sonin.mn
ЛОНДОН. /PA/. Коронавирусний цар тахал Их Британид гамшгийн хэмжээнд хүрсэн тухай тус улсын эмч Крис Уиттигийн мэдэгдсэнийг “PA” агентлаг иш татан мэдээлжээ.
“Их Британид буруу чиг хандлага ажиглагдаж байгаа бөгөөд цар тахал гамшгийн хэмжээнд хүрээд байна. Өвөл болохоос өмнө халдварт өвчний дэгдэлтийг хэрхэн хяналтандаа авахаа мэдэхийн тулд бид статистик мэдээллийг ажиглан харж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
 
 
 
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан мягмар гарагт үг хэлж магадгүй байна. Энэ үеэр тэрбээр халдварт өвчинтэй холбогдуулан гаргасан урьдчилан сэргийлэх дүрэм журмыг иргэд дагаж мөрдөх эсвэл нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн сүүлийн анхааруулгыг иргэддээ өгөх бодолтой байна.
 
 
 
“Цаг нь болжээ. Бид хэвийн гольдрилдоо эргэн орж чадахгүй бол хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй юм. Энэ бидний сүүлчийн авралын зам юм” гэсэн анхааруулыг тэрбээр өгч магадгүй байгаа тухай "The Daily Telegraph" сонин мэдээлсэн байна.  
Ням гарагт Их Британид нэг өдрийн дотор халдварын 3899 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс өмнө тус улсад хоёр өдөр дараалан 4 мянгыг давсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 5 дугаар сарын 8-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг