sonin.mn
ТОКИО. /TASS/. Японы гоо сайхны бүтээгдэхүүний “Pola Orbis” компани тус улсын агаарын тээврийн томоохон компани болох “All Nippon Airways”-тэй /ANA/ хамтран сансарт ч хэрэглэж болох арьс арчилгааны дэлхийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг эхлүүлжээ. 
 
 
 
“Ойрын ирээдүйд сансарт хувиараа аялах боломжтой болно хэмээн ярилцдаг. Бидний төсөл сансрын амьдралыг гоо үзэсгэлэнтэй, ая тухтай болгох зорилготой. Бид жингүйдлийн орчинд, сансрын хэт хуурай орон зайд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэж тус хоёр компанийн хэвлэлийн  хамтарсан мэдээлэлд онцолсон байна. 
 
 
 
“Pola Orbis” компани бүтээгдэхүүнийхээ цувралыг “CosmoSkin” гэж нэрлэжээ. Уг бүтээгдэхүүнийг ANA компанийн онгоцонд турших аж. Ингэхдээ онгоцны бүхээгт сансар огторгуйн нөхцөлтэй аль болох адилхан орчныг бүрдүүлэх гэнэ. Тус компанийнхан гоо сайхны шинэ бүтээгдэхүүнээ 2023 он гэхэд гаргахаар төлөвлөжээ. Шинэ бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь тав тух, гадаад үзэмжийг эрхэмлэдэг сансрын чинээлэг жуулчид байх гэнэ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг