sonin.mn
МЕХИКО. /RIA Novosti/.  Их Британийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан коронавирусний вакцины туршилтад сайн дураар оролцсон Бразилын нэг иргэн нас барсан талаар тус улсын үндэсний эрүүл мэндийн хяналт тандалтын “Anvisa” агентлаг  мэдээлэв.
Тус байгууллагын мэдэгдлийг “G1” цахим хуудсанд нийтэлсэн байна. "Ёс зүй, нууцлалын үүднээс" мэдэгдэлд нас барсан шалтгааныг нууцалжээ. Түүнчлэн туршилтад сайн дураар оролцогчид плацебо эсвэл өндөр идэвхтэй эм өгсөн эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
"G1" цахим хуудаст мэдээлснээр, “AstraZeneca” компани туршилтад оролцогч нас барсан талаар одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Вакцины туршилтын аюулгүй байдлын олон улсын үнэлгээний хороо энэ явдлын мөрдөн шалгалтын талаарх зарим мэдээллийг өгсөн бөгөөд цаашид туршилтыг үргэлжлүүлэхийг санал болгосон гэж “Anvisa” агентлаг мэдээлжээ.
“COVID-19”-ийн халдвар нь хүндэрсний улмаас нас барсан оролцогчид плацебо өгсөн гэж Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "олон улсын судалгаатай холбоотой эх сурвалжууд" -аас иш татан мэдээлсэн байна 
Харин Оксфордын их сургууль нөхцөл байдлын талаар тайлбар хийжээ. Тус их сургуулийн төлөөлөгч вакцин аюулгүй, туршилтыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. “Бразилд энэ асуудлыг сайтар судалж үзсэний дараа эмнэлзүйн туршилтуудын аюулгүй байдалтай холбоотой санаа зовох зүйл байгаагүй. "Бразилын зохицуулагчийн дүгнэлтээс гадна, хараат бус шалгалтаар туршилтыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн” гэж мэдэгдэлд дурджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг