sonin.mn

Харийнханы дарлалд шаналж зовсон эх нутаг, элгэн түмэндээ эрх чөлөө тусгаар тогтнолыг авчрах сайн цагийн эхийг тавьсан Монгол ардын журамт цэргийн Хиагт хотыг Хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн 1921 оны 3-р сарын 18-ны түүхэн тулааны өдрийг Цэргийн баяр болгон тэмдэглэсээр эдүүгээ 91 жилтэйгээ золгож байна.

Тийм ээ. Энэ өдөр бол эх оронч хөвгүүд, охидын маань газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 онд Халхын гол, Хамар даваа, Хайлааст манхан, 1945 онд Жэхэ, Жанчхүү, Байтаг богдод амь биеэ үл хайрлан тулалдаж явсанг дурсан санах нэгэн мөч, басхүү энэ сайхан оронд хүү нь охин нь болон төрсөн хэн боловч эх орноо хамгаалах, бахархан хайрлах баярын өдөр.

Цэл залуухан насандаа дайны талбарт тэсрэх бөмбөг, зүсрэх сумны эсрэг харц үл дальдран тулалдаж явсан ахмад дайчдын маань тоо өнөөдөр цагийн аяс, хорвоогийн жамаар цөөрсөөр л. Манай сонин уламжлал ёсоороо түүхэн үнэнийн гэрч болсон ахмад дайчдын нэгэн болох эдүүгээ 88 насны сүүдэр зооглож байгаа А.Цэнджав гуайтай ийнхүү хөөрөлдсөн юм.

-Халхын голын Чөлөөлөх дайнд оролцож байсан үеэсээ та дурсахгүй юу?

Анх би 1944 оны 7-р cap гарч байхад Архангай аймгийн Бугат сум буюу одоогийн Ихтамир сумаас цэрэгт татагдаж байсан. Эхлээд Туул голд 45 хоногийн цэргийн бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийж дуусаад 9-р сарын сүүлээр юм уу даа цас ороод эвгүй байсан. 01,02 гэсэн тоо цэргүүдэд өгч Халхын голын хошууч П.Сувдан даргатай 24-р отряд руу явуулсан. Тооны дугаарын учир утгыг ойлгохгүй байсан сүүлд нь бодохнээ хувиарлалт байсан юм байна лээ.

Ямар нэг газар руу явахсан гэхээс байж ядаж байсан тийм л залуу, дэврүүн байсан. Хувиарлагдах тухай яригдаад нилээд хэд хоносон. Байж байж нэг хэдэн машин ирж, багагүй цэрэг суулгасан. Цэргүүд ч бөөн баяр шуугилдаад л. Машин давхисаар Хэнтий аймагт хүрч очсон. Сууж явсан машин эвдэрсэн учраас тэнд улаан тоосгоор барьсан дээвэргүй нэг хуучин барилгад 3 хоног суулаа.

Өлсөж цангасан цэргүүд хашааны завсраар гүйлдэж байгаа жаалууд, хүмүүсийг дуудаж еэвэн захина. Дээл өмссөн бор жалууд том том еэвэнг дор нь л аваад ирнэ. Тэгж тэгж Баянтүмэн очсоны дараа тэндээсээ 24-р отряд руу хувиарлагдаж очсон. Анх очиход монгол гэхээсээ орос, хятад хүмүүсээр дүүрсэн байсан даа.

Дараа нь 24-р отрядаас Халхын голын 3-р сумангийн 5-р заставт хуваарилагдаж байлаа. Заставын дарга нь Очирбат гэж туранхай, өндөр цагаан царайтай хүн байсан. Харин орлогч дарга Хаянхярваа, сумангийн дарга нь манай аймгийн Тариат сумын гаралтай Базарраднаа гэж нэг сайхан том дарга байсан. Очсон жилээ байлдааны дасгал, сургууль хийж өнжсөн.

Харин дараа нь 1945 оны 8-р сарын 10-нд Хянганы нуруу руу Чөлөөлөх дайнд бусад сумангуудтай хамт дайчлагдан явж байлаа. Тухайн үед би 81 сум ордог хөнгөн пулемот, тав таван сум ордог оросын бөгтөр хараат буугаар тулалдаж байсан. Тулалдааны үед даргынхаа үгийг л дагана шүү дээ. Бууд гэвэл буудна, хоригло гэвэл хориглоно. Тухайн үед чинь 21 настай залуухан, хүчтэй байсан.

Ингээд чөлөөлөх дайн 1945 онд дуусч, 1946 оныг Халхын голд цэргийн албаа үргэлжлүүлэн хашсан даа. Тэгж байтал 1947 оны зуны нэг өдөр командлагч буугаа аваад, тэр үед Халх голд оросуудын онгоц буудаг талбай руу очихыг үүрэгддэг юм байна. Удалгүй байшин шиг хоёр цагаан онгоц гaзapдaж багширсан олон цэрэг суугаад ниссэн.

Асуухнээ. Баруун тийшээ явж байгаа гэж хэлсэн. Онгоцны цонхоор хот, тосгон жирэлзээд л өнгөрч байна. Оройхон Баян-өлгий аймгийн Байтаг богд гэдэг газар хүрч очсон. Нэг мэдсэн монгол орны зүүн хязгаараас баруун хязгаарт ирчихсэн байсан даа.

Тэгэхэд Баян-Өлгийд хасагууд, хятадын зэвсэглэсэн цэргүүд нутгийн айлын мал идээг хурааж, охидыг нь дүүрээд аваад явчихдаг, дарлаж байсан үе. Их олон цэрэг очсон. Тэр даруйд нь тэндхийн даваа гүвээ, хад асга, ой мод бүгдийг нь нэгжиж, тэнд бүгж байсан дээрэмчдийг хуу гаргаж цэвэрлэж байсан. Баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцож явсан дайчдад төр засгийн медаль өгсөн дөө.

Ингээд үндсэндээ 1944 онд цэргийн алба хаахаар яваад зүүн хязгаарт чөлөөлөх дайнд, баруун хязгаарт зэвсэгт тулгаралтад очиж явсаар байгаад л цэргийн алба өнгөрөөсөн хүн дээ.

Манай отрядад Архангайн олон л цэрэг байсан. Гэвч тэр олон цэргээс алийг гэж оногохов. Харин Баян-Өлгийд тулалдаж байхдаа бага дарга Түвдэндаржаа гэж төрлийнхээ хүнтэйгээ таарсан л даа. Нэг их удалгүй хүчтэй тулалдаанд манай хүн шархдаж, нутаг буцсан. Тэр үед одоогийнх шиг утас шөрмөс байсангүй. Хаана алба хашиж байгааг гэрийхэндээ дуулгах боломжгүй байсан үе.

Захиагаар ч харилцдаггүй байсан. Одоо төрлийн маань гэргий Цэрэнбүтээ гэж хөгшин аймгийн төвд амьдардаг. Өөрөө нас барсан даа хөөрхий. Дэлхийн дайн дэгдсэнээс хойш гурван жил болж байхад би цэрэгт татагдсан. Тэр үед бид чинь орос ах нартаа бэлэг их өгдөг байлаа. Вагон, вагоноор л орос цэргүүдийн хэрэглэх үстэй дээл, бээлий, агт морь явуулдаг байсан. Цэрэгт явах жилээ манайх 12 морь орос цэргүүдэд өгсөн юм.

Цэрэгт байх сайхан л байсан. Гагцхүү дайн байлдаанд явна гэдэг л хэцүү. Элс манхан, бороо ус, шавар шавхай аль зовлонгоо эдлэхийг тэр гэхэв. Тэр бүхнийг туулаад л ирсэн. Залуу насны ааг байж дээ гэж одоо боддог.

Тухайн үед япончууд Өвөр монголыг Жэнхэ хотыг эзлэчихсэн байсан. Ерөөсөө л Халхын голын хилийн баганын наана цаана л дайснуудтайгаа зэрэгцээ байдаг байсан. 1945 онд орос, монгол цэргүүд Жэхэ хотыг чөлөөлсөн. Иймээс 1945 онд болсон тулалдааныг "Чөлөөлөх дайн" гэж нэрлэсэн гэж боддог. Дайн дууссаны дараа хятадууд, өвөрмонголчуудтай их таардаг байсан. Бидэнд их сайн. Чөлөөлөгдлөө л гэж их баярладаг байлаа.

Ер нь дайнд том дарга ч бай, бага ч дарга ч бай удирдаж байгаа цэргээ сайн командлавал хохирол бага гардаг юм байна лээ. Ялангуяа япон цэргүүд ойрын зайнаас сайн, холын зайнаас их тааруу бууддаг байсан нь л даа. Морин тулаанд 3 удаа орж байлаа. Сэлмээ бариад бараг л нүдээ аниад л зүтгэчихнэ. Оройхондоо гэхэд баахан үхсэн цэрэг морь л үлддэг байсан.

Харин нэг удаа тулалдаж яваад хэзээ яасныг мэдэхгүй баруун шанаанаас халуу оргиод цус асгаад эхэлсэн. Хөнгөн пулемотын туслах наводчик байсан орос цэрэг, монгол командлагч хоёр боож өгчихөөд "одоо тулалд" гэсэн. Хөнгөн шархадсан байсан л даа. Халх голд Гүржав гэдэг тануулчтай хэд хэдэн удаа тагнуулд явж байсан.

Элдвийн юм л тохиолдож байлаа. За тэгээд дайн, байлдаан гэдэг хамгийн эрсдэлтэй, хэцүү л байдаг юм.

Г.Жавзандулам
Эх сурвалж: "Архангайн маьдрал"