“Цэрэг” гэхээр танд хамгийн түрүүнд ямар дүр зураг бууж байна вэ? Арай албархуу хэлбэл хугацаат цэргийн алба хаагч. Тэгвэл хугацаат цэргийн алба хаагч гэж хэн бэ? 18-26 насны цэргийн алба хааж буй залуусыг хэлнэ. Гэхдээ дийлэнх нь буюу 90 хувь нь 18, 19 настай “хүүхдүүд”. Хүүхдүүд гэдэг үгийг хашилтад хийж байгаа минь ч учиртай. Уг нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн. Хэдий тийм боловч энэ нас аав, ээжийнхээ өврөөс гараагүй шахам хэн хаашаа яаж зална амархан шиг дагахаар гэнэн томоогүй үе. Сэтгэл зүйн хувьд ч хамгийн тогтворгүй байдаг бөгөөд цаашдын амьдралын зураг төөрөг нь энэ цаг үед л зурагддаг гэлтэй. Өөрөөр хэлбэл, ямар орчинд ямар хүмүүжил төлөвшилтэй болж, болгож, оюун ухаан, бие бялдрын хувьд ямар өөрчлөлт орох, оруулах вэ гэдэг нь хамгийн чухал. Аав, ээжээсээ холдож үзээгүй тэд танихгүй хүмүүсийн дунд, огт мэдэхгүй орчинд, ягштал баримтлах дүрэм, журмын хүрээнд бие дааж үүрэг хариуцлага хүлээж “амьдарна” гэдэг амаргүй. “Миний хүү цэрэгт яваад их сайхан төлөвшиж, хүний үг даадаг болж, их зүйлийг сурсан байна. Бие нь “тэгшрээд” сайхан эр болжээ” гэж эцэг, эх бүр магтдаг. Харин ийм хэмжээнд хүргэх гэж, ийм болгох гэж хэдэн хүний хөдөлмөр, зүтгэл ордог гэдгийг тэр бүр мэддэггүй. Би 15 настай ганц хүүтэй. Ганц хүүхэд өсгөх гэж ёстой нөгөө “нусаа хацартаа наана” гэдэг л болох нь холгүй. Хүүгээ өсгөж хүмүүжүүлэх гэж ямархан аз жаргал, зовлон бэрхшээл туулдгийг аав, ээж, айл өрх бүр сайн мэднэ. Өвдөнө, бэртэнэ, үгэнд орохгүй үймүүлнэ, зөрнө. Тиймээс бид буруу зам руу хазайчих вий гэж санаа зовно. Хөвгүүд л болсон хойно дэггүй, хоорондоо зодолдоно, хичээлээ тасална, хэрэг төвөг тарина. За энэ бүх асуудлыг эцэг, эхчүүд зохицуулах гэж үйлээ үзнэ. Учирлаж гуйна, уурлана, аргадна. За тэгээд тэсвэр алдвал алганы амт үзүүлнэ. Бөөн юм болдог шүү дээ. Яг ийм эмзэг насны хөвгүүдийг хариуцаж ажиллана гэдэг ямар байх бол ... Та төсөөлөөд үзээрэй. Зан араншин, хүмүүжил, амьдралын түвшин, бие бялдар гээд бүх зүйл нь өөр залуус нэг дор өдөр шөнөгүй хамт байгаад ирэхээр юм юм гарах нь мэдээж. Энэ бүхнийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй юм шиг. Адаглаад өглөө хүүхдээ сэрээж, хичээл сургуульд нь явуулах гэж бид яадаг билээ. Харин цэргийн алба хаасан хүү тань өглөө эртээ сэрүүлэг тавьсан юм шиг босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж байгааг харах танд сайхан санагдах нь гарцаагүй. Энэ бүхнийг цэргийн алба “өгдөг”. Ээж, аавынхаа үгнээс зөрж, үг хэлэхээр өрвөлзөж шарвалздаг үр чинь өөрийн гэсэн бодолтой, хэрийн хатуу үгийг өнгөрөөчих тэвчээртэй, ухаантай болсон нь илтээ мэдрэгдэнэ. Үүнийг бас л цэргийн алба “өгдөг”. Хүчтэйхэн салхи үлээхэд л хоолой ам нь өвдчих гээд байдаг хөвгүүн хүйтэнд ч ажрахгүй өлчир болсныг та хараад гайхна даа. Энийг бас л цэргийн алба “бий болгодог”. За дээр нь цаадуул чинь зэр зэвсэг, техникийн талаар олон зүйл сурч мэдлэг, боловсрол нь нэмэгдсэн байна. Үүнийг бас л цэргийн албанаас л “олж авна”. Амьдралын хамгийн үнэтэй зүйлсийн нэг нөхөрлөл энд л “бий болно”. Хүүтэй чинь ижил ханхар сайхан эрчүүд зовлон, жаргал тохиолдоход найз нь гээд хүрээд ирэхийг харах танд бахархмаар сайхан санагдах нь мэдээж. Нэгнээ гэх сэтгэл, найз нөхдийн үнэ цэнийг цэргийн алба л илүү “өгдөг”. Нийгэмд хөлөө олж, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах чадварыг хамт олон, дарга нараасаа олж авна. Хэрийн газар хөл алдахгүй амьдарна гэсэн үг. Бас болоогүй ээ, нялцгай биетэн шиг байсан “амьтан” тэврээд үнсэх төдийд л төмөр шиг биетэй болсон нь мэдрэгдэнэ. Сайхан биш гэж үү. Хувцсаа цэвэрхэн, цэмбийтэл өмсөхийг нь хараад баярлана даа, ялангуяа ээжүүд, Хаа хамаагүй хаяж, энд тэндгүй хөглөрдөг хувцас нь эвхээснийх нь хэмжээ хүртэл адилхан эмх цэгцтэй байдаг болсныг нь харах хэлэлтгүй гоё.
Жаахан юм даа гэж эвийлж суугаа үр чинь жагсаал дотор дүүхэлзэж зогсохыг хараад хоолой нь зангирч, ховор унагадаг нулимсаа гаргана даа аавууд. Өөр газар харахгүй ээ, үүнийг өнөөх л цэргийн алба л бас мэдрүүлнэ.
 
Өө тэгээд ихээ зүйлийг сурсан байна. Өөдөсхөн гэж хэтрүүлж боддог ээжүүдийнхээ сэтгэлийг сарниаж өнөө хэд чинь танк, “БМП”-тэй “найзалж”, тасаг, тоот болж том том буугаар тэнгэр газрыг нүргэлүүлэн буудаж онч мэргэн гэж магтуулан “Онц буудагч” тэмдэг энгэртээ зүүнэ. Бас болоогүй ээ, бүтээн байгуулалтад оролцож барилга байгууламж сүндэрлүүлэн, ургац хурааж, улс эх орондоо ихийг хийж бүтээнэ. Алс хэтийнхээ амьдралаа аль хэдийнээ төлөвлөж хүссэн мэргэжлээ ч олоод авчихсан байх вий. Цаадуул чинь бас айхтар чамбайран цалин мөнгөө дансандаа хураагаад халагдаад очихдоо хармаандаа чамлахааргүй хэдэн “цаастай” очих байх. Мөнгөний үнэ цэнийг мундаг сайн ойлгоод хөдөлмөрийн амт шимтийг хүртэж ухаарсан байх болно. Дуу цөөнтэй, даруухан болсон ч байж магадгүй. Дотроо бодолтой, дороо суурьтай эр хүн болсныг нь илтгэж байгаа төрх юм шүү.
 
Хамгийн чухал нь хариуцлага хүлээх чадвар нь харьцангуй нэмэгдсэн байна. Угтаа бол бие хүн болж төлөвшжээ гэсэн үг. Нэн чухал нь эх орноо элгэндээ багтааж, хайрлаж, харамлах сэтгэл хамгийн ихээр төрнө. Энэ үнэт чанар цэргийн алба хаасан хүнд л илүү суудаг. Эх орноо гэж цохилж байгаа зүрх ээж, аав, элгэн саднаа гэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, сайн иргэн, сайн хүү, сайн дүү, сайн найз, сайн аав, сайн хань болж чадна гэсэн үг. Сайхан тал зөндөө байгаа биз. Та бидний 18 жилийн турш өгч, суулгаж чадаагүй сайн сайхан шинж чанарыг цэргийн алба л ганцхан жилийн хугацаанд өгчихнө өө гэсэн үг.
Гэхдээ бүгдийг цагаанаар харах нь учир дутагдалтай. Цэргийн алба гэдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Хутга ч ховорхон барьдаг хүү чинь хүйтэн зэвсэгтэй “нөхөрлөнө”. Халуунд халж, хүйтэнд хөрж, хатуу үг сонсож хэрдээ л бэрхшээл туулна. Аав, ээжээ санана, дасах гэж амаргүй л байх болно. Хааяа нөхөдтэйгөө гар зөрүүлнэ. Хэрэг тарьж хамтаараа шийтгүүлнэ. Харуул манаанд гарна, хөдөө хээр сургалт дадлага гээд бишгүй зүйл үзэж туулна. Хэцүү санагдах үе олон л гарах байх. Энэ үед "Миний хүү чадна, хүний хүүхдүүдтэй эвтэй найртай байж, хичээж суралцан албаа сайн хаагаад ирээрэй” гэсэн халуун дулаан үг, хүүдээ захисан захиасыг тань хөвгүүд чинь санаж зоригжино шүү дээ. Аяных нь дөрөөнд сүүгээ өргөн үдсэн ээждээ, алс ирээдүйд нь сайныг бэлгэдэн ерөөсөн аавдаа хөвгүүд мөдхөн эргээд ирнэ ээ.
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин