийн эргүүл, урт болон богино хугацааны эргүүл, усны эргүүл, агаарын эргүүлүүд үр дүнгээ өгч, газар оронд тогтортой байдлыг бий болгон орон нутгийн иргэд аюулгүй амьдрах боломж бүрдсэн. Ялангуяа, Маяоми, Манкиен, Абиемном сууринд үүсээд байсан хурцадмал байдлыг намжааж, тогтвортой байдлыг бий болгосон нь та бүхний энхийг сахиулах ажиллагаанд оруулсан томоохон хувь нэмэр билээ. Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард орон нутгийн зэвсэглэсэн иргэд “Хил хязгааргүй эмч нар” хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг таслан зогсоож, хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангасан нь Та бүхний бас нэгэн бахархалт үйл ажиллагаа гэдгийг цохон тэмдэглэе. Эдгээрээс гадна орон нутгийн удирдлагуудтай хамтран иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр маш олон ажлыг зохион байгуулсан нь НҮБ-ын болон энэхүү секторын бүх гишүүдийн талархлыг дээд зэргээр хүлээсэн гэдгийг дуулгахад таатай байна. Та бүхний үйл ажиллагаа нь зөвхөн Юнити сектор төдийгүй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд нэгэнт тод мөрөө үлдээж, үлгэр жишээ болсон билээ. Та бүхний үлгэр жишээ болсон эдгээр үйл ажиллагаанд Хүчний коммандлагч надаар дамжуулан гүн талархал илэрхийлснийг давхар уламжилж байгаадаа таатай байна. Энэ дашрамд ажиллагааны газар оронд хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа коронавирусийн халдварын тархалтын улмаас зогссонгүй, харин ч Монгол Улсын Цэргийн багийн ачаар улам чанаржсаныг зориуд онцлоё. Өнөөдөр энгэрт тань гялалзаж буй эдгээр медаль нь Та бүхний “UNMISS” ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газарт оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн билээ” гэв. Үүний дараа Хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Найжл Бэст ч Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэлсэн юм.
 
 
Медаль гардуулах ёслолын ажиллагааны дараа жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор хүндэт зочдод бэлэг барилаа. Мөн энэ үеэр ахлах дэслэгч С.Нанжид, дэд ахлагч Д.Ууганбат, Г.Золбаяр, нарын хамтарсан уран зураг, уран баримлын үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин