sonin.mn
Хугацаат цэргийн албыг нэр төртэйгөөр хаана гэдэг эр хүний амьдралд хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Цэргийн "казарм"-д ижилссэн шижигнэсэн олон залуус үйлдэл бүрээ яг л нэг хүн шиг жигдрүүлж, шантарч гуниглах, баярлаж бахдах үе болгоноо хамтдаа өнгөрүүлдэг нь тэднийг жинхэнэ эх орны хөвгүүд болгон сургадаг биз. Бүтэн жилийн хугацаанд бие биеэсээ нэг ч алхам холдоогүй "онжав"-ууд амьдралын турш салж хагацашгүй үүрдийн найзууд болдог жамтай. Аминаас үнэтэй эх орон минь гэж сэтгэл дотроо хашхирч байдаг тэдгээр жавхаалаг залуусыг харах юутай бахархмаар билээ.
 
 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус халагдаж гэрийн зүг мордох сэтгэл хөдөлгөсөн цаг ирэх нь тэр. Энэ үеэр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабынхан өөрийн дүүргээс татагдсан цэргүүдээ халагдах үед нь гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үйл хэрэгт гар бие оролцсонд нь халуун баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн юм. Танхим дүүрэн хөл хөдөлгөөн, хөөр баясал цалгихын сацуу хүүгээ олж харсан ээжийн баярын нулимс, ачаа бахархалтай нь аргагүй харах өвөө, ахыгаа үгүйлсэн наалинхай жаахан охин, нялх үрээ энгэртээ тэврээд бишүүрхэнгүй харах эхнэрүүд гээд л тэрхэн богино цаг хугацаа дөнгөж халагдсан цэрэг хүний сэтгэлийг хэчнээн их уяраасан бол. Чухам тэрхүү цаг мөчтэй зэрэгцэн тус Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа цэргүүддээ хандаж цаашдынх нь амьдралд сайн сайхныг хүсэв. Тэрээр “Өнөөдөр бид цэргээс халагдаж буй дайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Энэ жил халагдаад ирж буй хугацаат цэргийн алба хаагчдын зарим нь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан мэргэжил эзэмшиж, сурсан, мэдсэнээрээ улс орны томоохон бүтээн байгуулалтад оролцож, дансандаа тодорхой хадгаламжтайгаар халагдаж байна. Энэ бол хугацаат цэргийн албаныханд бий болсон асар том боломж. Алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшчихсэн цэргүүд халагдаад ирэхдээ бэлэн ажлын байртай байна гэдэг улс орны хөгжилд томоохон хувь нэмэр болох учиртай. Дээрээс нь, эх орноо батлан хамгаалах гэдэг бол монгол эр хүний хүлээх ёстой үүрэг юм. Үүнийгээ ухамсарлаж байж хойч үед маань эх оронч үзэл бий болно шүү дээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас үүдэн 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болоогүй. Харин дараагийн долоо хоногоос эхлэн цэргүүдээ татах гэж байна. Залуусыгаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна” гэв. Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагууд хүрэлцэн ирсэн нь халагдсан цэргүүдэд ажлын байр санал болгох, тодорхой сургалт дамжаануудад үнэ төлбөргүйгээр хамруулах зорилготой байлаа. Мөн тус дүүргийн Цагдаагийн мэргэжилтнүүд ирж ажилласан нь хууль, хүчний байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг ажилд урих давхар зорилготой аж. Энэ талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн, цаглаагийн дэслэгч Ч.Одхүү “Хугацаат цэргийн албаа хаагаад ирсэн залуусын хамгийн том давуу тал бол төрийн албанд ажиллах боломж нь бүрдсэн байдаг. Бие бялдрын хувьд ч гэсэн өв тэгш хөгжилтэй болсон байдаг учир Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд ахлагчийн орон тоон дээр ажилд авах сонирхолтой байдаг. Халагдсан цэргүүд ч гэсэн энэ салбарт хүч үзэхийг хүсдэг нь судалгаанаас харагддаг” гэж онцлов.
 
 
Цэрэг халагдах мөчид олон сарын турш бараг л нэгэн биеийн хоёр тал болсон гэж хэлж болохоор найз, нөхөд бие биеэсээ сэтгэл холдож чаддаггүй талтай. Үүний адил нэг ангиас халагдсан цэргүүд хоорондоо ижилдэн дассан нь танхимд цугласан залуусын хандлагаас харагдана. Цэргүүд дахиж уулзалдахын ерөөл тавьж, насан туршийн андууд болсон тэд сэтгэлийн үгсээ ярилцах нь сонсогдож байв. Энэ үеэр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хаасан, ахлах байлдагч Ө.Цэндбаяр “Би анх хугацаат цэргийн албыг тэс өөрөөр төсөөлдөг байсан. Ах нарын хэлснээр хэн нэгэнд зодуулдаг, дэглүүлдгээс болоод шантардаг гэсэн ойлголт надад байсан. Харин өөрийн биеэр энэ албыг хаасан хүний хувьд хэлэхэд өнгөрсөн жил хамгийн өгөөжтэй цаг хугацаа байлаа. Би өмнө нь нэлээн томоогүй, сахилгагүй хүүхэд байсан. Харин энэ албанд орсон даруйдаа л хүндлэл гэж юу болох талаар ойлгосон доо. Дээрээс нь, би өмнө нь хөдөлгөөний дутагдалд орсноосоо болоод өвчлөмтгий болсон байснаа 45 хоногийн карантинд байх хугацаандаа ойлгосон. Дасгал, хөдөлгөөн, эрүүл хооллолт гэдэг маш чухал юм байна гэдгийг энэ албаар дамжуулан мэдсэндээ баяртай байна. Цэргийн ангид өнгөрөөсөн сүүлийн хэд хоног маш их догдлол дунд өнгөрлөө. Гэр бүлийнхэн, ойр дотнынхонтойгоо уулзана гэхээс нойр ч хүрсэнгүй. Нэр төртэй албаа хаагаад ирсэндээ маш их баяртай байна. Цаашдаа ч төрийн албанд зүтгэх бодолтой явна даа” гэв. 20 нас дөнгөж хүрсэн сэргэлэн цовоо нь аргагүй ярилцах тэр залуугийн хувьд эр цэргийн албаа амжилттай хаасан явдал нь түүний амьдралд тохиосон хамгийн дурсамжтай цаг хугацаа болсон нь нүднээс нь илт мэдрэгдэнэ. Түүний хажууд баярын нулимстай харцаар зээ хүүгээ харан суух Ө.Цэндбаярын эмээ Д.Лхагвасүрэн харагдана. Тэрээр “Цэндбаяр хүү маань бүтэн жилийн хугацаанд цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн явдалд эмээгийнх нь хувьд маш их баяртай байна. Өнөөдөр миний хүүг жинхэнэ дайчин эр болгож өгсөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Цэргийн эрдэмд шамдан суралцаад, хатуужил, амьдралын ухааныг ойлгоод ирсэн нь мэдрэгдэж байна” гэсэн юм. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас нэлээн олон цэргүүд халагдан ирсэн байв. Тэдний нэг байлдагч Б.Эрдэнэбаатар "Цэргийн алба бол жижиг ч бай, том ч бай бүхий л зүйлд хамтын оролцоотой байхыг шаарддаг. Үүгээрээ ч хүн бүр аливаа зүйлд тэгш оролцох ёстой юм гэдгийг заадаг. Энэ нь хамт олонч байдлыг цэргүүдэд сургах зорилготой. Анх цэрэгт очиход биднийг угтаж авч байсан даргыг хараад "Энэ ах дээр л "хүн" болох юм байна даа. Энэ цагаас хойш ээжийн энхрий хүү биш, эх орны эрэлхэг хүү болох нь дээ" гэж бодож билээ. Сэтгэгдэл өндөр байна. Манай анги Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг. Энэ ангид алба хааснаараа бахархаж байна" хэмээн ярив. Харин түүний найз тус ангиас мөн л байлдагч цолтойгоор халагдсан Х.Бавуудорж хэлэхдээ “Анх цэргийн албыг "Тусгай салаа" киногоор төсөөлдөг байлаа. Тэр киног үзээд цэргийн албыг хаая гэж бодсон. Дараа нь, өөрийн биеэр цэргийн амьдралд ороход өглөө эрт 06.00 цагт босохоос эхлээд шантрах зүйлс их гарч байсан. Би яг хаана, ямар газар ирчихсэн юм бэ гээд нэг хэсэг "шок"-д орсон гэх үү дээ. Тэгэхдээ дараахан нь тэрхүү бодол маань ор мөргүй алга болсон. Учир нь, энэ алба бол жинхэнэ хатуужил, хүмүүжил гэж юу болохыг зааж сургадгаараа давуу талтай юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Олон аавын хүүхдүүд энэ давааг яг л нэг хүн шиг л даваад гардаг юм байна. Өнгөрсөн хугацаа мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Цаашид цэргийн хүн болох хүсэл төрсөн. Сургуульд нь сураад офицерын албанд зүтгэх бодолтой яваа” хэмээн ярьсан юм.
 
 
Цэргийн алба гэдэг цаанаасаа дэгжин. Цэрэг хүний алхаа гишгээ, хараа гарган гараа хаялж, нэгэн жигд алхах нь омогшмоор сайхан. Яг л түүн шигээ амь, сэтгэл нэг болж хүмүүжсэн байх жишээтэй. Эх орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амгалан тайвны төлөө энхийн манаанд зогсож буй эх орны хөвгүүд энэ л албаараа үргэлж бахархаж явдаг билээ.
 
Дэд ахлагч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин