sonin.mn

“Босго” фильмийн бүтээл “Дурсаж яваарай” кино Казаны олон улсын кино наадмын “Шилдэг зохиол” шагналыг хүртлээ. Уг бүтээл “Remember Me” нэрээр Монголоос анх удаа өрсөлдөж, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстаны Казан хотод жил бүр зохион байгуулдаг “В” зэрэглэлийн наадамд амжилттай оролцсон талаар найруулагч Э.Ган-Очир мэдээллээ.

 

 

Тэрбээр “Дурсаж яваарай” уран сайхны кино 16 дахь удаагийн кино наадамд энэ жил дэлхийн 63 улсын 629 бүтээл ирүүлснээс 52 кино дөрвөн төрөлд хуваагдан өрсөлдсөн. “Босго” фильмийн уран бүтээл “Дурсаж яваарай” кино “Бүрэн хэмжээний шилдэг кино” төрөлд шагналын төлөө 11 бүтээлтэй өрсөлдөж, “Шилдэг зохиол”-ын шагналыг хүртсэн” гэв.

 

 

Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая ном үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Энэ бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин